Н.Түвшинбаяр дэлхийн аварга хөвгүүдэд шагнал гардууллаа

2020 оны 09 сарын 23

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-с зохион байгуулсан анхдугаар ур чадварын Дэлхийн аваргад Монгол улсын 17 насны хөвгүүд түрүүлсэн билээ. Тэгвэл манай баг тамирчид Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос ирүүлсэн Дэлхийн аварга багийн шагналаа Монголын олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас гардан авлаа.

Монголын олимпын хорооны ерөнхийлөгчөөр саяхан томилогдоод буй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр баг тамирчдад баяр хүргэж, сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжиж байгаад талархал дэвшүүлсэн юм. Дашрамд дахин сануулахад ФИБА-с дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбоотой 17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцалсан.

Гэхдээ оронд нь цахимаар ур чадварын Дэлхийн аваргийг зохион байгуулсан юм. Энэхүү ур чадварын дэлхийн аваргад Монголын баг Ази тивийн бүсэд өрсөлдөн эрхээ авч Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн бөгөөд дэлхийн аваргад манай баг өөрсдийн амжилтаа гурван удаа шинэчилэн тогтоож Дэлхийн анхдугаар ур чадварын тэмцээний аварга болсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top