Д.Дагвадорж: Би барилдахынхаа өмнө аав ээж, эх орон, бурхан, нэрэндээ залбирдаг

2020 оны 09 сарын 27

Өнөөдөр мэргэжлийн сүмо бөхийн их аварга, 68 дахь ёкозүна Асашёорюү 40 нас хүрч байна. Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, түүний 1999 онд өгч байсан ярилцлагыг толилуулж байна.

Токио хот. “Таван цагираг”  сонин 1999 оны 10-р сарын 6 №40

Мэргэжлийн сүмогийн манай 4 дэх бөх Асашёоршү буюу Д.Дагвадоржийн барилдаан сүмогийн хорхойтнууд төдийгүй мэргэжилтнүүдийн  анхаарлыг гойд татаж байгаа билээ. Энэ оны 3-р сард мэргэжлийн сүмод орсноосоо хойш 4 башёд (тэмцээн) 4 өөр зиндаанд хүч сорьсон Асашёорюүтэй уулзаж ярилцсаныг уншигч олондоо хүргэе.

-Мэргэжлийн сүмод дөнгөж орж ирж байхад чинь анх ярилцлага авч байсан. Одоо макүшита зиндаанд зодоглож байна. Энэ хугацаанд ямар өөрчлөлт гарав?

-Их өөрчлөлт гарсан. Юуны өмнө ажил хөнгөрлөө. Ээлжээр хоол, цэвэрлэгээ хийхээ больсон. Гэхдээ хүмүүсийн харьцаа нэг их өөрчлөгдөөгүй ч намайг хүмүүс таньдаг болсон. Өмсөх хувцасны хувьд ч доод зиндаануудаасаа илүү болж ирдэг. Жишээ нь, улавч, үнэтэй бүс хэрэглэж, өвлийн хүрэм өмсдөг. Мөн хамаагүй хүн барьж болдоггүй тусгай мод, цаасаар хийсэн шүхэр барих эрхтэй болдог.

-Эрх ямба, хувцас хэрэглэлийн хувьд ийм байж. Тэгвэл сэтгэл санааны хувьд?

-Улам хянуур болдог юм байна. Жюүрёод дэвшинэ гэдэг жинхэнэ сүмочин болно гэсэн үг болохоор энд л ёстой үхэх сэхэхээ үзнэ шүү дээ.

-Та 4 өөр зиндаанд дараалан барилдаж үзлээ.Тус бүрий нь  товч тодорхойлохгүй юу?

-Жонокүчи бол амархан. Жонидан зиндаанд орохоор арай гайгүй болж ирнэ. Санданмэ бол дунд зэрэг. Харин макүшита бол хэцүү. Д.Батбаяр ах ( Кёкүшюүзан ) макүшита зиндаанд жил гаран болсон гэсэн. Хэцүү шүү гэж надад хэлж байсан.

-Анх макүшитад ороход ямар байв?

-Санданмэд түрүүлээд макүшитад түрүүлэх болоод сүрдэж байсан л даа. Сайн барилдаж чадахгүй бол яанаа, 50 хувийн амжилт гаргаж чадах болов уу гээд олон л юм  бодогдож байсан. Харин зуны тойргын барилдааны үеэр макүшита зиндааны бөхчүүдтэй бэлтгэл хийгээд ер нь болмоор юм байна гэж бодогдон, өөртөө итгэлтэй болсон. Тэр бэлтгэл дээр ояката нар (багш) бүгд л үзээд сууж байсан.

-Ирэх 11-р сарын тэмцээнд ямсар зорилготой барилдах вэ?

-11-р сарын башёгийн банцүкэгээр макүшитагийн 25-28 орчимд дэвших (9-р сарын башёд макүшитагийн 53-аас зодоглосон) болов уу. Хэрэв гайгүй барилдвал жюүрёод барилдах боломж гарна. Ер нь макүшитагийн эхний 20 хэцүү л дээ. Гэхдээ би 50 хувийн амжилт үзүүлэх бодолтой байгаа.

-Түрүүлэх боломжгүй гэж үү?

-Урьдчилан тэгж түрүүлнэ гэж хэлж болохгүй. Тэр өдрийн тэнгэр л мэднэ. Гол нь өөртөө итгэлтэй байж, бурхан тэнгэртээ залбирах хэрэгтэй.

-Хоёулаа саяхан өндөрлөсөн намрын башёогийн талаар ярилцья?

-2 ёкозүна, 1 озэки бэртээд хэн нь түрүүлэх нь мэдэгдэхгүй байсан. Ёкозүна Мүсашимари ч гэсэн тэмцээний өмнө нуруу нь өвдсөн юм билээ. Би озэки Чиётайкайг түрүүлэх байх гэж бодож байсан чинь чадсангүй.

-Та өөрийнхөө барилдааны талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Эхлээд адилхан шинэ макүшитатайгаа барилдаж, дараа нь макүшитад удсан “хөгшин” бөхтэй барилдаж тус тус давсан. Гурвын даваанаас ялснуудыг нь хооронд нь тааруулдаг болохоор хэцүү болж ирсэн. Энэ даваанд нэг бух шиг дайрдаг нөхрийг золгоод баруун мушгиад, зайлахад нь түлүхээд  дэвжээнээс гаргасан. Сүмогийн тэмцээн дуусахад нэг бөх гарч ёсолгоо хийдэг шүү дэ. Дөрөв дэх барилдаанд түүнтэй барилдаж, цүппари мэхээр түлхээд яг гарах гэж байсан чинь гарнаас татаад зайлчихсан. Эвгүй барилдаантай хүн байна лээ. 5-ын даваанд жюүрёод байсан Араши-г, 6-д макүшитагийн 10-т байсан бөхтэй таарсан. Галынхаа бөхчүүдээс барилдааныг нь асуусан чинь золгодог гэсэн. Тэр үед нуруу хөндүүртэй байсан болохоор цүппари хийе гэж бодсон чинь өөдөөс цүппари хийдэг байгаа. Бужигнаж, бужигнаж баруун золгоод мордоод зайлахад нь цохиод гаргасан. Энд ёстой сайхан барилдаан гарлаа гэж багш дараа нь магтсан. 7 дахь буюу сүүлчийн барилдаанд макүшитадаа дээгүүрт бичигддэг 1 бөхийг ялж, тэмцээнийг 6 ялалт, 1 ялагдалтай дуусгасан. 1 унаатай бөх 7 байсан болохоор халз барилдах болж, сугалаа сугалсан. Эдний дундаас Тоёозакүра гэдэг бөх хамгийн хүчтэй нь байсан юм. Тэгтэл тэр Фүрүичид уначихлаа. Би ч дотроо баярлаж суулаа. Сугалагаар таарсан Кайготакэг ялж, Фүрүичи, Сайго бид гурав үлдсэн. Дараа нь би Сайгог цүппаригаар ялчихлаа. Ингээд Фүрүичиг ялчихвал макүшита зиндааны аварга болчих байсан. Сайготой барилдаад нилээд ядарсан байсан ч сэтгэл санаа ер тогтож өгдөггүй. Фүрүичи жижигхэн болохоор ялна даа, зайлна даа гэж бодож байтал мөргөлдөнгүүт харин Фүрүичи түрүүлээд зайлчихав. Ингээд ардаа алдаад нэлээд эргэлдэж үзсэн ч уначихсан. Ёстой л хамрын урдуур ялалт өнгөрсөндөө. Тэмцээний дараа Чиётайкай хүрч ирээд “ Чи ч уг нь түрүүлэхэд ойрхон байлаа” гэж байсан.

-Сүмогийн бөх болсноор 4 тэмцээнд орлоо. Амжилтандаа сэтгэл хангалууун байна уу?

-Сэтгэл хангалуун байлгүй яах вэ. Мэргэжлийн сүмод ороод 26 ялалт байгуулж, 2 удаа унасан. Мэдээж сэтгэлд хүрээгүй барилдаан байгаа ч энэ нь надад сургамж, хичээл, боломж болж өгсөн. Сэвивакэ Точиазүма эхний 3 зиндаанд над шиг түрүүлээд макүшитад ороод 50 хувиа хийж чадаагүй юм гэнэ лээ.

-Мэргэжлийн сүмод монгол  бөхчүүлийн тоо өссөөр байна. Энэ тухайд таны бодол?

-Бүгдээрээ эх орныхоо нэрийг гаргаад сайн барилдаасай гэж бодож байна.

-Та бусад бөхчүүлээс огт өөр арга барилаар барилдах юм?

-Яг цүппари хий гэж хэн ч хэлээгүй. Дэвжээнийхээ Асаношёогийн барилдааныг харж байсан. Бэлтгэл дээр цүппари хийгээд ер нь яг түлхэн гаргадаг барилдаантай болж ирсэн гэх юм уу даа. Тэгээд түүнээс хойш цүппари хийдэг болсон. Одоо хүсэж байгаа зүйл маань озэки Чиётайкайгийн цүппари мэхийг хэрхэн хийдгийг сурах.

-Өөрийн гэсэн онцлог барилдааныг олоод авчихсан гэсэн үг үү ?

-Яг өөрийн гэсэн сумо барилдах аргаа олоогүй байна цаашид , жюүрёо, дээд зиндаанд яаж барилдахыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Таны хүчтэй тал?

-Өөрөө өөрийнхөө хүчтэй талыг нэрлэх ч дээ. Гэхдээ би ер нь сандарч тэвддэггүй, тайван барилддаг. Өрсөлдөгчөө хэн ч байсан  айж сандраад байдаггүй. Энэ нь бас нэг мэх гэсэн үг л дээ. Сүмод бүгд л өрсөлдөгчөө сэтгэл сананы дарамтанд оруулахыг хичээдэг. Барилдааны өмнө муухай харцгаагаад л.

-Бэлтгэл сургууль хэцүү биз?

-Сүмод бэлтгэлийн ертөнц, амьдралын ертөнц гэж шал өөр. Бэлтгэл тун хэцүү ширүүн. Бэлтгэлийн үед зодож нүдэж ч болно. Багш юу ч хэлэхгүй. Ёстой алалцана гэдэг бэлтгэл дээр л байна. Харин бэлтгэл дуусаад юу ч болоогүй юм шиг л инээгээд уулзана шүү дээ, бэлтгэл сайн хийхэд хүч чадал өөрийн эрхгүй нэмэгддэг.

- Таны биеийн жин яг хэдэн кг байна вэ?

-110 кг. Жин нэг их нэмэгдээгүй, харин булчин шөрмөс нэмэгдээд одоо л нэг, юм шингээдэг сав болж байна. Угаасаа эхний нэг жил таргалдаггүй гэсэн. Би яагаад жин нэмэгдэхгүй байнаа гэж бодоод байсан чинь багш тэгж хэлсэн.

-9-р сард сонирхогчдын сүмогийн ААШТ-д оролцсон танай ах улсын заан Д.Сумьяабазар, Г.Өсөхбаяр нар Вакамацү дэвжээн дээр бэлтгэл хийсэн гэсэн. Япончууд хэр сонирхож байна?

-Тийм ээ. Би урьсан юм. Бие хаа гээд шал өөр байгаа юм чинь. Япончууд бөөн юм болсон. Манай дэвжээний хамгий том ах Асаношёо Г.Өсөхбаяр зааныг хараад дотор нь пал хийгээд явчихсан гэсэн. За багш энэ өндөртэй барилд гэвэл яанаа, уначихвал юу гэж хэлнээ гэж бодсон гэж ярьсан.

-Д.Сумьяабазар заан мэргэжлийн сүмод орсон бол яах байсан бол?

-Ахын стиль нь сэкивакэ Точиазүма шиг дайчин. Гэхдээ бие бялдраар илүү, яс сууриар сайн болохоор түүнээс илүү барилдах болов уу, ер нь озэки хавьцаа байх болов уу гэж бодож байна.

-Японд ажиллаж,сурч байгаа монголчуудтай хэр зэрэг уулзалддаг вэ?

-Бараг уулздаггүй, би зав муутай, тэд ч бас завгүй байдаг биз.

-Танай Вакамацү дэвжээний Асановакаг манай монголчууд сайн мэднэ. Барилдааныхаа өмнө бараг брейк бүжиг хийх юмаа?

-Угаасаа байж байгаа нь тэр. Тийм стильтэй хүн гэх юм уу даа. Зан ааш нь яг хүүхэд шиг гэхдээ маш хатуу чанга хүн.

-Чөлөөт цагаараа та юу хийдэг вэ?         

-Сүүлийн үед удирдлагатай тоглоомон машин сонирхдог болоод байгаа. Манай дэвжээний 4 бөх тийм машинтай. Уралдах, уран жолоодлого хийх гээд хоорондоо үзэж өгнө шүү дээ. Асановака ихэнхдээ түрүүлдэг юм.

-Дэвжээндээ чансаагаараа хэдэд орж байна?

-Дээд зиндааны Асаношёо, Асановака нарын дараа буюу 3-т. Миний доор 12 бөх бий.

-Дэвжээн дээр Монгол гээд дуудуулан гарах сайхан биз?

-Хэлээд яахав. Монгол улс, Улаанбаатар хотын харьяат гээд дуудуулахад үнэхээр сайхан. Төрсөн нутаг, эх орон гэдэг бол, үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан санагддаг. Би барилдахынхаа өмнө дандаа залбирдаг. Аав ээж, эх орондоо залбирна. Бурхандаа, тэгээд нэрэндээ залбирна.

-Нэрэндээ гэнээ?

-Асашёорюү гэдэг нэр чинь том нэр байхгүй юу. Өглөөний хөх луу гэсэн утгатай ч сүмийн нэр байгаа юм. Энэ сүмдээ ч залбирч байна гэсэн үг.

-Ярилцлага өгсөнд тань баярлалаа. Цаашид ч Монгол түмнээ олон сайхан барилдаанаар баярлуулж яваарай гэж ерөөе.    

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
f(145.14.31.81) 2020 оны 09 сарын 28

Tsirkiig tsirkchided ulsad butsaaj ug, huuhduud tsirk uzej usug

1  |  0
Hujirt(64.119.22.239) 2020 оны 09 сарын 27

Ene odoo hend ch hereggvi, er ni heregtei ch baigaagvi !

0  |  0
Зочин(203.91.115.49) 2020 оны 09 сарын 27

Тийм олон юманд мөргөөд амжилтанд хүрэхээр нөгөөдүүл нь амжилтыг нь булаацалдаад ингээд л хөөрхийг занг нь эвдчихсэн юм байна шүү дээ. Амжилтыг хэнийх нь гэхэв. Нээрэн л явдалтай юм. Одоо тэгэхээр тэр олон юман дотроос өөрийгөө олж авах нь л чухал болж дээ Дагваа минь. Нэр хүртэл ээдрээтэй болсон. Асаа гэх үү Дагваа гэх үү.

0  |  0
zochin (49.98.133.244) 2020 оны 09 сарын 27

avragtaa tursun udr.n mend hurgei Mgl doo ih olon zuil hiigeesei amjilt urgelj baharhaj yavdag

0  |  0
Top