Г.Занданшатар АМЛАЛТ өглөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  (2020.09.26) Баянхонгор аймагт ажиллалаа.

Тэрбээр Өлзийт суманд өрнөж буй “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн явцтай эхлээд танилцлаа. Цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын 1.3 км гаруй шугам хоолой татахаас гүйцэтгэл нь 80 гаруй хувьтай байна. Сумын төвийн айл өрхүүд эхнээсээ нэгдсэн шугам сүлжээнд холбогдоод эхэлж. Аравдугаар сарын 1-нд дулаанаа авах аж. Иргэд энэхүү хөгжлийн төлөвлөлтөд ихээхэн идэвхтэй оролцож байгаа юм байна. Гудамжаа цэгцэлж, тууш эгнээнд шилжүүлж, шугам хоолой татах газрыг чөлөөлж, блокоор хашаагаа барьж байгаагаас гадна газар шорооны болон цэцэрлэгжүүлэлтийн ажилд сайн дураараа тусалж байгаа гэнэ.

Одоогоор 80 өрх нэгдсэн сүлжээнд орохоор хүсэлтээ илэрхийлжээ. Зарим нь аль хэдийнэ сүлжээнд холбогдож, угаалтуур, унитаз, шүршүүр зэргээ сууцандаа суурилуулжээ.

“Иргэд сэтгэл ханамжтай, өөрсдийн гараар сайхан амьдрах нөхцөлөө хангаж, өөрийн гэсэн үнэ цэнэтэй өмчтэй болохын зэрэгцээ нийтийн аж ахуйд арвич хямгатай хандах шинэ хэв заншилд суралцаж, хариуцлагатай, бүтээлч иргэд болж өөрчлөгдөж байгаа нь хамгийн гол ололт. Сумандаа хотынхноос дутуугүй сайхан амьдрах нөхцөл бүрдэж байгаагийн жишээ нь энэ. Эднийх аймагтаа үлгэр дуурайл болж, бусад сумдаас хүмүүс ирж, туршлага судалж байна. Аймгаас, сумдаас хүмүүс Өлзийтөд шилжин ирэх хөдөлгөөн эхэлжээ” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар ярилаа.

“Өмнө нь манай суманд хашаа байшин 3-10 сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо 30-40 саяар яригдах боллоо. Энэ бол бидний үр хүүхдүүддээ өвлүүлэх хөрөнгө юм. Тиймээс иргэд маань их баяртай байгаа. Г.Занданшатар даргынхаа эхлүүлсэн энэ сайхан ажлыг бид дэмжиж, урам зориг дүүрэн байгаа” гэж тус сумын иргэн Б.Хүрэлбаатар ярьж байна.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн төвийн “Номун далай” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолд оролцлоо. Ерэн жилийн түүхтэй, ууган сургуулийн 1964 онд ашиглалтад орсон барилга хуучирч муудан, хичээл хүмүүжлийн ажил зохион байгуулах боломжгүй болоод байсан юм. УИХ-ын дарга болон тус аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан М.Билэгт, Л.Элдэв-Очир нарын хөөцөлдлөгөө, идэвхтэй оролцоотойгоор шинэ барилга барих ажил хурдацтай өрнөж, Ц.Эрдэнээ захиралтай “Хаш гоёо” ХХК ердөө 1 жилийн дотор барьж дуусгажээ.

-Шинэ байртай хамт тус сургуулийн шинэ түүх эхэлж байна. Шинэ ирээдүйг бүтээх шинэ үе энд хүмүүжиж, сурч боловсорно. Тиймээс дэлхийн түвшний мэдлэг, авьяас, чадвартай шилдэг иргэдийг бэлтгэхийн төлөө чин сэтгэлээсээ хичээн шамдахыг багш, сурган хүмүүжүүлэгчдээсээ хүсье” гэж УИХ-ын дарга хэллээ.

Тус аймгийн Политехник коллеж халаалт, агаар сэлгэлт, ариутгах татуурга, холбоо дохиоллын нэгдсэн систем бүхий авто засварын дадлагын шинэ байртай болжээ. “МСҮТ-ийг Монголын хөгжлийн нэг тулгуур гэж төр, засаг үзэж байгаа. Учир нь үйлдвэрлэл хөгжиж байж Монгол Улс хөгжинө. Үйлдвэрлэлийг гардан эрхлэх хүмүүс нь өндөр мэргэшсэн, чадварлаг, авьяаслаг техникийн мэргэжилтнүүд юм. Тиймээс МСҮТ-ийн суралцагчдын тэтгэмжийг 200.0 мянган төгрөг болгосон. Дипломыг биш, ур чадварыг шүтэх шинэ цаг ирж байгааг ойлгож, сайн мэргэжилтэн болохын төлөө хичээгээрэй” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуулийн оюутнуудад хандаж хэлсэн юм.

Баянхонгор аймгийн хувьд энэ зун гантай, мал сүрэг нь ч тарга тэвээрэг муу авчээ. Тиймээс малчдынхаа амьжиргааг дэмжих, өвлийн хатууг гарз хохирол багатай давахын тулд мах экспортлох квот тусгайлан олгох талаар аймгийн удирдлагуудаас төр, засагт хандан хүсэлт тавьсан нь нааштай шийдэгдэж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мах боловсруулах “Мах март” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Өдөрт ямаа голдуу 300-400 бог нядалж байгаа тус үйлдвэр одоогоор 5000 орчим богийн мах бэлтгэн нийлүүлээд байгаа аж. Мал туранхай, ямаа гэхэд дунджаар 13 кг байна. Гэхдээ малчидтай үнэ тохиролцон 30 хувийг нь урьдчилгаа хэлбэрээр өгч, 70 хувийг нь борлуулалтын орлогоосоо тооцон олгох гэрээ байгуулан ажиллаж байгаа гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр ярилаа.

“Малаа борлуулах гэсэн малчдын хүсэлтийг бүрэн биелүүлж, аль болох их хэмжээний мах бэлтгэхийг хичээгээрэй. Төр, засгаас борлуулалт, экспортод тусламж дэмжлэг үзүүлэх болно” гэж УИХ-ын дарга амлав.

Мөн өдрийн орой УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн хөдөлмөрчдийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, цар тахлын онцгой нөхцөлд эдийн засгаа, иргэдийн амьжиргааг эрсдэлээс хамгаалах чиглэлээр төр, засгаас авч байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

-Гантай зуссан тул өвөл нэлээд хүндрэл учирч магадгүй. Тиймээс малчдын мал, махыг борлуулах асуудалд онцгой анхаарч байна. Улсын онцгой комиссоос гамшгийн зэрэг тогтоох Ажлын хэсэг удахгүй Баянхонгорт ирж ажиллаж, улсаас үзүүлэх дэмжлэг туслалцааны асуудлыг шийдвэрлэнэ. Аль болох гарз хохирол багатайгаар өвлийг даван туулахын тулд бүгдээрээ хичээцгээе гэж УИХ-ын дарга уриаллаа.

Тэрбээр энд хэлсэн үгэндээ тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд үр дүнтэй болж байгаа тухай, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн үр дүн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үүний тулд зээлийн хүүг бууруулах болон эдийн засгаа тэтгэх талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 6.2 дахь заалтыг санаатайгаар мушгин гуйвуулж байгаа үйлдэл, удахгүй эхлэх намрын чуулганаар хэлэлцэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудын үзэл баримтлал зэрэг сэдвээр байр сууриа илэрхийлж, тайлбар танилцуулга хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Юуны өмнө өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье гэж төрийн албаныханд уриалъя. Нэгэнт эхэлсэн цэгцрэх хөдөлгөөн, шударга ёсыг тогтоох тэмцэл дунд, доод шатанд идэвхтэй өрнөх ёстой. Аймаг, суманд энэ үйл хэрэг эрчлэх хэрэгтэй байна. Ингэж хүчээ нэгтгэж байж, улсаа өөд татах бидний зорилго биелнэ. Нөгөө талаар материаллаг хөрөнгө оруулалтаас гадна оюуны хөрөнгө оруулалтад анхаарах цаг болсон. Энд үндэсний бичиг соёл, номыг дээдлэх, эрдэм боловсрол, авьяас чадварыг эрхэмлэх олон асуудал багтана. Энэ үйл хэрэгт манай Баянхонгорынхон үлгэрлэнэ гэдэгт итгэж байна” гэлээ. Тэрбээр өөрийн санаачилсан “Монгол хүн бүр өдөрт дор хаяж 5 хуудас ном унших” уриалгаа дэмжихийг нутгийн түмнээсээ хүсээд, дунд сургуулийн 8-аас дээш ангийнхны дунд уншсан номынхоо талаар мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлж, эсээ бичих уралдаан зарлаж байгаагаа дуулгалаа.

Аймгийн Засаг даргаар томилогдоод удаагүй байгаа ч олон шинэ ажил сэдэж, хэрэгжүүлж эхэлж байгаа Д.Мөнхсайханыг тэрбээр сайшааж, “Д.Мөнхсайхан даргын “Гурван А-гаас салах уриалгыг аймаг, сумаараа, айл өрх, иргэн бүр дэмжих зайлшгүй шаардлагатай байна” гэв. Тэрхүү “Гурван А” гэдэг нь Д.Мөнхсайхан даргын аймагтаа дэвшүүлсэн Архинаас, Авлигаас, Ажилгүйдлээс салах уриалга юм байна.

Д.Мөнхсайхан дарга иргэдийнхээ эрүүл энхийг эрхэмлэх, аймгаа хоггүй болгох  “Гүйе, түүе”, архидалтгүй аймаг болох “Сархдаас сална аа, хө” уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Мөн аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран Цагдаагийн газрын хуучин байрыг засварлан “Жаргалтай амьдрал” төвийг нээжээ. Энд архинд донтогчид болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг эмчлэх, нийгэмшүүлэх, сэтгэл заслын болон бусад эмчилгээ хийх үйлчилгээ үзүүлдэг юм байна. Түүгээр ч зогсохгүй эрүүлжүүлсэн иргэдээ хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, гэр бүлд нь нийгэм, сэтгэцийн үйлчилгээ тусламж үзүүлж байгаа аж.

Тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Энэ төвийн үйл ажиллагааг жишиг болгож, орон даяар ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг болгох бодлогыг яамнаас дэвшүүлж ажиллана” гэв. Архинд донтсон хэн нэгнийгээ энд эмчлүүлэх, эрүүлжүүлэх хүсэлт их байгаа бөгөөд одоогоор 200 гаруй өргөдөл ирээд байгаа гэнэ.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр хүүхдүүдийн үгийг сонсох зорилготой “Хүүхдийн парламент”-ыг ИТХ-ын дэргэд ажиллуулж, сар бүрийн нэг өдрийг “Үндэсний хувцсаараа гоёх өдөр” болгожээ. Залуу, эрч хүчтэй, санаачилгатай, сайныг бүтээх, аймгаа хөгжүүлэх чин эрмэлзэлтэй залуу дарга нараа дэмжиж ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийнхаа хөдөлмөрчдөд хандан уриаллаа. 

Иргэд уулзалтын үеэр энэ удаагийн орон нутгийн сонгуулиар парламентад үнэмлэхүй олонхи болсон МАН-ын бодлогыг аймаг, орон нутагт үргэлжлүүлэх боломж олгох сонголт хийх, улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг хуулиар зогсоох, хүнсний талон олгодгийг болиулж, зардлыг нь хүүхдийн мөнгөнд шилжүүлэх, их, дээд сургуулийн тоог цөөлөх, иргэдээ ажлын байртай, тогтмол орлоготой байлгах, авлигаар баяжиж, ард түмний хөрөнгийг хулгайлсан этгээдүүдэд ял оноогоод зогсохгүй хөрөнгийг нь хураадаг байх, уул уурхайн лиценз олголтод хатуу хяналт тавьж, дүрэм журмыг нь чангатгах, өвс тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин, түүний дотор гадаргын усны нөөцийг ариглан хамгаалах, малчдын авч буй банкны зээлийн хүүг бууруулах зэрэг саналыг тавилаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар болон түүнтэй хамт яваа Барилга, хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар иргэдийн тавьсан асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top