Өрийн хавханд өөрсдөө гүйгээд орчихсон юм биш биз

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Чухам юун тухай яриад байна аа гэж уншигч та бодож байж болох. Барууны голдуу Европын орнууд урд хөршийн хэрэгжүүлж буй хандив, зээл тусламжийг өрийн хавх гэж тодорхойлдог. Ялангуяа “Бүс ба зам” бол өрийн хавхыг халхавчлах зүгээр л гоё нэршил төдий. Төлбөрийн чадвар муутай улсууд БНХАУ-аас мөнгө зээлчихээд дараа нь төлж чадахгүй мах маяагаа зулгааж байгааг мэдээлж байна. Өрийн хавханд орсон улсуудын тоо аялал жуулчлалын “халуун цэг” болсон Мальдиваас авахуулаад Пакистан хүртэл явж өгнө. Тэд уг нь эдийн засгаа тэлэх, одоо байгаагаасаа дээрдэх гэж зээл авсан. Одоо төлж чадахгүй дээрээ тулаад байна. Харин манайх яаж байгаа вэ гэж үү. Өөрсдөө гүйгээд орчихсон мэт дүр зураг ажиглагдаж байна. Өнөө маргаашгүй цэрэг оруулна гээд урд хөршөө үзэн ядаж байх хооронд аль хэдийнээ хавхныхаа бодлогыг хэрэгжүүлээд эхэлчихэж.

Цаг хугацааны хүрдийг 2010 он руу буцаая. Тухайн цаг үеийн Засгийн газар БНХАУ-тай хэлэлцээ хийж эхлэв. БНХАУ-ын Ардын банктай своп хэлцэл хийх тухай хэлэлцээ байлаа. Жил гаруй хэлэлцээ хийсний дүнд 2011 онд бид БНХАУ-ын Ардын банкнаас гурван жилийн хугацаатай таван тэрбум юанийн своп хэлцэл хийсэн юм. Хэлэлцээ бодит ажил хэрэг болоод жил ч хүрэхгүй хугацааны дараа Монгол Улс своп хэлцлийнхээ дүнг дахиад таван тэрбум юаниар нэмэгдүүлэв. Ингэж бид ердөө хоёр жилийн дотор 10 тэрбумын өрийг урд хөршдөө тавьж орхисон түүхтэй. Анхны хэлэлцээрээр 2014 онд гэрээ дуусахад бидэнд май өгчих мөнгө байсангүй. Тийм ч учраас дахиад гурван жилээр төлбөр төлөх хугацааг хойшлуулах, бас болоогүй дахиад таван тэрбум юаниар нэмэгдүүлэхийг хүссэн юм. Тухайн үедээ урд хөршийн төлөөлөл дахин хугацаа сунгах тухай асуудал байхгүй гэдгийг ил цагаан хэлээд “дуртай, дургүй” таван тэрбумыг нэмж олгохоор болов. Ингээд бид 15 тэрбум буюу зургаан их наяд төгрөгөөр үнэлэгдэх өртэй болсон юм. Сунгасан хугацаа 2017 оны найм­дугаар сард дууссан. Хариуд нь бид мөнгө байхгүй гээд дахиад шилээ маажив.

Одоо нэгэнт дахиж нэмж зээлэх нүүргүй болсон тул төлөх хугацаагаа дахин гурван жилээр сунгаж чадсан билээ. Сунгасан хугацаан нь энэ жилийн наймдугаар сард дуусчихсан. Уншигч та дараа нь өрнөсөн үйл явдлыг бараг таачихсан байх. Дахин гурван жилээр сунгасан. Сунгаад нэмээд, нэмээд сунгаад байдаг ардын банкны своп хэлцэл 2023 онд дуусна. Их өрүүд төлөгдөх сунайсан дөрвөн жилийн дунд БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн өр байгаа гэдгийг бид саначихад илүүдэхгүй. Своп хэлцэл гэдэг нь хүү, хураамжтай, нэг төрлийн зээл юм. Зах зээлээс өндөр хүүтэй мөнгө босгохын оронд гэрээ, хэлцлээр нөхцөлөө тохироод, харьцангуй бага хүүтэй хөрөнгө татахыг гаднын гоё үгээр своп хэлэлцээр гэж тодорхойлж буй.

Болж өнгөрсөн, одоо болж буй бүхнээс та нэг л зүйл харсан байх. Бидэнд төлбөрийн чадвар байхгүй гэдгийг. Хэрэв байсансан бол анх зээлэхдээ хугацаагаа сунгахгүй, нэмж мөнгө зээлэхгүй байлаа. Гэтэл бид гурван ч удаа нэмээд, төлөх хугацаагаа ч мөн төдий удаа хойшлуулаад байна. БНХАУ-ын зүгээс сүүлийн хоёр удаагийн сунгалтыг нэлээд дурамжхан хүлээж авсан. Сайн хөршийн харилцаатай, стратегийн иж бүрэн харилцаанд шилжсэн гэдэг утгаараа хойшлууллаа гэдгийг ч дипломат агуулгаараа мэдэгдсэн. Харин манай хэд мэдэрсэн эсэх нь эргэлзээтэй. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилсан нь мөн л Ардын банкны своп хэлцэл, цаашлаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинж чанартай байсан. Үүнийхээ ч үр дүнд хүрч БНХАУ-ын 700 сая юанийн буцалтгүй тусламжийг алгаа тосоод хүлээж авсан билээ. Тэртээ тэргүй бондууд төлөгдөнө. Нэг ч үйлдвэрлэл байдаггүй, нэмүү өртөг шингээдэггүй бүтээгч бус манайх улс яахав гэвэл дахиад л хугацаагаа хойшлуулна. Бондуудын өрийг бид 2024 он хүртэл төлнө. Энэ дунд буюу 2023 онд Ардын банкны своп хэлцлийг төлнө. Тийм учраас бид стратегийн иж бүрэн түншлэлд шилжсэнээ ашиглаад дахин гурван жилээр хойшлуулах дүр зураг ажиглагдаж байна. Угаасаа хойшлуулахаас өөр арга манайх улсад байхгүй. Харин дараа нь бид яахав ээ гэдэг асуудал гарч ирнэ.

Бид эндээ АНУ-ыг гуравдагч хөрш гэж тодорхойлж суухтай зэрэгцэн АНУ биднийг ОУВС-ийн хөтөлбөрт үр дүн муутай хамтарсан, банкны систем нь итгэл даахуйц биш гэдэг дүр зурагтай болчихсон байдаг. Дараалсан олон өрийг ОУВС-г бараадаж байж төлөх Монгол Улсын ирээдүй улам бүрхэг болж ирлээ. Ямар сайндаа дахин бонд босгох замаар дараа жил төлөх “Мазаалай” бондын өрийг шийдвэрлэж байхав дээ.

Манай замналыг харвал аль хэдийнээ хавханд давхиад орчихсон бусад улсын түүх давтагдав уу гэлтэй харагдана. Тухайлбал Мальдив улсыг авч үзье. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газар тус улсаас 10 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтөө нэн даруй хийхийг шаардав. Мальдивийн экс ерөнхийлөгч Абдулла Ямин БНХАУ-ын дипломат ятгалгаар олон сая юанийн зээл авснаас энэ бүх зүйл эхтэй. БНХАУ-ын 830 сая ам.долларын санхүүжилтээр тус улсад хоёр км гүүр баригдав. Энэ нь нийслэл Мане хоттой нисэх буудлыг холбосон гүүр юм. Дараа нь 25 давхар эмнэлгийн цогцолбор барьжээ. Тухайн үедээ БНХАУ жуулчлалаа нэмэг­дүүлж 306 мянган жуулчин 2018 онд ирсэн байдаг. Гэвч үүнээс хойш хятад жуулчдын тоо мэдэгдэхүйц буурав. Дээрээс нь дэлхий дахиныг хамарсан цар тахал дэгдсэн нь аялал жуулчлалаас авах хэдээ олдог Мальдив улсыг хүнд байдалд оруулж орхисон юм. Яг энэ хүнд цаг үед нь БНХАУ 10 сая ам.доллароо нэн даруй төлөхийг шаардсан нь энэ. Мэдээж хэрэг тоолох хэд байхгүй учраас яг одоо тус улс Дэлхийн банкыг бараадаж буй. Дэлхийн банк олигтой хариу өгөхгүй байгаа тул эрт цагаас найрсаг харилцаатай байж ирсэн Энэтхэг улсыг бараадахаас өөр аргагүй болжээ. Энэтхэгийн зүгээс тус улсад 5.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохыг битүү­хэндээ зөвшөөрсөн. Гэхдээ ард нийт нь үүнийг илт эсэргүүцэж буй. Учир нь Мальдив улсын тусгаар тогтнол ийнхүү тоолдог хэдээсээ болоод алдагдах вий гэсэн айдас. Мальдивын Засгийн газар яг одоо муурын амнаас гараад барын аманд орох эсэхээ шийдэж буй.

Мальдивтай адил түүхтэй бас нэг улс байгаа нь Лаос. БНХАУ-тай коммунист замналаар замнаснаараа ижил байж болох ч яг одоо ямар байр суурь дээр байгаа вэ гэдгийг харвал өдөр шөнө шиг ялгаатай улс. Хойд хэсгээрээ хиллэдэг түрийвч зузаан хөршөөсөө Лаос улс зургаан тэрбум ам.доллар зээлсэн. Үүгээрээ өндөр хурдны галт тэрэг­ний шугам ашиглалтад оруулах гэж буй. Төлөвлөгөө ёсоор Лаос улсын үндэсний баярын өдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр галт тэрэгний шугам албан ёсоор нээгдэнэ. Гэхдээ тэд энэ өрийг хэрхэн дарахаа шийдэж чадахгүй байна.

Шийдэх гэхээсээ илүү төлбөрийн чадваргүй болсноо тэд сая л нэг юм ухаарсан. Цаг хугацааны хувьд манай улс Ардын банкны своп хэлцлийн өрөө төлөхтэй ижил цаг хугацаанд тэд тавьсан өрөө төлөх учиртай. Лаос улсын гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар хүрэхтэй үгүйтэй байдаг. БНХАУ-д тавьсан өрийг төлөхөд тус улсын гадаад валютын нөөц хүрэхгүй байгаа юм. Энэ нь өрийн тэнцвэр алдагдаж тус улс дефолт зарлахад ойрхон ирсэн гэсэн үг. Манайхтай дэндүү гэмээр адилхан байгаа биз. Одоо өрнөж буй үйл явц яг л манай ихэртэй ялгаа байхгүй. Тэд мэдээж энэ их хэмжээний өрийг төлөх чадвар, чадамжгүй учраас БНХАУ-ын Засгийн газраас өрийн бүтцээ өөрчлөх, төлөх хугацааг сунгах, нэмж буцалтгүй тусламж хэлбэрээр санхүүгийн дэмжлэг авахыг шаарджээ. Одоохондоо БНХАУ-ын зүгээс Лаос улсад ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй.

Өрийн хавханд ороод явчих­сан энэ мэтчилэн олон жишээ бий. Нигер, Замби, Жибути, Конгогоос авахуулаад Аргентин, Венесуэль, Тажикистан. Зарим талаар Принстон их сургуулийн судалгаанд Монгол Улсыг аль хэдийнээ өрийн хавханд орчихсон гэж дүгнэдэг. Ардын банкны своп хэлцлийг хойшлуулж буй процессыг харвал Принстоны их сургуулийн дүгнэлт ортой ч юм шиг. Дээрээс хавхаа улам лавшруулах нэг зүйл байгаа нь хоёр улсын хооронд хэрэгжих төсөл хөтөлбөрүүд. Ялангуяа төмөр замын боомтууд нээх замаар экспортын хэмжээгээ нэмэг­­дүүлнэ гэдгийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр онцлон ярив. Дээр дурдсан жишээнүүдийг харвал бид яг л Лаосын түүхийг давтаж буй мэт. Лаосын экспортын 70-аас илүү хувийг БНХАУ бүрдүүлдэг. Дээрээс зөвхөн нэг нэр төрлийн. Дотооддоо бүтээгч томоохон үйлдвэрлэл байдаггүй. Гэтэл зээлсэн мөнгө нь тус улсын нэг жилийн гадаад валютын нийт нөөцөөс гурав дахин их байх жишээтэй. Бидний төлөх өр хэм­жээгээр Лаосоос бага ч гэсэн хойшлуулсан хугацаа, нэмж зээл­сэн мөнгөн дүнг нь нэгтгэвэл муу түүхийг давтаж байгаа гэж харагдахаар байна.

Коронавирус, жил дараалан төлөгдөх бондын өр гээд Монгол Улсад нар үзэхгүй олон асуудал байгаа. Энэ олон асуудлыг өрөөр өрийг дарах замаар шийдэхээс өөр бодит боломж байхгүй. Яг л нь хавханд орчихсон туулай адил...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top