ӨМНӨГОВЬ: Байгаль хамгаалах нөхөрлөлүүд зөвлөлдөж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо өнөөдөр /2020.09.25/ “Байгаль хамгаалахад иргэдийн оролцоо” сэдэвт нөхөрлөлүүдийн уулзалт зөвөлгөөн болж байна.

1990 оноос хойш говийн иргэд, малчид байгаль хамгаалах үйлсэд нэгдэж, нөхөрлөлүүд байгуулан төсөл хөтөлбөрт хамрагдаж иржээ. Өнгөрсөн хугацаанд 25 нөхөрлөл, малчдын 66 бүлэг байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан боловч өнөөдөр эдгээр бүлэг, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа суларч идэвхтэй ажиллаж байгаа есхөн бүлэг үлдээд байгаа аж.

Зөвөлгөөнийг нээж “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Юуны өмнө байгаль эх, төрсөн нутгийнхаа төлөө энд хүрэлцэн ирсэн малчид, доктор, профессорууддаа талархал илэрхийлье. Санамсаргүй явж байгаад энэ сургалт, зөвөлгөөнд оролцох завшаан тохиолоо. Өнгөрсөн хугацаанд байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж ирсэн, чамлахааргүй мэдээлэл, туршлага хуримтлууллаа. Эндээс би юу олж харсан бэ гэхээр, нэгдүгээрт бусдаас асуудлыг хайхаас гадна бид өөрсдөөсөө олж хардаг байх ёстой юм байна. Аливаа хэрэгт эв нэгдэл, тууштай байдал чухал гэдгийг харууллаа.

Бас нэг асуудал нь байгаль хамгааллын чиглэлд, энэ асуудлыг нийгэмд ойлгуулах ажилд хэвлэл мэдээллийнхний оролцоо дутмаг. Өнөөдөр Монгол Улсад 4300 сэтгүүлч байдаг. Гэтэл аравхан сэтгүүлч нь байгаль хамгаалал, экологийн чиглэлээр дагнан бичдэг юм байна. Миний хувьд хот хөдөөд арав гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшдэг. Үүгээрээ ард иргэд малчид та бүхний дуу хоолойг төрд хүргэх боломжтой. Цаашдаа ч экологийн сэдэв, байгаль хамгаалах чиглэлд та бүхэнтэй хамтран ажиллах, малчдын санаа бодлыг төрд хүргэх нь чухал.

Төрийн шийдвэрт нөлөөлөх, хууль бус лицензийг цуцлуулах, нийгэмд байгаа асуудлыг хөндөж гаргаж ирэхэд хэвлэл мэдээллийн оролцоо хэрэгтэй гэдгийг Тост тосон бумбын нуруун дахь хууль бус лицензийг цуцалсан үйл явдлаас харж болно.

Мөн “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллага нь Өмнөговь аймгийн сум бүрт гишүүдтэй болох, тухайн бүсэд тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Энэхүү зөвөлгөөний гол зорилго нь идэвхтэн байгаль хамгаалагч, малчдын бүлэг, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх бөгөөд тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх юм гэж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ хэллээ.

Түүнчлэн байгаль хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдийн тоо буурч, ажил зогссон нь зарим талаараа санхүүгийн бэрхшээлтэй тулгардгаас гадна төр болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сул байгаа нь нөлөөлж байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгээс асуудал шийдвэрээ тодорхойлж, аймгийн хэмжээнд гарах эрхзүйн баримт бичгүүдэд тоймтой тодорхой тусгахыг зорьж байна гэлээ.

Зөвөлгөөний үеэр Өмнөговь аймгийн анхны нөхөрлөлүүдийн нэг болох “Оюут” нөхөрлөлийн ахлах С.Мами “Манайх 1996 онд байгуулагдсан аймгийн анхны нөхөрлөлүүдийн нэг. Өнөөдрийг хүртэл байгаль хамгааллын чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн. Анх долоон айлын санал санаачилгаар Шинэ Зеландын хэрэгжүүлж байсан олон улсын төсөлд арван жил хамрагдсан. Түүнээс хойш малчдыг олон сургалтад суулгаж, тогтмол мэдээллээр хангадаг.

Малчин хүн л байгалиа хамгаалах ёстой. Түүнээс бусад нь бол газар ухах гэж л ирдэг.

Тийм болохоор орон нутгаа хамгаалахад малчдын идэвх зүтгэл маш их хамаардаг учраас 2000 оноос хойш малчдааа мэдээллээр хангаж ирсэн” гэв.

Зөвөлгөөн байгаль хамгаалал ба эрхзүйн орчин, иргэдийн оролцоо сэдэвт илтгэлүүдээр үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top