Цахим шилжилтэд шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

Нийслэлийн төвийн Сүхбаатар дүүрэг 145 мянган хүн амтай. Энэ дүүрэгт томоохон их, дээд сургууль, оффисын барилгуудаас эхлээд Засгийн газрын ордон байрладаг тул өдөртөө 700 орчим мянган хүн зорчдог. Иймд дүүргийн Эрүүл мэндийн төв ачаалалтай ажилладаг бөгөөд өдөрт 1200-1600 иргэн үйлчлүүлдэг юм байна.

Дэлхий нийтээр цар тахлын дэглэмд шилжиж төвлөрлөөс татгалзахыг шаардаж байгаатай холбоотой СБД-ийн Эрүүл мэндийн төвөөс бүртгэл, мэдээллийг цахимаар олгоход анхаарч буйг дүүргийн Тамгын газраас дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа аж.

Тодруулбал, 2020 онд дүүргийн төсвөөс 280 сая төгрөгөөр Эрүүл мэндийн төвд 61 ширхэг есдүгээр үеийн иж бүрэн компьютер, клиник сувилалд эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж, 20 хорооны өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт компьютер олгосныг СБД-ийн Засаг дарга Х.Болормаа гардуулсан юм.
 


Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж гардуулах үеэрээ СБД-ийн Засаг дарга Х.Болормаа “Ковид-19” цар тахлын үед иргэддээ хүндрэлгүй үйлчилгээ үзүүлэх үүднээс эрүүл мэндийн салбарт анхаарч байна. Дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 600 орчим сая төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулжээ. Өнөөдөр эрүүл мэндийн төвд хамгийн сүүлийн үеийн компьютер, зургаан төрлийн аппарат, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 40 сая төгрөгийн компьютер гээд нийт 280 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг өгч байна. Ингэснээр эрүүл мэндийн төвүүд цахим шилжилтийг хийхэд дөхөм болох юм. Манай дүүргийн эрүүл мэндийн салбар хороодод ажиллаж, үзлэг оношилгоо сайн хийдэг. Дотор, мэдрэл, хавдар, харшил, ахмад, эмэгтэйчүүд, хүүхэд, сэтгэц, БЗДХ, ЭХО зэрэг 12 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг 1-20 дугаар хороонд ажилласан нь ихээхэн үр дүнтэй ажил болсон” хэмээлээ.

СБД-ийн Эрүүл мэндийн төв 72 эмч, 72 сувилагчтай. Цахим шилжилтэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсандаа тэд баяртай байлаа. Учир нь орчин үеийн программууд нь хурд, хүчин чадал сайтай компьютер шаарддаг аж. Одоогоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэлд шилжих эхлэл тавигдсан бөгөөд эмчилгээ, оношилгооны цаг бичүүлэх дараалал үүсэхээ больсон байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтын групп тогтоох явцыг цахим хэлбэрт шилжүүлснээр 300-аад хүн цугладаг байсныг 96 хувиар бууруулж чадсан үзүүлэлт гарчээ.

Дашрамд дурдахад, СБД-ийн нэгдсэн эмнэлэг нь менежментийн хувьчлалаар  ажилладаг бөгөөд төрийн үйл ажиллагааг түншлэлийн гэрээгээр хийдэг юм байна. Тиймээс дүүргийн нэгдсэн эмнэлэг шинээр барих шаардлагатай болжээ. Нөгөөтээгүүр нийгмийн хөгжлийг дагаад өвчлөлийн бүтэц өөрчлөгдөж байгаа тул төрөлжсөн нарийн мэргэжлийн нэгдсэн эмнэлэг байгуулах шаардлагатай болсон байна. Эл шаардлагыг соргогоор мэдэрч СБД-ийн удирдлагууд 2018 оны давсан орлого болох 16 тэрбум төгрөгөөр 250 хүний ортой, хүүхдийн болон том хүний стандартын шаардлага хангасан нэгдсэн эмнэлэг барих ажлын эхлэлийг тавиад байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.91.115.40) 2020 оны 09 сарын 23

Дүүрэг НЭтэй болохгүй бол тэр эмнэлэг нэг хүний дарангуйлалд орсон хүнд эмнэлэг хэцүү нь үнэн

0  |  0
hun(64.119.17.163) 2020 оны 09 сарын 21

энэ сонгуулийн шоу юу

0  |  0
zzz(122.201.24.138) 2020 оны 09 сарын 21

Hurdan shine emlegee bariarai ter huwiin statustai emleg bol zugeerl daranguilliin vvr uurhai shuu dendvv ashgiin tuluu

0  |  0
Top