Б.Бямбажаргал: Шинжлэх ухаанч хандлага хамгийн чухал

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

  Баянзүрх дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч Б.Бямбажаргалтай ярилцлаа. 


-Таныг 2016 оноос хойш Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна гэдгийг олж мэдлээ. Дүүргийн аж амьдрал хэр байна вэ. Тулгамдаж байгаа асуудал хэр байна вэ?

-Баянзүрх дүүрэг бол 362 мянган хүн амтай, нийслэлийн нийт хүн амын 24 хувь нь амьдардаг томоохон дүүрэг. Хүн амаа дагаад тулгамдаж байгаа асуудал олон. Жишээ нь, гэр хорооллын айлууд хогны машин байхгүйгээс хогоо ачиж чаддаггүй,  шигүү суурьшилтай холбоотойгоор дан ганц Баянзүрх дүүрэгт биш нийслэл хотын хэмжээнд түгжрэлийн асуудал үнэхээр бухимдал үүсгэж байна. Түүнчлэн байшин хороололд төлөвлөлт буруу хийгдсэнээс шалтгаалаад нийтийн эзэмшлийн талбай хомс. Мөн сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудал байна. Мэдээж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын төсвөөр тодорхой тооны сургууль цэцэрлэг барьсан л даа. Тухайлбал, манай хороонд 920 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг баригдсан.Гэхдээ хангалтгүй.  

-Бусад дүүргийнхэн, ер нь нийслэл хотынхон ч мэдэж байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн хогны асуудал яагаад шийдэгддэггүй юм бэ. Үүнд ямар шийдэл байна вэ?

-Бид хогоо огт боловсруулалгүй Улаан чулуут, Цагаан давааны хогийн цэгт шууд асгадаг. Дэлхийн бусад улс оронд хогоо дахин боловсруулж, эдийн засгаа дэмжиж, байгаль орчноо хамгаалж чаддаг. Тэгэхээр бид хогоо дахин боловсруулах, ангилан ялгах үйлдвэр байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан.

-Таны дурдсан эдгээр асуудал гэнэт ургаад гараад ирээгүй. Өмнө нь ч гэсэн байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чадах чинээгээрээ л шийдсэн байх шүү?

-Ер нь нийслэлийн нийт төсөв 1.2 их наяд төгрөг байдаг. Үүнээс 300 орчим тэрбум төгрөг нь бүтээн байгуулалтанд зарцуулагддаг. Үлдсэн 900 орчим тэрбум төгрөг урсгал зардалд буюу иргэдэд зориулсан үйлчилгээ, ажилчдын цалин хөлс, автобус зэрэгт зарцуулагддаг. Үлдсэн 300 тэрбум төгрөгөөр нийслэлийн 9 дүүрэгт бүтээн байгуулалт хийж хүрэлцдэггүй гэх асуудал бий.

Ер нь манайхан аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, судалгаан дээр үндэслэсэн шийдлийг олж чаддагүй юм шиг санагддаг. Жишээ нь, түгжрэлийг багасгахын тулд эхлээд шалтгааныг нь олох хэрэгтэй. Сургуулиуд автобустай байна уу. Дүүргийн зам ямархуу байна. Тухайлбал, дөрвөн замын уулзвар байлаа гэхэд нэг талын урсгалын хүлээх минут хэд байна гэх зэргийг судлан минут, секундээр нь зөрүүлэх ч гэдэг юм уу математик загварчлалаар компьютер дээр симуляци буюу загвар зохиох боложмтой. Аливааг шинжлэх ухаанд суурилан, судалгаатай, ул суурьтай хандвал ямар ч асуудлыг шийдвэрлэж чадна гэж хардаг.

-Үнэхээр сонирхолтой юм. Залуу хүний цаашдын зорилго, төлөвлөгөө гэж арвин их зүйл байдаг байх?

-IT буюу мэдээлэл технологийн мэргэжилтэн бол аливаа зүйлийг зүй тогтол, дэс дарааллаар нь нарийн судлаад ямар алхам хийж байж эцсийн шийдэлд хүрэх вэ? Бодит ямар үр дүнд хүрэх вэ гэдэг арга замыг олж хардаг. Би угаас анхнаасаа мөн цаашдаа ч мэргэжлийнхээ онцлогийн дагуу шинжлэх ухааны судалгаанд суурилсан гарцуудыг нээж ажиллана. Жишээ нь иргэндээ хүндрэлгүй, чирэгдэлгүй дүүрэг болохын тулд төрийн үйлчилгээ авахад бичиг баримт шаарддаггүй байх, цахим гарын үсэгтэй болох гэх мэт гарцууд байна. Цаашдаа иргэдийнхээ цаг завыг хэмнэх үүднээс боломжтой үйлчилгээнүүдийг цахимжуулж, Смарт хот болгохсон гэсэн бодол тээж байна.

-Улс төр, нийгмийг удирдахад хуульч эсвэл нийгмийн шинжлэх ухааны мэргэжилтэй байх хэрэгтэй гэсэн олонхийн хандлага байдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Заавал энэ салбарын хүн удирдах ёстой, заавал ийм мэргэжилтэй байх ёстой гэсэн зүйл байхгүй шүү дээ.Мэдээж хэрэг, салбараа мэддэг, боловсрол өндөртэй, туршлагатай байх нь илүү давуу талтай. Гэвч хамгийн гол нь эх орноо гэсэн сэтгэл хандлагатай байх чухал. “Сэтгэл байвал шийдэл олддог” гээд сайхан үг байна л даа. Инженерийн сэтгэхүй өөр өнцгөөс харж, гаргалгааг олж чаддаг. Янз бүрийн мэргэжлийн төлөөлөл байж гэмээнэ олон талаас харж, хамтарч ажиллах хэрэгтэй гэж боддог.

-Дүүргийнхээ аливаа асуудлыг дүүрэг дотроо шийдэх боломжтой юу? Заавал нийслэлтэй холбогдох ёстой байдаг уу?

-Ер нь дүүргийн өөрийн мэдлийн төсөв гэж байгаа. Тэрхүү төсөвтөө тааруулж, холбогдох асуудлыг шийдэх боломжтой.

ЗӨВ ХҮН БАЙНА ГЭДЭГ МАШ ЭНГИЙН

-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Таны хувь хүн тал руу өнгийхийг хүсч байна. Таны бусдаас ялгарах онцлог юу вэ?

-Миний баримталдаг зарчим бол өчигдрөөс нэг алхам ахисан өнөөдрийг бүтээх. Бид дээд үеийнхнээсээ суралцах ёстой, тэдэнтэй зөвлөх ёстой, туршлагаас нь хуваалцах ёстой. Гэсэн хэдий ч өмнөх үеийнхнээсээ арай өөр буюу шинэлэг арга барилаар илүү үр дүнд хүрэх гэж хичээн ажилладаг.

-Хамтран зүтгэгчид, найз нөхөд тань таныг “Зөв хүн” гэж тодорхойлдог юм билээ. Зөв хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?

-Зөв хүн гэдэг маш энгийн зүйлээс эхэлдэг гэж би ойлгодог. Ардчиллын үнэт зарчим болох бие биенийхээ эрхийг хүндэтгэн өөрийн эрхээ эдлэх нь зөв хүн байхын суурь ойлголт. Та бусдад төвөг болохгүй амьдрах л юм бол танд зөв хандлага байна гэсэн үг. Тухайлбал, та цонхоороо хогоо хаяхгүй байх, бусдын машины дээрээс дээж өргөж байна гээд сүү, цай дусаахгүй байх, замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцох, бусдыг хүндлэхэд л энэ нь өөрөө эерэг хандлага, зөв хүний шинж. 

-Ингэхэд та ямар зан чанартай хүн бэ. “Би иймэрхүү хүн дээ” гээд өөрийгөө тодорхойлж мэднэ дээ.

-Хүн болгонд өөрийн гэсэн онцлог, давуу болон сул тал байдаг. Гэхдээ “би ийм л хүн” гэсэн бодолтой байж болохгүй. Өөрийгөө хөгжүүлж, дутагдалтай талаа засах хэрэгтэй. Хүн сурч боловсрохын хирээр зан чанар, биеэ авч явах байдал өөрчлөгддөг. Хэдэн жилийн өмнө өөрийгөө харахад хөдөөний даруухан, бүрэгдүү залуу байсан бол одоо өөрийн үзэл бодлыг бусдад зөв ойлгуулах, зөв харилцах цаашлаад манлайлах чадварт суралцсан байна. Тиймээс өнөөдөр НИТХ-д байх түвшинд хүрч чадсан гэж өөртөө итгэж байгаа учраас энэхүү албанд зориглож байна даа.

Мөн эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэдэг болсон. Найзуудтайгаа нийлж Сонгинохайрхан дүүргийн амьдралын баталгаажих доод хүүхдүүдэд зориулж сүүлийн дөрвөн жил өөрийнхөө хэмжээнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Энэ жил Цагаан давааны хогийн цэг дээрх хүмүүст очиж хүнсний тусламж үзүүлсэн. Би энэ хүмүүсийн төлөө юу хийж өгч чадах вэ гэсэн бодолд дарагдаж явдаг. Шууд хэлэхэд би өрөвч хүн.

-Олныг төлөөлнө гэдэг өөрөө амаргүй ажил. Шантрах үе хэнд ч тохиолдоно. Тэр үеийг хэрхэн давдаг вэ?

-Билл Гетсийн “Маргааш үхэх юм шиг амьдар” гэж хэлсэн үгээр өөрийгөө хурцалдаг. Цаг хугацаатай уралдаж, өөрийн хийх ёстой зүйлээ хий гэдэг зарчимтай гэх үү дээ. Сүүлийн үед амжилтад хүрсэн хүмүүсийн намтар, түүхийг уншиж байна. Замналыг нь судалж байна. Ингээд л уншиж суухдаа тэдний туулсан бэрхшээлийг өөрийн саад тотгортой харьцуулж бодоход маш өчүүхэн санагдаж, үүгээрээ хурцлагддаг даа.  

-Олон нийтийг төлөөлж, удирдаж байгаа хүнд ямар шалгуурууд байх ёстой гэж та боддог вэ?

-Мэдээж эхлээд өөрөө өөрийгөө таньж мэдэх, мэдлэг боловсрол, ёс зүйн хувьд  боловсрох хэрэгтэй гэж боддог. Олон нийтийг хариуцаж ажиллана гэдэг тэдний сайн сайхны төлөө өөрийн хөдөлмөр, зүтгэлийг зориулж байгаа хэрэг. Тийм хэмжээний сэтгэл, зорилго байна уу? гэж өөрөөсөө асуух хэрэгтэй байх.

Би амьдралынхаа 10 гаруй жилийг сурч боловсроход зориулсан. Сурах тусам өөрийн эзэмшсэн мэргэжил болоод зөвхөн одоо хийж байгаа ажилдаа, гэр бүлдээ зориулах уу. гэж өөрөөсөө асуусан л даа. Ингэхэл Монгол улсын маань нийгэмд байгаа олон асуудлыг шийдвэрлэж чадах итгэл надад төрсөн. Тэгээд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас буюу анхан шатнаас нь эхлээд, ард түмнийхээ  бодит амьдралыг ойлгож, мэдэрч ахиж явах ёстой гэж бодсон.

-Монгол Улсад маш олон асуудал бий. Тоочоод байвал барагдахгүй ч байж мэднэ. Гэвч таны нүдээр, Монгол улсын тэргүүн эгнээнд эрэмблэгдэх  асуудлууд гэвэл?

-Нэгдүгээрт, байгалийн баялгаа үр дүнгүй, “цамаан” ашигладагт хамгийн их эмзэглэдэг. Норвеги улсад боловсрол эзэмшсэний хувьд энд дурдахад, тэд бол байгалийн баялгаа үр ашигтай зарцуулсан улсуудын нэгдүгээрт бичигддэг. Газрын тосоо ашиглаад “Баялгийн сан” бий болгосон. Манай улсын “Тамсагийн газрын тосны орд” гэж байдаг. Үүгээрээ бид газрын тосны нөөцтэй улсын тоонд багтдаг. Гэтэл бид энэ орддоо бага сага хоол хүнс нийлүүлэх төдийхнөөр эдийн засгийн маш бага ашиг хүртэж байна.

Хоёрдугаарт, Боловсролын салбар. Би багш хүний хувьд жил бүрийн боловсролын түвшний судалгаатай танилцдаг. 12 дугаар ангийг жил бүр 40 гаруй мянган хүүхэд төгсөж байна. Эндээс 30 мянга гаруй нь их дээд сургуульд элсэн орж тэдний ердөө 15 мянга нь сургуулиа төгсдөг. 7000 орчим нь мэргэжлээрээ ажиллаж, хөдөлмөрийн зах зээл дээр гардаг.Үүнд сурагчид мэргэжлээ зөв сонгож чаддаггүй, үүнд зориулсан бодлого байхгүй. Хөдөлмөрийн зах зээл дээр ирэх 10 жил Монгол улсад ямар мэргэжил эрэлттэй байх вэ гэдэг мэдээлэл байдаггүй гэх мэт асуудал их. Мөн ЭЕШ-ийн шалгалтын дүнгийн дундаж жилээс жилд буурч байгаа нь сургалтын чанарын асуудал.

ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙД МӨНГӨТЭЙ НЬ ХҮЧТЭЙ ГЭХ ОЙЛГОЛТ БИЙ

-“Бусдад таалагдаж амьдрах” гэдэг тал дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол бусдын үзэл бодолд таалагдах хандлага гаргана гэсэн үг биш мөн өөрийнхөөрөө зүтгээд байна гэсэн үг биш. Аливаа асуудалд ул суурьтай, судалгаатай хандах, мөн мэргэжлийн багтай хамтарч шийдвэр гаргах хэрэгтэй гэж боддог.

-“Мөнгө бүх зүйлийг хөдөлгөх хүч” гэж ярихыг олон хүнээс сонсож байсан л даа. Та санал нийлэх үү?

-Хүмүүсийн толгойд мөнгөтэй нь хүчтэй гэх ойлголт бий. Гэхдээ одоо бага багаар  энэ нь буруу хандлага юм гэдгийг ойлгож эхэлж байна. Хүний хүч болон үнэ цэнэ нь  гэдэг хийж бүтээсэн үйл хэрэгтээ байдаг. Миний хувьд мөнгө бол хүч гэдэг ойлголттой санал нийлэхгүй. Хийж буй ажил, зорьсон зорилго, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, хүмүүс бие биенээ байгаагаар нь хүлээж авах л чухал. 

-Таны бат зогсдог жанжин шугам юу юэ?

-Худлаа ярихгүй, сөрөгт автахгүй байх зөв хүмүүжил юм уу даа. Мөн мөнгө чухал биш эрдэм мэдлэг чухал гэдгийг ойлгуулж, эрдэм боловсролтой хүн болгохын тулд хамаг хүч хөдөлмөрөө зориулсан аав ээждээ үргэлж талархаж, бахархаж, бишрэн хүндэлж явдаг даа.  

-Тэгвэл та эр хүн талаасаа та өөрийгөө тодорхойлооч?

-Эр хүн хэн нэгэнд гомдоллож, гоншгоноод байдаггүй л байх хэрэгтэй. Ахмад настнаа хүндэлж, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлж, ноён нуруутай байх ёстой  гэж боддог. Б.Бямбажаргал ямар эр хүн бэ гэдгийг найз нөхөд маань тодорхойлох байх. Би нэг хүнтэй удаан нөхөрлөж чаддаг. Ямар нэгэн асуудал гарсан ч маргаж гомдоод эсвэл би анд нөхдөө хуурч мэхэлдэггүй.

-Өөрөөрөө хэзээ “Би чадлаа” гээд бахархаж байсан бэ?

-Анх сургалтын тэтгэлэг аваад Европ руу сурахаар явсан. Норвеги улсад очоод өндөр хөгжилтэй орнуудын мундаг, чадварлаг оюутнуудтай хөл нийлүүлэн алхаж байгаадаа баярлаж, бахархаж байсан. Тэр цагаас хойш миний үеийн залуус надаас илүү байсан учраас илүү өөрийгөө дайчлан сурсан. Одоог хүртэл ажил, амьдралаас суралцсаар л явна.

-Манай улсад гэр бүл салалтын тоо жилээс жилд нэмэгдэж байа. Орчин үеийн гэр бүл салалтыг юу гэж харж байна?

-Ер нь ямар ч гэр бүлийн хувьд эр хүн нь зөв төлөвшилтэй, хариуцлагаа ухамсарладаг, тэсвэр тэвчээртэй байх чухал л даа. Өөрийгөө боловруулж чадаагүй байж гэр бүлээсээ салж, хүүхдүүдээ хохироон золиослож байгаа нь харамсалтай. Мөн тухайн хүний үнэт зүйл юундаа байна вэ гэдэг чухал. Миний хувьд үр хүүхүүдээ элэг бүтэн байлгахын тулд бусад аавуудын л адил өөрт байгаа бүхий л зүйлээ зориулахад бэлэн.

-Та улсын ирээдүй ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Мэдээж  авто зам, барилга, дэд бүтэц гээд гадна талаасаа хөгжих чухал. Гэвч   хамгийн гол нь ард иргэд нь амар тайван, хүн хүнээрээ байх боломжийг бүрдүүлсэн, амьдралын наад захын хэрэгцээний төлөө биш илүү том зорилго мөрөөдөлтэй амьдралыг бий болгоосой гэж хүсдэг. Мэдээж иргэн бүрийн сэтгэл зүтгэл, хариуцлага чухал.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Happy Chill(66.181.161.43) 2020 оны 10 сарын 06

үнхээр сайхан ярилцлага бна. “Маргааш үхэх юм шиг амьдар”

0  |  0
Gerlee(66.181.179.65) 2020 оны 10 сарын 13

Mundag zaluu bna amjilt

2  |  0
Uyanga(112.72.9.150) 2020 оны 10 сарын 03

goy yariltslaga bna

1  |  0
Zochin(66.181.161.74) 2020 оны 10 сарын 03

Chadvarlag zaluu sanagdsan. Ene niigmiin uurchlultund gar biye oroltsoyo gej baigaa ni sain. Olon zaluus huvia hicheej dovoo sharluulaad bhaar hulgaichid ni zailahgui bna. Bolovsroltoj zaluuchuud bolnooroo turiin alband zutgeesei.

2  |  0
Хогийн Функер(66.181.161.3) 2020 оны 10 сарын 03

Үхсэн функэрийнхээ хогийг ялгаж чадаагүй байж бас их хуцаж байна. Нохой чинь.

2  |  2
Zochin(38.132.116.78) 2020 оны 10 сарын 13

Zow bodoltoi hun bna

6  |  1
Top