Тусгай хэрэгцээт цэцэрлэг ШИНЭ БАЙРТАЙ болсон ч ТОХИЖИЛТ ДУТУУ байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Тархины саажилттай болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулж хөгжүүлэх үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбороор зочиллоо. Улаан шар, саарал өнгөөр ижилссэн дөрвөн давхар цэцэрлэг үүдний зогсоолоосоо эхлээд л өнгө нэмжээ. Давхар бүрийн гадна тусгай зориулалтын орц, гарц урласан нь содон тусна. Уртаашаа үргэлжилсэн том ч тагттай байшин юм. Коридор нь хүртэл саруулхан гэж жигтэйхэн. Анги танхимууд ч зай талбай ихтэй. Энэ жил улсаас шинээр баригдсан сургууль, цэцэрлэгт ширээ, сандал, шүүгээ тэргүүтнийг өгсөн нь ангиудыг чимнэ. Хуучин ашиглаж байсан зарим тавилга, эцэг, эхчүүдээс хандив цуглуулж авсан эдлэл хэрэгсэл ч хаа нэгтээ харагдана. 5.3 тэрбумын хөрөнгө оруулалтаар барьсан барилга учраас олон улсын стандартад нийцсэн гэдэг нь андашгүй боловч 10 дугаар цэцэрлэгийн эцэг, эхчүүдээс шинэхэн цэцэрлэгийнхээ нэг ангийг жишиг болгон тохижуулахаар сэтгэл шулууджээ.

Хүүхдээ зургаан сартайд нь нярайн шарлалтаас үүдэлтэй тархины саажилттай гэдгийг анх сонссон М.Наранмандах хэрхэхээ мэдэхгүй гайхаж балмагдаж явахдаа 10 дугаар цэцэрлэгийн хамт олон, үйл ажиллагаатай анх танилцаж байжээ. Үнэхээр халуун дулаан, сайхан сэтгэлтэй хамт олонтой таарсандаа баярладаг гэж тэрбээр бахдан ярилаа.

10 дугаар цэцэрлэгт суралцдаг О.Сувд охины ээж М.Наранмандах: “Манай хүүхэд зургаан сартайдаа тархины саажилтаар оношлогдсон. Нярайн шарлалтаас үүдэлтэй саажилт гэж явдаг. Хүүхдийн оюун санаанд нөлөөлдөггүй, зөвхөн хөдөлгөөнөө удирдах тархины хэсэг гэмтсэн гэж үздэг. Манай хүүхэд ирэх аравдугаар сард зургаан нас хүрэх боловч одоогоор толгой даагаагүй байгаа. Цэцэрлэгт хөдөлгөөн засал нь толгой даахаас хөлд орох хүртэл явагддаг гэсэн. Тэгэхээр хүүхдийг маань толгой даалгах гээд олон талаас ажиллаж байгаа. Бид хүүхдээ найман сартай байхад 10 дугаар цэцэрлэгт өдрийн эмчилгээнд явуулж байгаад нэг ой гарангуут шууд цэцэрлэгтээ явж эхэлсэн. Энэ цэцэрлэгт анх очиход л халуун дулаан уур амьсгал мэдрэгдсэн. Бусдад сэтгэлээсээ ханддаг, инээсэн, дотно харилцаатай хүмүүс ажилладаг. Тэр үед хүүхдийнхээ оношийг сонсоод удаагүй хэцүү байсан учраас тийм халуун дулаан сэтгэл маш их хэрэгтэй байсан. Зун бусад улсын цэцэрлэгийн адил гурван сар амардаг ч гэсэн хүүхдийг хөгжүүлэх зорилгоор ээжтэй нь хамт амралтад сувилж сургадаг. Тэр сургалтуудаас их зүйлийг сурсан. Өнгөрсөн хоёр жил хүүхдээ Солонгост оношлуулж эмчилгээ хийлгэсэн. Солонгост хоёрдогч буюу хавсарсан хүндрэлүүд байхгүй гэж оношлогдсонд манай гэр бүл их баяртай байгаа. Эргээд 10 дугаар цэцэрлэгтээ ороход шинэ байртай болжээ. Хүүхдүүдийн маань хөгжиж, нийгэмшиж байгаа хамгийн том орчин бол энэ цэцэрлэг. Гэр бүлдээ хүмүүжиж, ээж аавын хайраар өсөж байгаа ч гэсэн мэргэжлийн багш, ажилчдын ач тус их. Тиймээс миний хүүхэд, түүний ангийн найзууд, дараа дараагийн цэцэрлэгт сурах хүүхдүүдэд ангийг нь жишиг болгож тохижуулах гээд бид хичээж байгаа" гэлээ.  

Дэлхийн жишигт нийцсэн сургалт, эмчилгээ, нийгмийн үйл ажиллагааг цогцоор нь хүлээж авах боломжтой ийм том цэцэрлэг Өмнөд Солонгост гэхэд олон байдаггүй юм билээ. Одоо байгаа энэ нөөцдөө тулгуурлаад нэг ангийг жишиг болгож тохижуулъя гэж зориглосон. Манай ээж, аавууд их сэтгэл гаргаж байгаа боловч жирийн цэцэрлэгээс илүү хүүхдийн онцлогт тохирсон тохижилт шаардлагатай учраас тусалж, дэмжих хүмүүст нээлттэй. Бидэнтэй уулзаад зураг төсөлд хувь нэмрээ оруулж, мэргэжлийн зөвлөгөө өгөөд, заавал мөнгөн тусламж гэхгүйгээр өөр өөрийн чадах дэмээр тусалж өгвөл баяртай байна.

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭГ АНГИД 15 ХҮҮХЭД СУРАЛЦДАГ

Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор нь нийт 11 анги буюу 11 бүлэгтэй. Нэг ангид 15 хүүхэд, нийт 165 хүүхэд суралцдаг. Нэг ангид анги даасан багш болон хоёр туслах багш хичээл ордог. Хөдөлмөрийн багш, дуу хөгжмийн багш, биеийн тамирын багш, эмч нэмэлтээр ажилладаг. Урлаг заал, спорт заал, эмчилгээний зориулалттай тоног төхөөрөмж бүхий өрөө танхимууд, багш нарын өөрийгөө хөгжүүлэх өрөө, усан эмчилгээ явуулах зориулалттай бассейн, хэл засал, хөдөлгөөн засал, ахуй заслын өрөө танхимуудтай. Нэг ой таван сартайгаас долоон нас хүртэлх тархины саажилттай болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлдэг. Хоёрдугаарт, сэргээн засах эмчилгээ хийдэг. Гуравдугаарт, гэр бүл, эцэг, эхэд суурилсан нийгмийн хөгжил хамгааллын үйлчилгээг үзүүлдэг. Хүүхдийг гэр бүл, эцэг, эхийн тусламжтайгаар нийгмийн амьдралд хэвийн оролцуулахад голлон анхаарч үйл ажиллагаа явуулдаг онцлогтой аж.

М.Оюунтуяа: Тухайн хүүхдэд хандсан багшийн зөв, сайхан хандлага, тэр ангид гаргаж байгаа сэтгэл л чухал

Тус цэцэрлэгийн багшийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар М.Оюунтуяагаас тодрууллаа.

-Та тусгай хэрэгцээт 10 дугаар цэцэрлэгт хэдэн жил багшилж байна вэ. Нэг өдрийн ажлаасаа бидэнтэй хуваалцана уу?

-Би 14 дэх жилдээ багшилж байна. Өглөө 07.30 цагт ажилдаа ирдэг. Манай цэцэрлэг хоёр чиглэлээс автобусаар хүүхдүүдээ зөөдөг. Өглөө эцэг, эхчүүдээс шөнө хүүхэд нь яаж хоносон, ямар нэг зовиур байсан эсэхийг хамгийн түрүүнд лавлаж асуудаг. Зовиуртай бол эмчид үзүүлнэ. Гар нүүрээ угааж, өглөөний цай уухдаа бэлдээд 09.50 цагт хичээлийн үйл ажиллагаа өглөөний цуглаанаар эхэлдэг. Өглөөний цуглаанаар хүүхэд гэрээс цэцэрлэгтээ ирэх замдаа үзсэн, харснаа ярилцдаг. “Сайн хүүхэд үү, муу хүүхэд үү” зэрэг сэдвээр хичээл орно. Зарим хүүхэд зөвхөн нүдний харилцаа биеийн хэлээрээ хариу үйлдлээ илэрхийлдэг. Өөр өөрийн хэлэмжээрээ асуултад хариу өгдөг. Дараа нь хүүхдийн чадварт тохирсон ганцаарчилсан сургалт ордог. Тухайн хүүхдийн чадварт тохирсон тоо заах, зураг зуруулах, амны хөдөлгөөн сайжруулах дасгал зэргийг 30-45 минут орно. Өдөрт ээлжлээд хоёроос гурван хүүхдэд ганцаарчилсан сургалт орно. Энэ хооронд туслах багш үлдсэн хүүхдүүдтэй харилцана, сургалт орно. Өдрийн хоолоо идээд унтана. Унтаж босоод хөгжүүлэх үйл ажиллагааны хичээлүүд орно.

-Олон жил энэ цэцэрлэгтээ багшилжээ. Таны хүүхдүүдтэй харилцахдаа сурсан мэдсэн зүйлс, ажлын гол арга барил юу вэ?

-Багш хүн өдөр бүр л хөгжиж, хүүхдүүдээсээ суралцаж байдаг. Гэхдээ багш болгон хичээл зааж чадна. Үүнээс гадна яаж ангийн бүх хүүхдэд хүртээмжтэй, сэтгэл гаргаж үйлчилж, харилцах вэ гэдэг хамгийн чухал. Тухайн хүүхдэд хандсан багшийн зөв, сайхан хандлага, тэр ангид гаргаж байгаа сэтгэл л чухал. Сэтгэл гаргаж чадвал буцаагаад өөрийнхөө хэлэмжээр хүүхэд баяртай байгаагаа илэрхийлдэг. Дараа нь тухайн хүүхдэд тохирсон орчин чухал. Тохирсон орчинтой байж тав тухтай хичээлээ хийж чадна.

ХҮҮХЭД БОЛГОНД ТОХИРСОН ОНЦЛОГ ГЭЖ БИЙ. ОНЦЛОГТ НЬ ТОХИРСОН ОРЧИН ХЭРЭГТЭЙ

“Тархины саажилттай, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүдийн хамгийн их сэтгэлийг нь шархлуулдаг асуудал гэвэл “Би ээж, аавыгаа зовоодог, тэднийг ачилж чадаагүй, тэднийг муухай харагдуулдаг” гэсэн түгшүүр байдаг. Тиймээс л нийгэмд багаас нь оролцуулдаг, нийгмийн сайн мууг анхнаас нь мэдүүлдэг байх нь чухал” хэмээн тус цэцэрлэгийн нийгмийн ажилтан С.Энхбат хэлж байна.

Багийн системээр ажиллаж, найрсаг дулаан уур амьсгал бүрдүүлж, эелдэг харилцах нь ч хүүхдийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гэнэ. Цэцэрлэгийн коридорт олон янзын цэцэг тарьж ургуулаад, шат дагасан хананд тоонуудыг дарааллуулан байрлуулаад, ангийн хана, тааз, шалаа чимэглэж, ээж, аав, гэр бүлтэйгээ хамт авахуулсан аз жаргалтай зургуудыг нь нэг ханандаа өлгөж, хэвтэрт байдаг хүүхдүүд дээшээ харахад таазандаа үүл, хээ хуар гээд өнгө өнгийн зураг байрлуулсан. Бас зураг зураад дараа нь арилгаж болдог орчин үеийн самбартай, салхи, ус гээд элдэв чимээг гаргадаг хөгжим, мөөгний хэлбэртэй ширээ, машины хэлбэртэй сандалтай гээд л төсөөлбөл тусгай хэрэгцээт боловсролыг эзэмшиж байгаа хүүхдүүдэд тэс ондоо ертөнц, өвөрмөц уур амьсгал, гараар хүрч мэдэрч өөрийгөө илэрхийлдэг бол түүнд нь тохирсон. Бичдэг, зурдаг бол түүнд нь тохирсон хөгжлийн орчин л хэрэгтэй гэдгийг нийгмийн ажилтан, багш, эцэг эхчүүд нь хэлж байгаа юм. Тэр орчноо бий болгохын төлөө ч хичээж байгаа аж.

Тусгай хэрэгцээт цэцэрлэгийн нийгмийн ажилтан С.Энхбатаас цэцэрлэгийн үүсэл, хөгжлийн талаар асуухад “1990 оноос тархины саажилттай хүүхдийг хэрхэн хөгжүүлэх тухай идэвхтэй ярих болсон. Тэр үед эмч нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэр дундаа тархины саажилттай хүүхэд бусдын адил хөгжих юм бол оюун ухаан нь эрүүл байдаг юм байна. Бусдын л адил ойлгодог, мэдэрдэг юм байна. Тиймээс эрүүл хүүхдүүдийн дунд хөгжүүлэх ёстой гэж үзсэн. Одоогийн энэ байрны сууринд хуучин 42 дугаар ясли гэж байсан. Тус яслийн нэг ангид тархины саажилттай хүүхдүүдийг аваад сэргээн засах эмчилгээ хийж эхэлсэн. Өдийг хүртэл төрөл бүрийн арга барил туршиж, гадаад дотоодоос эмч мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан, туршлага солилцсон. Эхэндээ хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нууж, таваас найман нас хүртэл нь гэрээр асарч сувилах нь их байсан бол одоо эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн хөгжүүлэх талаар харьцангуй ойлголттой болжээ. Аль болох хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэдэнгүүт цэцэрлэгт хамруулах нь үр дүнтэй. 2008 оноос манай цэцэрлэг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд авдаг болж, нэг ой таван сартайгаас нь цэцэрлэгт авч эхэлсэн. Орон нутгаас ирсэн, нийслэлд байдаг хэнийг ч хэдийд ч зориод ирэхэд нас болон онцлог, түвшинд нь тохирсон тэгш хамруулах боловсрол олгохыг зорьдог. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд сурч, гадаадад боловсрол эзэмшдэг болсон дэвшлүүд элбэг гарсан” хэмээлээ.

Энэ ангийг жишиг анги болгож тохижуулахаар эцэг, эхчүүд нэгдсэн байна

Ийнхүү улсын хэмжээнд тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын ганц цэцэрлэг олон жилийн дараа стандартад нийцсэн шинэ байртай боллоо. Хоёрхон жилийн өмнө хоёр давхар, зургаан бүлэгтэй хүйтэн байранд арай ядан үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо байдал эрс өөрчлөгдсөн. Гэхдээ л шинээр хүлээлцэж аваад удаагүй байраа тордож, ангиудаа тохижуулж, үр хүүхдээ тав тухтай, таатай орчинд сургаж хөгжүүлэхийг эцэг, эх, багш бүгдээрээ л хүснэ.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.217.173) 2020 оны 09 сарын 23

аль болгоныг төр даах вэ дээ наад том байшингийн чинь халаалт цахилгаан гээдэг төрийн нуруун дээр бөөн мөнгийн дарамт ирж банйа хүмүүс болон аж ахуйн нэгжээс хандив гуйж л тохижуулах хэрэгтэй дээ дарга нар өөрсдөө идчихгүй санаачлага гаргавал хүмүүс тусална дээ

0  |  0
zochin(1.75.239.46) 2020 оны 09 сарын 22

Mgl hunii ajil zan iim olhoogui hiij ugsun buren guithed hiij ugchuh heregtei btal dandaa yumiig haltuurdana iim olhoogui bodood uls oron hugjuhgui yaduu ard tumen n uurdiinhu tuluu thenthdgui tenguud hohnee sunvul tna... uurusdiihu ur huuhdiin tuluu hun dor burnee hicheegui bol tur bainga ard tumnee huursan hudalch.d heveer bna da helehch muu ug oldohgui yum

0  |  0
Top