С.Дамбий: Малгүй, цөөн малтай иргэдэд таван сая төгрөгөөр мал авч өгсөн

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

КОВИД-19 цар тахлын үед ажлын байрны хүртээмж ямар байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбийгаас тодрууллаа.


Тэрбээр "Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр манай яамнаас нэлээд олон ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Ялангуяа цар тахлын үед ажлын байрыг хадгалах, хамгаалах чиглэлээр олон ажлыг хийсэн. Ажил олгогч эзэд, ажилтан албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуудлуудад хөнгөлөлт, чөлөөлөлтийн ажлуудыг хийлээ. Тухайлбал сайн дураар болон албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөрийн аюулгүй байдлын нийгмийн даатгалын шимтгэлүүдээс дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлсөн. Энэ хугацаанд нийгмийн  даатгалын шимтгэлийг төлснөөр тооцсон.   Ингэж 300 гаруй тэрбум төгрөгийн хүнд ачааг иргэдийн нуруун дээрээс хөнгөлсөн гэсэн үг. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого нь 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж байгаа тохиолдолд даатгал төлөгчдөд сарын 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Манай яамнаас хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэдэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийдэг. Энэ хүрээнд жилийн 7,2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож байна. Мөн таван сая төгрөг хүртэлх барьцаагүй, хүүгүй зээлийг хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэдэд олгож байна. Малгүй буюу цөөн малтай иргэдэд таван сая төгрөгөөр мал худалдаж авч өгөх ажлыг хийж байна. Иргэдийн орлогыг бууруулахгүй байх, нэмэгдүүлэх чиглэлийн эдгээр ажлуудыг хийсний үр дүнд хөдөлмөрийн зах зээлд сөрөг үзэгдэл үүсэхгүй байна гэж харж байгаа юм" гэлээ.

Сануулахад, Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 105 мянган ажилгүй иргэн бүртгэлтэй байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 82,7 мянга болж буурчээ. Харин хоёрдугаар улиралд 83 мянга болж, өмнөх улирлаас бага зэрэг өссөн үзүүлэлттэй байна.

Б.ХОНГОРЗУЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top