Шонгийн дуулиан: 115-р сургуулийн ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ чөлөөл!

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

“Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө” гэдэг шиг олон зуун жилийн турш оршин тогтсоны эцэст хөлөө олсон, хөгжингүй орнуудыг дуурайж, том том бүтээн байгуулалт ярьдаг ч явган хүний зам, гэрэлтүүлэг гэх жижигхэн асуудалд шийдэл олохгүй өдийг хүрч буй бидний нийслэл.

Саяхан замын голд ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШОН дайруулан авто зам тавьсан тохиолдол гарсан. Гэтэл шонгийн дуулиан ганц хоёр энэ жишээгээр дуусахгүй бололтой. 

Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн хажууханд дунд сургуулийн насны гурван хүүхэд хөтлөлцөн алхаж байв. Гэвч тэдний зэрэгцэн явах зам тийм ч урт байсангүй. Тав алхаад л явган хүний замын голд гэрлийн шон. Шон таарах бүрт ар араасаа цуварч шонгийн хажуугаар гарна. “Хажууд нь томоос том зай байхад замын голд гэрэлтүүлэг хийсэн нь ямар учиртай юм бол” хэмээн ярилцан алхана.

Энэ сургуулийн урдаас “Tuul one” хотхон хүртэлх явган хүний зам давчуухан төдийгүй голд нь гэрлийн шон энд тэндгүй байрлуулсан харагдана. Ингэхдээ бүр шонгоос тог, кабелын утсыг ямар ч хамгаалалтгүй, эмх замбараагүйгээр өлгөсөн байлаа.  
 


Оршин суугчид ингэж ярив.

Иргэн А: -Явахад хэцүү байдаг. Тэргэнцэртэй болон хараагүй хүмүүс явах боломж бол бүр байхгүй. Гэрэлтүүлгийн шонгоо хажууд нь байрлуулах зай зөндөө байгаа биз дээ. Бас нэг асуудал нь машинууд зогсоол олдохгүй болоод тэр юмуу явган хүний зам дээр машинаа тавьчихдаг. Их хүндрэлтэй.

Иргэн Х: -Энэ шон анх барилга баригдахад л энд байсан. Гэрэл, кабелын утас нь ч бас ийм байдалтайгаар олон жил болж байна. Хүүхдүүд хүрч, эрүүл мэндээрээ хохирох вий гэж санаа зовдог.

Туслах замаас орон сууц руу орох, гарах уулзварын голд ч бас гэрлийн утас нь ил гарсан шон байрлуулсан байв. Энэ талаар иргэн Б "Машин орж ирэх зам дээр болохоор эвгүй байдаг. Уг нь бол өргөн зам. Даанч голд нь шон байгаа болохоор машин багтаж таараад л ордог. Намайг анх энд ирэхэд л байсан. Нэг тийш нь шийдчихвэл машинтайгаа орж, гарахад илүү амар болох байх. Бас бага насны хүүхдүүд утсанд хүрэх эрсдэлтэй гэж боддог. Холбогдох газартай нь уулзаж, хөөцөлдөж чадахгүй л яваад байна" гэлээ. 

Замын гэрэлтүүлгийг хүлээж авахдаа Зөв байрлалд, зөв харуулж байршуулсан эсэх, гэрэлтүүлгийн шон дээрх цахилгаан холболтыг бөглөсөн эсэх, байгаль цаг уурын сөрөг нөлөөнд тэсвэртэй болохыг гэрчилсэн сертификаттай эсэх гэх мэт хэд хэдэн шаардлага хангасан эсэхийг шалгаж авах ёстой аж. Гэтэл хүлээж авч байгаа байгууллага нь буруу байрлуулсан, аюулгүй байдал хангаагүй эдгээр замын гэрэлтүүлгийг зөвшөөрөөд, ашиглалтад оруулсан байгаа нь сонин. 

Эдгээр гэрлийн шонгоос үүдэн цас, бороо, байгалийн аливаа үзэгдэлд цахилгааны асуудал гарвал яах вэ, гадаа тоглож байгаа бага насны хүүхдүүд санамсаргүйгээр тогтой утсанд хүрч, амь насаа алдах тохиолдол гарвал яах вэ, хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй, тэргэнцэртэй иргэд нарийхан замын голд байрлуулсан шонгийн хаагуур нь зөрж өнгөрөх вэ?

Энэ бүх асуудал эзэнгүй мэт хаягдан хоцорчээ. Хорооны ажилтнууд, оршин суугчид ч тодорхой арга хэмжээ авахгүй, шаардлага тавихгүй байсаар дасан зохицсон бололтой.
 


Нийслэлийн захирагчийн ажлын албаны Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Хишигбуянгаас энэ талаар тодруулахад “Манайх нийслэлийн бүх авто замыг хариуцдаггүй. Гэхдээ эхлээд авто зам барих компани замаа барина. Дараа нь гэрэлтүүлэг болоод тохижилтоо хийнэ. Үүний дараа явган хүний зам хийх ажлыг төлөвлөж, зураг төсөл гаргадаг. Гэрэлтүүлэг тавигдсаны дараа явган хүний зам тавигддаг. Тийм учраас нэгэнт байрлуулсан гэрэлтүүлгийг өөрчлөхгүйгээр шууд тойруулаад явган хүний замаа хийдэг гэж хэлж болно. Харамсалтай нь, ингээд зөрчилдөөд байгаа юм. Гэрэлтүүлэгт тавигдах шаардлага, явган хүний замд тавигдах шаардлага хоёр нь хоорондоо зөрчилдөөд эхэлдэг. Үүнээс болж энэ асуудал үүсэж байгаа. Өмнө нь "115 дугаар сургуулийн урд талын гэрлэн дохио явган хүний замын замд саад болж байна" гэх дуудлага аваад янзалж, хойшлуулж байсан. Одоо дахин хаана, ямар байршилд хүндрэлтэй байгаа талаар өргөдөл, гомдлоо илэрхийлбэл засаж, янзлах боломжтой” гэсэн хариулт өгөв. 

Үүнээс харахад гэрэлтүүлгийн шон байрлуулах, явган хүний зам хийх зураг төслөө хамтад нь гаргаад ажлаа эхлэх, эсвэл гэрэлтүүлгийн шон байрлуулахын өмнө явган хүний зам хийх зохицуулалт хэрэгтэй байна. 

Б.ХОНГОРЗУЛ

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tt(64.119.27.213) 2020 оны 09 сарын 22

turiin bguulagiinhan bvgd avilgachid

0  |  0
Иргэн(182.160.39.126) 2020 оны 09 сарын 22

Монголчууд хотдоо зендее гаж гэрэлтуулгийн Шонгуудтай. Засаг дарга нь ч тоохгуй иргэд нь ч хаана хэлэхээ мэдэхгуй байна. СБД 3 Дугаар хорооны нутагт ийм газрууд байж л байна . 20 р Байрны хойно явган хуний зам голлоод олон жил болж байна.

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 22

Tembuurel

0  |  0
Эрдэнэ(66.181.182.188) 2020 оны 09 сарын 22

төхрд ажилдаг нэртэй идэж уух шаахаас өөр юс хийдэггүй новшнууд сүржин жонхуу 2 одоо элдэв лиценз зөвшөөрөлийг цөөлөөд төрийн албаны мйлнуудыг 60 хувь цөөлөхөөс ажилаа эхэл шал дэмий олон хүн дагуулаад тэнээд явах юм

1  |  0
Top