ЭМГЭНЭЛ

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

АКАДЕМИЧ ДУЛАМЖАВЫН БАТСҮРЭН

1950-2020

Монгол улсын Химийн Шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, Төрийн шагналт, Академич, Доктор (Sc.D), Монгол Улсад эх орны эмийн ургамлын химийн судалгаа, шинжилгээний ажлыг анхлан эхлүүлэгчдийн нэг, бид бүгдийн хамтран зүтгэгч, хайрт багш, удирдагч, хайрт эцэг, халамжит нөхөр Дуламжавын Батсүрэн нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.

Дуламжавын Батсүрэн нь 1950 онд Баянхонгор аймгийн Баян-овоо сумын нутагт малчин ард Дуламжавын 3 дахь хүү болон төрж, 1958-1968 онд Баян-Овоо сумын бага сургууль, Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн сургуулийг тус тус дүүргэж, 1973 онд МУБИС-ийн Хими-биологийн ангийг Сүхбаатарын цалинтай, онц дүнтэй төгсжээ.

Д. Батсүрэн нь эрдмийн ажлын гараагаа 1973 онд ШУА-ийн Химийн хүрээлэнгийн Ургамлын физиологийн идэвхт бодисын химийн тасгаас эхэлж, тасралтгүй 47 жил энэ салбарт ажилласан манай нэрт химич-эрдэмтэн, шилдэг сурган хүмүүжүүлэгч байсан юм. Энэ хугацаанд Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд, ахлах тэргүүлэх ажилтан, эмийн үйлдвэр компанийн захиралаар, Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч, Органик химийн салбарын эрхлэгч, химийн хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж иржээ. Тэрээр 1982 онд Узбек улсын ШУА-ийн харъяа Ургамлын бодисын химийн хүрээлэнд дэд эрдэмтэн, 1992 онд ШУА-ийн харъяа Биорганик химийн хүрээлэнд химийн Шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалж, 2001 онд Байгалийн шинэ бодисууд, тэдгээрийн молекулын бүтэц хэмээх байгалийн нэгдлийн химийн суурь судалгааны хамтын шилдэг бүтээлээрээ Монголын улсын Төрийн шагнал,  2006 онд Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн жинхэнэ гишүүн, Академич цол хүртсэн.

Академич Д.Батсүрэн нь Монгол Улсад эмийн ургамлын химийн судалгаа, ургамлын бага молекулт нэгдлийн бүтэц байгууламжийг тогтоох, эмийн ургамал, тэдгээрийн идэвхит бодисуудыг хүн, малын эрүүл мэндийг хамгаалах, эмчлэх чиглэлээр ашиглах үндэслэлийг судлах, практикт нэвтрүүлэх чиглэлээр өөрийн ухамсарт амьдралаа зориулж, эх орны ургамлаас 200 гаруй бага молекулт бодисыг ялган таньж тодорхойлсны дотор 50 гаруй шинэ бодисыг олж, тэдгээрийн молекулын бүтэц байгууламжийг тогтоосон нь дэлхийн органик химийн шинжлэх ухаанд оруулсан томоохон хувь нэмэр болсон юм.

2016 онд Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээр Шинжлэх ухааны технологийн салбарын байгаль, нийгмийн ухааны шагналыг хүртсэн. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавъяаны Улаан туг”-ын одон, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, Байгаль нийгмийн ухааны 100 саяын шагналтан цол тэмдгээр шагнагджээ.

Бүтцийн органик химич, ШУА-ийн Академич, ХАА ШУА Академич, Доктор (Sc.D.), Дэд профессор Д.Батсүрэн нь анх удаа “Монгол орны эмийн ургамлаас олдсон хоёрдогч метаболит нь илүү исэлдсэн хэлбэртэй үүсдэг нь зөвхөн алкалоидуудын хувьд төдийгүй кумарин флавоноид, лигнан, ксантон болон бусад метаболитын хувьд цоо шинэ зүй тогтолыг өөрийн докторын диссертацид анх 1992 онд хэвлүүлжээ. Үүний нэг тод илрэл нь Монгол орны ургамлаас олдсон нэгдлүүдийн 80% дээш хувь нь үлэмж исэлдсэн хэлбэрт буй явдал юм.

Академич Д.Батсүрэнгийн цуу алдар гавъяа, ажилч хичээнгүй нягт нямбай зан чанар, хөдөлмөрч, үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр нь бидний сэтгэл, зүрхэнд үүрд үлдэх болно.

  Шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top