Т.Алтансүх: Даланзадгад Монгол Улсын хоёр дахь том хот болох ёстой гэж зорьдог

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Сэтгүүлч, хөтлөгч Х.Доржпаламын үзэгч, сонсогч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн зочноор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Т.Алтансүх оролцсоныг хүргэж байна.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Түмэннастын Алтансүх гэдэг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр жирэмсэн. Удахгүй шинэ хүнээ хүлээж авах гээд бэлдэж байна. Би эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй. Одоо Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагчаар ажиллаж байна. 2016 оноос аймгийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчээр ажиллалаа.

-Даланзадгад хотын өвөлжилтийн бэлтгэл хэр явж байна вэ?

-Хотын өвөлжилт сайн байгаа. Төв суурингийн хувьд халаалтаа хугацаандаа өгөх төлөвлөгөөтэйгээр бүх бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Даланзадгад хотод бүтээн байгуулалт өрнөсөөр зун, намартай золгодог. Энэ жил ч мөн өмнөх жилүүдтэй адилхан бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, тэдгээр ажлуудаа хүйтний улирлаас өмнө дуусгах зорилготойгоор шахуу ажиллаж байна. Түүнчлэн орон нутгийн сонгуультай холбоотойгоор ажлаа түргэн шуурхай дуусгах зайлшгүй шаардлага бий болсон учраас зун бид амралтгүйгээр ажиллалаа. “Ковид-19” цар тахалтай холбоотой тодорхой хязгаарлалтын хүрээнд ажиллаж байна.

-Хүн бүрд хэлэх дуртай үг бий. Таны хэлэх дуртай үг юу вэ?

-Улс төрд ажиллаж байгаа залуу хүний хувьд “Зориг эс хүрвээс, Ухаан эс хүрнэ” гэж хэлэх дуртай.

-Даланзадгад сумын удирдлагын баг нь залуучууд байна гэж хараад байгаа?

-Би гэхэд 31 настайдаа томилогдсон. Миний орлогч бас залуу эмэгтэй байдаг. Хурлын дарга ч залуу хүн. Орчин үед нийгмийн шилжилт үүсээд залуучууд төрийн албанд ажилладаг үе ирсэн байна. Тиймээс 30 гаруй нас гэдэг залуудаа орохгүй шүү дээ.

-Ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-МУБИС-ийн Математикийн сургуулийг эдийн засаг, математик загварчлагч мэргэжлээр сурч, төгссөн. Сүүлд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Даланзадгад хотод томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөлөө. Эдгээр бүтээн байгуулалтуудаас дурьдвал?

-Өнгөрсөн дөрвөн жил бүтээн байгуулалт нэлээд өрнөсөн жил болсон. Төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтууд явж байна. Би улс төрийн албан тушаалтай учраас сонгуульд намаараа мөрийн хөтөлбөр дэвшүүлж орж байгаа. Өмнөговь аймгийг, тэр дундаа Даланзадгад хотыг хэрхэн хөгжүүлэх вэ, ард иргэдээ төрийн үйлчилгээ рүү хэрхэн ойртуулах вэ, манай хотод иргэд яаж аз жаргалтай, амар тайван, эрүүл саруул, орлого сайтай амьдрах боломжтой байх вэ гэдгийг төлөвлөж сонгуульд оролцдог. Үүнийгээ Засаг даргын  мөрийн хөтөлбөр болгон хувиргаж байгаа юм. Яг энэ хүрээндээ л үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн сүүлд наймдугаар сард гэхэд яг манайхтай адил ажиллаж байгаа найман аймгийн хотын дарга нар тамгын газрын бүрэлдэхүүнтэй нийлээд 200 гаруй хүн ирж туршлага судалсан. Ирээд манай хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцаад сэтгэл хангалуун буцсан. Бид соёлын салбартаа хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. 850 хүний суудалтай орчин үеийн театр барьж байна. Дөрвөн давхар палеонтологийн музей байгуулж байна. Хийц дизайны хувьд орчин үеийн шийдэлтэйгээр хийгдэж байгаа. Эдийн засгийн гол тулгуур салбар уул уурхай ирээдүйд дэлхий нийтээр нүүрс хэрэглэхээ болиод зогсвол Өмнөговьчууд тэр үед Монголын эдийн засагт ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг талаас нь харж, эдийн засгийг солонгоруулах, олон тулгууртай болгох бодлогыг барьж ажиллаж байна. Энэ хүрээнд говийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй гэж харсан. Манай Өмнөговь сумын хувьд палеонтологийн аялал жуулчлал илүү хөгжих боломжтой. Дэлхий дээр байгаа динозавр, эрт үеийн түүхийн дурсгал бүхий зүйлс Өмнөговиос гарч байна шүү дээ. Тэдгээрийг үзүүлж харуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор музей барьж байгаа юм. Хүнсний үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй байна. Монголчууд дотоодынхоо хүнсний хэрэгцээг 100 хувь хангах ёстой. Сая “Ковид-19” цар тахлаас үүдэн хил хаагдахад хэцүүхэн байдалтай болох юм байна гэдгийг харсан байх.

-Энэ жилийн хувьд “Ковид-19 цар тахалтай холбоотойгоор иргэд дотооддоо аялах нь их байлаа. Өмнөговь аймаг руу ч бас олон хүн аялж байгаа санагдсан?

-Гадаадын жуулчдад зориулсан өндөр зэрэглэлийн амралтын газрууд Өмнөговь хотыг тойроод олон байна. Энэ жил ч гэсэн ажлаар арга хэмжээнд очиход сул өрөө олдохгүй, ховор байсан.

-Орон нутгийн хөгжилд төсөв гэдэг зүйлийг зайлшгүй ярих ёстой. Өмнөговь аймгийн хувьд онцлогтой. Монголын уул уурхайн томоохон төслүүд бүгд Өмнөговь аймагт амжилттай хэрэгжиж байна. Даланзадгад сумын төсвийг яаж бүрдүүлж байна вэ?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хуулийн дагуу төсөв бүрдүүлэлт явж байна. 29 тэрбум төгрөгийн төсвийн орлого, зарлага төлөвлөж байгаа нь анх ажилд орсон 2016 онтой харьцуулахад хэд нугалагдсан. Төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн чадамж сайжирч байна. Төлөөлөгчид орлого олох ёстой юм байна. Олсон орлогоо зөв зүйлд захиран зарцуулах талаар хэлэлцэх ёстой юм байна. Ингэснээр миний дуу хоолой гарах юм байна гэдэг жишиг рүү орж байгаа. Аймгийн төсвийн хувьд Монгол Улсыг тэжээж байгаа стратегийн гурван том орд Өмнөговь аймагт байрлаж байна.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чамлахааргүй олон ажил хийлээ. Таны харж байгаагаар цаашид нэмж ямар ажил хийх хэрэгтэй байна?

-Өмнө нь хэлсэнчлэн эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарах шаардлагатай. Уул уурхайгаас өөр эдийн засгийн тулгууртай болох хэрэгтэй гэсэн үг. Монгол Улс хөдөлмөрийн нөөц багатай, хүн ам цөөтэй, газар нутаг том, хоёр том гүрний дунд байдаг. Ийм улсын хувьд ирээдүйд IT-гийн салбар буюу шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэл рүү л түлхүү явах ёстой. Материаллаг зүйлээс илүүтэй оюуны салбарт шилжвэл бид шинэ эрин зуунд илүү амжилттай байх болно. Мянган том үйлдвэр бариад ажиллуулах хүний нөөц байхгүй байна. Оюун ухааны салбарт орох хэрэгтэй. Олон судалгаагаар Монгол хүний сэтгэх чадвар, потенциал дэлхийн 200 орноос эхний дөрөвт байна гэж гарсан байна. Хэдийгээр улс орны эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд доогуур байранд жагсаж байгаа ч гэсэн байгалиас заяагдсан өгөгдлөөрөө өөр байгаа юм. Тиймээс оюуны салбарт хүчээ үзэх хэрэгтэй. Мөн хүнсний салбар руу орох хэрэгтэй. Ерөнхий сайдын “Бид гүн далайд гарцгүй ч хүн далайд гарцтай орон “ гэж хэлсэн нь маш том логиктой үг. Урд зүгт 1.3 тэрбум гаруй хүн байна. Хойд талд 200 гаруй сая хүн байна. Дэлхийн долоон тэрбум гаруй хүний 1.5 тэрбум нь манай улсын хоёр талд байгаа юм. Тиймээс энэ их хүн амын нөөцтэй улсууд хүнсний хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа учраас тус зах зээл рүү хүнс нийлүүлэх өргөн боломж бидэнд байна. Байгалийн түүхий эдээ ашиглах боломж бидэнд байна. Өмнөговь аймаг Монгол Улсын хоёр дахь том хот байх ёстой. Даланзадгад хот Монгол Улсын хоёр дахь том хот болох ёстой гэж бид зорьж ажиллаж байна. Улс орныг хэн нэгэн, аль нэгэн аймаг, хот нь чирч явах ёстой, бүгдээр зэрэгцэх боломжгүй. Тиймээс илүү хөдөлмөрлөсөн нь бусдыгаа дагуулж явдаг. Улсын төсвийн орлогыг хүртэл хувийн хэвшлийн томоохон хэдэн компани нуруундаа үүрч явж байна. Монгол Улсын 21 аймгийг өмнөговьчууд, тэр дундаа даланзадгадчууд өнгөлөх ёстой. Даланзадгадыг ухаалаг, эрүүл, ногоон, аз жаргалтай хот болгох ёстой. Энэ бүхнийг түрүүлж хийж, үлгэрлэж, бусад аймаг биднээс суралцахаар ирдэг байвал сайхан. Байгаа бодит боломжуудаа бид ухаалгаар ашиглах ёстой.

-Өнөөдрийн байдлаар Даланзадгад хотод тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал их, бага гэлтгүй байна. Хотын соёлыг бий болгох, орлогоо нэмэгдүүлэх, ухаалаг, эрүүл хот болгоход чиглэсэн ажлуудаа хийх нь чухал. Сүүлийн хоёр жилд эрчимтэй хийгдэж байгаа ажил гэвэл хогоо баялаг болгохыг зорилоо. Хогийг баялаг болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах, ангилж ялгах чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Таны үнэт зүйл юу вэ?

-Хэлсэн ярьсандаа байх ёстой. Хаврын шуурга шиг хэлсэн ярьсандаа байхгүй. Элдэв нөлөөнд орж туйлбаргүй зан гаргахгүй байхыг улс төрд орсон залуу хүний хувьд хичээж явдаг. Журмын нөхөд, иргэдийн дэмжлэгээр гарсан гэдгээ ойлгож багийн зарчмаар явахыг хичээдэг. Хэрвээ түрүүлж амжилтад гарсан бол зангаа хувиргахгүй, өмнөхөө эргэж хардаг байх юм сан. Хүмүүстэй зөвлөлдөж явж, улс төрд орсон нөхөдтэйгээ хамтдаа урагшлах юм сан гэсэн зарчмуудыг мөрддөг.

-Хотын даргын хувьд шүүмжлэлд хэр өртөж байна вэ. Шүүмжлэлийг яаж хүлээж авч байна?

-Шүүмжлэлд өртөнө. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас хүн болгонд таалагдах албагүй боловч таалагдахын төлөө ажиллах ёстой. Заримдаа төр өөрөө массаас илүү эрсдэл гаргах ёстой ч үе байна. Гурван жил гаруйн өмнө манай хотын төв хэсгээр амбаар сав, контейнерүүд бараг нэг байшингийн булан тойроод байсан. Үүнийг чөлөөлөх шаардлага байсан ч иргэдийн хатуу эсэргүүцэлтэй тулгарсан учраас үе үеийн удирдлагууд чөлөөлж чаддаггүй байсан. Гэхдээ том зорилгоор харвал хот цэвэрхэн байх ёстой. Тиймээс хэрэгцээгүй амбаар сав, контейнерийг чөлөөлөх ажлыг зоригтой эхлүүлж байлаа. “Хувийн хөрөнгө сүйтгэж, газрыг нь авах гэж байна” зэрэг ойлголттой хүмүүс тухайн үед олон байсан. Зарим үед эсэргүүцлийг сөрж зөв гэж бодсоноо хийвэл эерэг үр дүнд хүрдэг гэдгийн жишээ үүн дээр гарсан. Энэ ажлын дараа Даланзадгад хотын иргэд бүгдээрээ талархсан. Чөлөөлсөн газруудад тоглоомын талбай, зам харгуй тэр чигээр нь барьсан. Одоо болохоор иргэд эсрэгээрээ энэ газрыг чөлөөлж хэрэгцээтэй зүйл хийе гэж ихээр хандах болсон. Дахин жишээ хэлбэл, Даланзадгад хотод өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 30 гаруй километр явган хүний зам, 14 километр дугуйн тавьсан байна. Дугуйн зам анх тавихад улс төрийн талаас шүүмжлэлд өртөж байлаа. Одоо манай хотод хүн болгон дугуй унадаг болсон. Бүх байгууллага дугуйн зогсоолтой болж байна. Дугуй сонирхогч залуучууд төрөл бүрийн аялалууд зохион байгуулж байна. Машиныхаа бензинд зардаг байсан зардал нь орлого болж өөрт нь үлдэх болсон. Дугуй жийх тоолонд гаргасан хөлс нь өөрийнх нь эрүүл мэндэд тус болж үлдэж байгаа юм. Тиймээс төр гэж байгаа бол иймэрхүү орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ажил төрлийн алдаа оноо бол бий байх. Шүүмжлэл хатуу, сонсоход тийм амар биш. Гэхдээ хүлээж авч, бодоод дутагдлаа засаж чадах юм бол ажлыг ахиулах, хувь хүний хувьд илүү чадвар, дадал суулгах, амжилтад хөдөлгөх хамгийн том хүч бол ажил хэрэгч шүүмжлэл гэж боддог. Бодит шүүмжлэлийг бодитоор хүлээж авах ёстой. Улс төрийн зорилгоор эсвэл доромжлох, харлуулах, гүтгэлгийн шинжтэй зүйлсийг бол үүнээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Хотын хөгжлийг юугаар нь харах ёстой вэ?

-Хотын хөгжил иргэндээ л байна. Иргэний соёл, иргэний амьдрал ахуйгаас харна. Ер нь хөгжил гэдэг бол миний хувьд хүний хөгжлийг хэлнэ. Эрүүл, боловсролтой иргэнтэй байх ёстой. Энэ хоёр нийлэхээрээ ажилтай, орлого олдог иргэн болно. Энэ иргэн бидний яриад байгаа чинээлэг дундаж давхарга болно. Ингэж чадвал тухайн хот хөгжинө. Эрүүл, боловсролтой, орлоготой дундаж давхаргаас дийлэнх нь бүрдвэл дагаад бүхий л салбарын хөгжил ирнэ.Нэгэнт ойлгоод эдийн засгийн бөгөөд эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой гэдгийг мэдэж авч чадсан бол түүнийг урьдчилаад хийх л хэрэгтэй. Түрүүлж хийх хэрэгтэй. Энэ бол төрийн манлайлал. Ингэх гэж бид иргэд олон түмний өмнөөс сонгогдож, томилогдож төрийн ажил хийж байгаа юм.

-Даланзадгад хот гэр хороолол руугаа дулаан, цэвэр ус татаж байна гэсэн үү?

-Ялангуяа цэвэр, бохир усны асуудлыг нэлээд шийдсэн. Дулааны асуудлыг бид үе шаттайгаар явуулж байгаа. Дулаан чинь төсвийн өндөр зардал ордог. Хоёрдугаарт, манайх чинь есөн мВт-ын дулааны станцтай. Тэрний хүчин чадал бүрэн болчихоод байгаа юм. Тийм учраас бид “Энержи ресурс” компанитай хамтын ажиллагаа хийгээд хувийн хөрөнгө оруулалтаар ирэх хоёр, гурван жилийн хугацаанд 50 орчим мВт-ын шинэ станц байгуулах гэж байгаа. Тэр бол хамгийн орчин үеийн станц баригдана. Би бол хүмүүст эмнэлэг шиг байна гэж хэлж байгаа. Станц гэхээр хав хар нүүрсэн юм байна гэсэн үг биш. Станц баригдах юм бол хотын дулааны шугамыг бүрэн шийдэх боломж үүснэ. Ер нь бидний барьж байгаа бодлого бол хашаандаа сайхан амьдрах ёстой. Яг үнэндээ таван давхар байранд 40 гаруй айл байна. Тэдэнд газар байхгүй шүү дээ. Гараад л бүгд нийтийнх байхгүй юу. Үүдээ онгойлгоод гарлаа коридор нийтийнх. Тиймээс хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой. Тэгээд цэвэр бохир ус татчихна. Ногоогоо тарьдаг болчихно, сагсны талбайгаа хийчихнэ.

-Даланзадгад хотод хөөрхөн цахилгаан автобуснууд яваад байсан. Тэр хэр нүдээ олсон ажил болсон бэ?

-2016 онд ажил авахад гол асуудал нийтийн тээвэр байсан. Нийтийн тээвэр нь хувь хүнийх болчихсон. Хүссэн үедээ явж, хүссэн үнээ хэлдэг. Тэгээд соёл бол мэдээж байхгүй. Үүнийг шийдэх шаардлага байсан. Тэгээд Экобус гээд дотооддоо үйлдвэрлэж байгаа автобусны компанийнхантай танилцаад, уулзаад тэднийг дэмжээд анхны найман автобусыг авсан. Анхны худалдан авалтыг хийсэн шүү. Монгол инженерүүдийнхээ ур ухааныг дэмжсэн. Мэдээж, автобусанд алдаа оноо байсан. Гэхдээ бид зориг гаргаад үүнийг хийсэн. Түүнээс хойш сураг сонссоноор бол Хэнтий, Дорнод аймаг авсан байна лээ. Одоо бол манай автобуснууд хэвийн явж байгаа. Бид ухаалаг смарт карттай болгочихсон. Ахмадууд маань үнэ төлбөргүй явж байгаа. Хууль байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, донорууд аймгийн төвд үнэ төлбөргүй явахад энэ автобус асар их хэрэг болж байгаа. Цаашдаа нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Манайхан автобусандаа их дуртай. “Зөгий ногоон” гээд янз бүрээр нэрлэнэ шүү дээ. Гол нь тэр ажлын үр дүн бусад аймгуудад нөлөөлж, улсын хэмжээнд гарч байна. Эдийн засгийн хувь хэмнэлттэй. Өдөржин явахад долоо, найман мянган төгрөгийн цэнэглэх зардал л гарч байгаа. Бензин тос гэх юм байхгүй юм чинь. Ер нь ийм ажил эхний хөрөнгө оруулалт их хэрэгтэй байдаг болохоос цаашдаа гайгүй байдаг. Түрүүлж алхах ёстой гээд би яриад байгаа биз. Одоо манай аймагт цахилгаан машин цэнэглэх хоёр цэгтэй болж байгаа. Шатахуун түгээгүүр шиг л гэсэн үг. Цаашдаа Тесла-гийн машинууд Өмнөговьд байх юм бол цэнэглэх боломжийг нь бүрдүүлж өгч байгаа. Өнөөхөндөө бол алга. Гэхдээ бид урьдчилж харж, түрүүлж алхах хэрэгтэй. Тэртэй тэргүй ирж байгаа зах зээл, соёл шүү дээ. Бид ер нь цаашдаа авто зогсоолуудыг тийм чиглэлээр хийе гэж байгаа. Бид чинь тамхигүй бүсүүдийг байгуулах гэж үзэж байна. Тайван, Сингапур гээд явахаар хаа дуртай газраа тамхи татдаггүй биз дээ. Тамхи татдаг хүмүүст цэгийг нь байгуулж өгөх ч ёстой. Энэ жил анхны тамхины цэгийг байгуулж байна. Бараг кофе шоп шиг л юм байгаа. Энэ мэтээр ажиллаж байна.

-Нэлээд авто зам барьсан байх шүү. Сүүлийн дөрвөн жилд хэдэн км зам тавьчихав аа?

-Аймгаараа ярих юм бол 24 км зам тавьсан байна. Манай замын онцлог бол бид улсаас нэг ч төгрөг аваагүй. Зөвхөн өөрийнхөө нөөц боломжоор хийсэн. Бусад аймгууд бол улсын төсвөөр тавьж байгаа шүү дээ. УИХ-ын гишүүдийн лоббигоор тавигдаж байна гэсэн үг. Манайх бол өөрсдөө мөнгө олоод тавьж байгаа. Даланзадгадын хэмжээнд нэлээд зам тавигдсан. Гэхдээ бид замаа хийхдээ бас шийдэлтэй хийж байгаа. Энэ жил замаа тавьчихаад дараа жил явган зам, тэгээд дугуйн зам гэхгүйгээр нэгмөсөн хийгээд нэг км зам тавьсан бол яг түүнтэй тэнцэх хэмжээний гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нь хүртэл давхар шийдэж байна. Манай замын онцлог бол тэр. Өнгөрсөн дөрвөн жилд бид аймгаараа 300 мянган мод тарьсан байна. Манай аймаг Монгол Улсад таримал ойн сангаараа нэгдүгээрт ордог аймаг. Байгаль орчноо сэргээх гэсэн говийн хүмүүсийн зүтгэлийн үр дүн. Цэцэг навч ч тарьж байгаа. Энэ жил бид 80 мянган цэцэг тарилаа. Түүний өмнөх жил 40 мянга, түүний өмнө 20 мянга байсан. Тэрнээс өмнө бид бараг тарьдаггүй байсан юм.

-Нэг настай цэцэг биш биз дээ?

-Ер нь нэг настай, олон настай янз бүрээр л тарьж байна. Цэцэг тарихад хүний хүч их орж байгаа. Бид зундаа 40-50 хүнийг сарын 500 мянган төгрөгийн цалин өгч ажиллуулж байна. Ногоо тарих, цэцэг тарих хүний уйгагүй хөдөлмөр юм билээ. Ингэж байж манай хот зунжингаа ногоон болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүн бүр хавар, намар гараад мод тарьдаг биз дээ. Тарих бол амархан. Ухлаа, суулгалаа, ус хийлээ. Ургуулах гэдэгт ажил орно. Хүүхэд хүмүүжүүлэхэд ямар хугацаа ордог билээ. Түүн шиг хүний хөдөлмөр, хүч орохгүй бол ургахгүй. Зүгээр зарлигийн хэрэгжилт хангаж, зураг авхуулах зорилготой мод таривал бүтэхгүй. Тиймээс бид зөвхөн цэцэг, ногоо тарихад зориулж дэд бүтэц хийлээ. Хотын төвийн замын дагуу трубогоор ус явах дэд бүтэц татсан. Ирэх хавар шууд усална.

-Хүний хувь тавилан яаж явах юунаас шалтгаалах вэ?

-Өөрөөс ихэнх нь шалтгаална. Гэхдээ өрөөл бусдаас ч бас болно. Хувь тавилантай байлаа гээд нийгэм, цаг үеийн ороо бусгаа үед төрвөл хэцүү шүү дээ. Би бол өөрийгөө өөрөө өөрөөрөө явах боломжтой нийгэмд төрсөндөө азтай хүн гэж үздэг. 2007 онд сургууль төгсөөд 21 настай сумын Засаг даргын орлогч болж байлаа. Энэ бол хувь тавилан. Аав ээжийн минь миний боловсрол, хүмүүжилд анхаарсан хөдөлмөртэй холбоотой. Миний үеийн залуус янз бүрээр амьдарч байна. Өөрөөс нь гадна нийгэм, цаг үеэс шалтгаална. Тийм болохоор би өөрийгөө сайн ажиллах ёстой гэж боддог. Алтансүх Засаг дарга хэр ажиллахаас шалтгаалж дараагийн үеийн хувь тавилан шийдэгдэх гээд байна шүү дээ. Муу төр, муу удирдлагаас шалтгаалаад тааруухан амьдарвал хэцүү биз дээ. Англи хэл сурахад бидний үед ямар байсан тэр зүйлийг хойч үедээ хэвээр нь үлдээж болохгүй. Тиймээс өөрчлөх ёстой. Манай аймгийн бүх англи хэлний багш нарыг нэгээс зургаан сарын хугацаанд гуравдагч оронд төрийн зардлаар англи хэлний давтан сургалтад суулгасан. Үр дүнд нь Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр манай Өмнөговийн хүүхдүүд улсдаа тэргүүлж байна. Би Белорусийн зардлаар гэхэд арван хүүхдийг техникийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаж байгаа. Удахгүй төгсөж ирнэ. Тэд ирээд Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойд топ болж ажиллана. Бид дээд түвшинд нь ажиллах хүмүүсээ бэлтгэх хэрэгтэй. Сайн боловсон хүчнээ бүрдүүлэх ёстой. Манай аймаг энэ чиглэлд их анхаардаг. Энэ жил 100 гаруй багшийг магистрт сургаж байна. Бүх багш нар магистраас багагүй зэрэг цолтой болох учиртай. Оюуны салбартаа хэдий хэмжээний хөрөнгө зарна эргээд бүс нутаг, улс орон, аймаг хөгжинө.

 

"100 АСУУЛТ" НЭВТРҮҮЛГИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ:

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top