Коронавирусний эсрэг ОНЦГОЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ эсрэг биет илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25


Германы эрдэмтэд коронавирусний эсрэг онцгой үйлчилгээтэй эсрэг биет илрүүлсэн нь КОВИД-19-ийн эсрэг вакцин бүтээхэд том дэвшил авчирна гэж Германы “Шарите” эмнэлэг мэдээлжээ.

Шинжлэх ухааны “Cell” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл, коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн цуснаас эрдэмтэд эсрэг биетийн 600 орчим сорьц авчээ. Эдгээр сорьцоос хэд хэдэн онцгой үйлчилгээтэй эсрэг биетийг илрүүлж, улмаар эдгээр эсрэг биетийг лабораторид ургуулсан эсийн тусламжтай, хиймэл аргаар гаргаж авсан байна. Бүтцийн шинжилгээнээс үзвэл, эл эсрэг биетүүд коронавируст эсэд нэвтэрч, үржих боломжийг нь хаадаг болохыг тогтоожээ. Туршилтыг усан гахайн дээр хийсэн аж.

КОВИД-19-өөр халдварлуулсан усан гахайд эсрэг биет хийхэд хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг ажиглагдсан бол урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл усан гахайд хийхэд амьтад халдвар аваагүй гэж судалгаанд оролцсон вирус судлаач Якоб Крейе онцолсон байна.

Эдгээр эсрэг биетээс гурван төрөл нь илүү найдвар төрүүлж байгаа талаар “Шарите” эмнэлгийн мэдрэлийн клиникийн ерөнхий эмч Харалд Прюсс онцлоод, тэднийг ашиглан коронавирусний идэвхгүй вакцин гаргаж авах ажлыг эхлүүлсэн гэж мэдээлжээ.

Энэ тал дээр эрдэмтэд Германы био технологийн “Miltenyi Biotec” компанитай хамтран ажиллаж байгаа гэнэ.

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 32 135 220 хүрчээ.

Халдварын улмаас 981.660 хүн нас барсан бол 22.149.441 өвчтөн эдгэрээд байна. АНУ-д 6.975.980 (Нас барсан 202 738), Энэтхэгт 5.732.518  (Нас барсан 91.149, эдгэрсэн 4.674.987/, Бразилд 4 657 702  (Нас барсан 139.808, эдгэрсэн 4.102.9540, ОХУ-д 1 128 836  (Нас барсан 19.948, эдгэрсэн 929.8290, Колумбд 790.823  (Нас барсан 24.746, эдгэрсэн 662.2770 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top