Ч.Мэндбаяр: Инженерийн шугам сүлжээ хонгилын системд шилжих нь эдийн засгийн ач холбогдолтой

2020 оны 09 сарын 25

БГД-ийн МАН-ын хорооны гишүүн Ч.Мэндбаяртай ярилцлаа.


-Өөрийгөө танилцуулна уу?

-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие Баянгол дүүргийнхээ МАН-д анхан шатны байгууллагаас ажлын гараагаа эхэлж байсан. БГД-ийн НАМЗХ-ны дарга, Холбооныхоо дэд Ерөнхийлөгч, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт аж ахуйн тасгийн дарга , 2016-2019 онд тус дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэст албаны дарга, 2008-2012 онд Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. 2019 оноос эхлэн нийслэлийн орон сууц нийтийн аж ахуйн удирдах Газарт газрын даргаар ажиллаж байгаад Нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвшүүлэхээр өнгөрөгч долоодугаар сарын 30-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Одоо БГД-ийн МАН-ын хорооны VI үүрийн даргаар ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд төрийн албанд ажиллаж байхдаа Баянгол дүүрэгтээ хийж хэрэгжүүлсэн ямар ажлууд байдаг вэ?

-Дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтсийн даргаар ажиллаж, хариуцсан ажлын зорилго чиглэлийн хүрээнд санал санаачилга гарган хийж хэрэгжүүлсэн ажлууд цөөнгүй байна. Тухайлбал, “Халамжаас хөдөлмөрт” гэсэн уриаг үйл ажиллагаандаа дэвшүүлэн ажиллаж, халамжийг биш боломжийг хүсдэг иргэдтэй болохыг зорьж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр иргэдээ ажлын байрт зуучлах,  ажил олгогчдын уялдаа холбоог сайжруулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжил эзэмших, хөдөлмөрт бэлтгэх, аж ахуй эрхлэлтийн зэрэг олон талт сургалтад хамруулах үйлчилгээг үзүүлсэн. Шинээр болон хуучин бүртгэлтэй байсан ажил идэвхтэй хайгч 6198 иргэнд 3200 аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн есөн мянга гаруй нээлттэй ажлын байрны захиалгуудаас тохирох ажлын байрыг давхардсан тоогоор долоон мянга гаруй иргэнд санал болгож, 4139 иргэнийг ажлын байранд зуучилсан байна. Нийт ажилд зуучлагдсан иргэдийн 70 хувь нь боловсруулах, уул уурхай, үйлчилгээний бусад салбаруудад байнгын ажлын байранд зуучлагдсан байна.

Нийт 6351 иргэнд 46 удаагийн сургалт зохион байгуулж, ганцаарчилсан болон бүлгээр зөвлөгөө өгснөөр тухайн иргэд өөрийн сонирхол, авьяас чадвараа харгалзан мэргэжлээ сонгох, тухайн мэргэжлийг эзэмшихэд юунд анхаарах, мэргэжлийн ангилал, тэдгээрийн тавигдах шаардлага зэрэг мэргэжил сонголтын талаарх ойлголтыг авч өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, хамтран ярилцах чадвартай болсон байлаа. Ажил хайгч иргэд ажил, мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээл, өөрийн нөөц боломжийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, ажил, мэргэжлээ оновчтой сонгох, ажлын байранд дасан зохицох, хөдөлмөрийн харилцааны талаар мэдээлэлтэй болсон. Энэ нь тухайн иргэдэд зөвлөгөө мэдээлэл чанартай хүрсний илрэл юм. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таван төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан.Ер нь нийгмийн олон асуудал үүсэхээр зөрчил тэмцэл бий болдог. Бүх л улс орон ядууралтай тэмцдэг. Хөдөлмөрийн чадвартай хэр нь халамж авдаг байж болохгүй. Тиймээс ядууралтай тэмцэх нь халамжийн бодлого биш ажлын байр олж өгөх тухай тэмцэл байх ёстой. Бага цалинтай биеийн хүч шаардсан ажилд хүн олдохгүй байна. Улс орон бүтээн байгуулалт ихтэй байгаа үед барилгын салбарт ажиллах хүчний хомсдол үүслээ гэдэг ч юм уу. Оюуны хүч тусгай мэргэжил шаардсан ажилд тэнцэх хүн ховор байдаг ч юм уу гээд асуудал их байгаа. Тэгэхээр энэ бүхнийг цогцоор нь шийдэх шийдэл гарц бол ажлын байр, мэргэжилтэй боловсон хүчин.

-Цаашид ямар ажлуудыг эхний ээлжинд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-НИТХ –ын сонгуульд МАН-аас таван үндсэн чиглэл, 200 гаруй зүйл заалт бүхий мөрийн хөтөлбөр гарсан. Эдгээр үндсэн чиглэлийн хамгийн гол нь хүний амьжиргаатай холбоотой асуудлуудыг тусгасан байгаа. Энэхүү мөрийн хөтөлбөрийн гол утга агуулгыг барьж  ажиллах бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжиж, амьжиргааг дээшлүүлэх вэ гэдэг дээр анхаарч ажиллах бодолтой байна.  Баянгол  дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхад ажил идэвхтэй хайж байгаа иргэдээ ажилд зуучлах, ажил олгогчдын уялдаа холбоог бэхжүүлэх тал дээр анхаарч байсны хувьд арга, аргачлалаа мэднэ. Дэлхийн улс орнуудын хүн амны 60-70 хувь дундаж давхаргадаа орж байж тухайн улс аюулгүй, тогтвортой, эдийн засгийн хувьд хүчирхэг болдог. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд тогтвортой ажлын байр, хангалттай цалин хөлс чухал. Энэ хоёр бүрдэж байж хүн сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг. Хөдөлмөр эрхлэх насны залуус Солонгос улс руу маш их явж хар ажил хийдэг.  Тэд 2-3 сая төгрөгийн цалингийн төлөө үр хүүхэд, гэр бүлээ орхиод явдаг.

-Баянгол дүүргийн онцлог нь юу вэ?

-Баянгол дүүрэгт 59536 өрхийн 226.9 мянган хүн амьдарч байгаа бөгөөд энэ тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Тус дүүрэг нь гурван онцлогтой. Нэгдүгээрт, манай дүүрэг оюунлаг дүүрэг. Улсын статистикийн дунджаар боловсрол болон ажил эрхлэлтийн байдлаар дээгүүрт ордог. Хоёрдугаарт, орон сууцны хороолол ихтэй. Голдуу 1978 оноос хойш их бүтээн байгуулалтын он жилүүдэд барилга байшин нь баригдсан тул шилжилт хөдөлгөөн багатай, хотын соёл сайтай дүүрэг. Гуравдугаарт худалдааны дүүрэг гэж хэлж болно. Хувиараа бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, томоохон захууд ихтэй. Хотын иргэд манай дүүргээр худалдан авалт хийж их үйлчлүүлдэг. Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд өөрсдөө бизнес эрхэлдэг, бизнес эрхлэгчдийг ойлгодог хүмүүс сонгогдсон тул энэ талыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болж чадна гэж харагдаж байна. Тухайлбал Ж.Ганбаатар гишүүний хувьд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, хууль санаачлагчийн хувьд  Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан агентлаг байгуулахаар хуулийн төсөлд тусгаж өгсөн.  Мөн хувийн зардлаар залууст гарааны бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна ахлах ангийн хүүхдүүдийн эдийн засаг, бизнесийн боловсролд анхаарч байгаа нь ч бодит үр дүнтэй ажлууд юм.

-Баянгол дүүрэгт тулгамдаж буй нэн даруй шийдэх асуудал юу байна вэ?

-Нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын даргаар ажиллалаа. Улсын төсөв болон нийслэлээс дүүрэгт суулгасан төсвөөр зарим нь зам тавьж, зарим нь барилга барьж байна. Манай дүүрэг 1980-аад оны үед баригдсан барилга байгууламжуудын хувьд  айл өрхийн шугам хоолой ашиглалтын шаардлага хангахгүй болсон, барилгын гадна  өнгөлгөө, дээвэр элэгдлээ гэдэг асуудлаар санал гомдол иргэдээс их ирдэг. Дээрх асуудлыг нийслэлийн төсвөөр нэлээн сайн засаж сэлбэдэг боловч өөрчлөх сайжруулах ажлууд бишгүй байна. Тухайлбал, Энэбишийн өргөн чөлөөгөөр явсан 3-4 км замыг жил бүр ухаж сэндийчиж байна гэж иргэд хэлдэг. Энэ замаар дулааны шугам, бохирын шугам, цэвэр усны шугам, инженерийн шугам гүйдэг. Харилцаа холбооны шугам ч бий.  Орон сууц нэмэгдсэнтэй холбоотойгоор 400-гийн шугамыг 500 болгох зэргээр солих шаардлага үүсдэг. Харамсалтай нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг шугам сүлжээг солих засварлахын тулд зам талбайг сүйтгэх, ухаж сэндийчих нь олон талаараа учир дутагдалтай.

Намын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар иргэдийнхээ ая тухтай байдлыг хангаж, энэ асуудлыг шийдэхийн тулд хагас тунель, эсвэл хонгилын систем буюу бидний хэлж заншсанаар тунелийн хэлбэрт шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Ер нь дэлхийн улс орны газар доогуурх инженер, шугам сүлжээ нь хонгилын системд шилжсэн. Нийслэлийн хэмжээнд хонгилын систем 10-аад км үргэлжилдэг. Миний саяын жишээ авсан Энэбишийн өргөн чөлөө буюу ахуй үйлчилгээний ордноос хорооллын эцсийн буудал хүртэл 800 м орчим хэсэгт хонгилын систем нэвтрүүлэх боломжтой талаар тооцоо судалгааг нь ч хийж амжсан. Том нэвтрэх суваг буюу ажилтан босоогоор ажиллах боломжтой тунел байгуулахад 100 метр тутам 750 сая төгрөг зарцуулах бол хагас нэвтрэх шугам буюу ажилтан суугаа хэлбэрээр ажиллах тунел байгуулахад 100 метр тутам дунджаар 350 сая төгрөгийн зардал гарах тооцоолол бий. Ингэснээр жил бүр шугамын ажил хийхэд зам талбайгаа сүйтгэхгүй, эдийн засаг, хүн хүч, хөдөлмөр зарцуулалтын хувьд ч чухал аж холбогдолтой юм. Хууль бус газар олголт их болсонтой холбогдуулж хотхонууд цэцэрлэг, сургуулийг бүслээд барьчихсан явган хүн алхах зай талбайгүй болж байна.  Энэ нь иргэдийг их бухимдуулдаг. Тиймээс хууль бус газар олголтын асуудалтай тууштай тэмцэж, дорвитой арга хэмжээ авч ажиллахыг зорьж байна.

-Хүн ам өсөхийн хэрээр цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудал яригддаг. Танай дүүргийн хувьд энэ тал дээр хэр хүртээмжтэй байна вэ?

-Жишээ нь Баянгол дүүргийн III тойргийн нутаг дэвсгэрт гэхэд улсын зургаан сургууль, 13 цэцэрлэг, хувийн өмчийн гурван цэцэрлэг  байдаг. Ганданд гэхэд сургууль, цэцэрлэг байхгүй. Энэ орчимд хэрэглээний ус, бохирын шугам тавих хэрэгтэй.Бичил хорооллын хойд талын 23, 11 дүгээр хорооны гэр хорооллын сургуулийн хүүхдүүд нэг ширээнд гурваараа сууж байна.  Тус хороо Чингэлтэй дүүрэгтэй хил залгаа байдаг. Чингэлтэй дүүргийн гэр хорооллын зам харгуй, гэрэлтүүлэг сайжирч, бохирын шугам, цэвэр усны шугам, бохир боловсруулах станцтай болсон нь тус дүүргийн засаглалын уялдаа холбоо сайтайнх. Гэтэл Баянгол дүүрэгт сүүлийн найман жил Ардчилсан нам засагласан. Сүүлийн жишээ гэвэл, улсын төсвөөс тавигдсан 2.7 тэрбум төгрөгөөр юу хийв.

-Дүүрэгтээ ажиллаж байсны хувьд оршин суугчидтайгаа хэр ойр ажиллав байв?

-Ер нь 5,6,10,20 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын дарга байсны хувьд зовлон, жаргалыг нь сонсоод, асуудлыг нь уламжлаад  ойр байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ авч байсан, ажил хөдөлмөрт зуучлуулж байсан иргэд намайг илүү сайн мэднэ. Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний төвөөр бухимдсан, мухардсан хүмүүс их орж ирдэг. Даргатай нь уулзъя гэж ширүүхэн орж ирээд учир байдлаа ярилцаж, гарц гаргалгаагаа олоод, асуудлаа шийдүүлээд, нэлээн тайвшраад гардаг байсан шүү./инээв/  Цаашид иргэд, төрийн алба ажил үйлчилгээний уялдаа холбоог сайжруулахын тулд өргөдөл, гомдлыг цахимжуулах хэрэгтэй байгаа юм. Манай намын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан байгаа. Ингэснээр буух эзэнтэй, буцах хаягтай болгож, 30 хоногийн дотор гэлтгүй илүү түргэн шуурхай  асуудлыг нь шийдэж, хүртээмжтэй, ил тод, чанартай үйлчилгээ үзүүлэхэд  дөхөм болно.

-Баянгол дүүрэгт шилжилт хөдөлгөөн багатай учраас ахмадууд ихтэй байх. Тэдэн рүү чиглэсэн ямар ажлуудыг хийсэн бэ?

-Үнэн хэрэгтээ ахмадууд маань тийм ч их зүйл  хүсдэггүй шүү дээ. Тэтгэвэр мөнгөө тогтмол аваад, цэвэр агаарт, гаднах орчин нь тав тухтай байхад болно доо гэдэг.  Ахмадуудынхаа хүсэлт, хэрэгцээ шаардлагыг биелүүлэхийн төлөө залуу үеийнхэн бид хичээх ёстой. Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлсэн сайжруулсан түлшний туршилтаар утааг 50 хувь буурууллаа. Энэ жил 80 хувь бууруулах бодлого барьж ажиллана.  Хамгийн гол нь ахмадуудыг салхилж, нарладаг, амарч суудаг гадаах талбай хэрэгтэй байдаг. Тиймээс газар чөлөөлж, иргэдийг чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэнг нэмэх шаардлагатай байгаа.

-Бичлийн арын гэр хороололд сүүлийн 20 жил дорвитой зүйл хийж, ахуй орчин сайжирсангүй гэж иргэд дуу нэгтэй хэлдэг.

-Бүтээн байгуулалтаа байг гэхэд уулын оройруу зорчигч тээвэрлэдэг нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлмээр байна. Худаг ус байдаггүй тул усны асуудлыг шийдмээр байна. Гэрэлтүүлэг хийдэг ч дорхноо  шатчихсан байдаг. Хог хаягдлаас үүдсэн орчны бохирдол ихтэй байдаг. Мөн иргэдийн амар тайван амьдрах орчин нөхцөлийг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд гудамж талбай, хотхон хороололд бүрэн камержуулах, хяналтыг өндөржүүлэх хэрэгтэй байна. Энэ мэт олон ажлыг хийж хэрэгжүүлж, өөрчлөлт шинэчлэлт, сайжруулалтыг авчрахын төлөө бид хүчээ нэгтгэн ажиллахад бэлэн байна. Харин иргэд сонгогчид маань идэвх оролцоогоо нэмэгдүүлж, өөрсдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг сайжруулахын төлөө төр засагтайгаа хамтран ажиллах, иргэн хүний үүргээ ухамсарлах, хариуцлагатай зөв сонголт хийх чухал гэдгийг онцлон хэлье. Шударга, эрүүл, зөв нийгмийг бид бүтээж чадна, гэдэгт би хувьдаа бүрэн итгэлтэй байдаг. Үүний төлөө бүгдээрээ алхам алхмаар урагшилж байна. Илүү ихийг хийж бүтээх, хамтдаа хөгжих боломж иргэдийн гарт байдаг.  Тэгэхээр энэ бүхний гарц нь иргэд сонголтоо зөв хийх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top