Туул голын урд эргийг амралтын талбай болгон тохижууллаа

2020 оны 09 сарын 26

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Туул голын урд эргийн 1.6 км газрыг амралтын талбай болгон тохижуулсан. Тэгвэл өнөөдөр /2020.09.26/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “Тохижилт бүтээн байгуулалтын ажил дуусч байна. Ирэх долоо хоногт хяналтын камер суурилуулна. Мөн харуулын байр хийсэн. Сүүлд яагаад харуулын байрыг шийдсэн гэвэл оройн цагаар хүмүүс ирж архидан согтуурах асуудал гарч байна. Тиймээс бид байнгын харуул, хамгаалалттай байлгах нь зүйтэй гэж үзсэн. Энэ талд бид Экологийн цагдаагийн албатай хамтарч ажиллаж байна. Тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайгаас зарим зүйлс бас алдагдсан” гээд энд хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд иргэд маш сэтгэл хангалуун байдаг. Мөн хүүхэд багачууд, ахмад настанууд салхилах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээр тогтмол ирдэг гэдгийг онцолж хэлсэн юм.

Тохижилтын ажлын хүрээнд явган зам, 30 машины авто зогсоол, түшиц хана, эко хавтан бүрэн хийгдэж зүлэгжүүлэлт, сандал ширээ, чийрэгжүүлэлтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, волейболлын талбай, 00 байрлуулж, хашлаганы тросс татах, доод явган замын ажлууд хийгджээ. Мөн хог ялгах цэг байршуулсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэдийн ая тухтай амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлууд шат дараатай хийгдэж байна. Тэр ажлуудын нэг болох Маршалын гүүр, Их тэнгэрийн амны баруун хойд талын хэсгийг иргэдэд зориулж тохижилт бүтээн байгуулалтын ажлыг холбогдох байгууллагууд хариуцаж хийлээ. Бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан байна. Иргэд маань энд ирэхдээ хүүхэд, багачуудаа тоглоомын талбайд тоглуулж, ахмад настанууд салхилж зориулалтын дагуу ашиглах шаардлагатай. Өчигдөр гэхэд тоглоомын талбай болон чийрэгжүүлэлтийн талбайгаас зарим зүйлс алдагдсан байна. Иргэд оролцоогоо нэмэгдүүлж бүтээн байгуулалтыг эвдэлж, зүйтгэхгүй байх хэрэгтэй” гээд дүүргийн Цагдаагийн алба болон бусад холбогдох байгууллагуудад тохижилт, бүтээн байгуулалтын ажилд тавих хяналтаа нэмэгдүүлж, иргэдийг зүй зохистой ашиглахад анхаарч ажилла гэв.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.176) 2020 оны 09 сарын 26

Сүүдрэвчнийх нь нөгөө талд нь л гарч суух юм бна ахаха

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 26

zylegjyylj chadahgui yu nil shoroon zam l baina shdee....ongo muutai neg moon saihan zelger hogoon, tom tom zezgiin mandal geed olon um hiij bolmoor umdaa....orguigees orttoi ni gegch boloh um

1  |  2
Top