ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 09 сарын 22

Өнөөдөр 2020.09.22. Энэ оны 265 дахь өдөр бөгөөд он дуусахад 100 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 39 минутад мандлаа. 18 цаг 21 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 18 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн заан хамгаалах өдөр, Дэлхийн машингүй өдөр бол Болгарт Тусгаар тогтнолын баяр, Латви, Литвад Балтын ард түмний эв нэгдлийн өдөр, Малид Тусгаар тогтнолын өдөр, Украинд партизаны алдрын өдөр, Казахстанд үндэстний хэлний баяр, АНУ-д бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч Роналдо, Италийн дуучин Андреа Бочелли, Английн жүжигчин Том Фелтон, АНУ-ын рок дуучин Жоан Жетт, ОХУ-ын олимпын аварга, туялзуур сэлэмч Павел Колобков нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1757 оны энэ өдөр Хойдын ноён Амарсанаа Оросд өвчнөөр нас баржээ.

1792 онд Францын Бүгд Найрамдах Улс байгуулагджээ.

1862 онд АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн хар арьст боолуудыг чөлөөлж байгаагаа зарлалаа.

1869 оны энэ өдөр Австрид дэлхийн анхны шуудангийн ил захидал гарчээ.

1995 онд Time Warner корпорац 7,5 тэрбум ам.доллароор Тед Тернерийн TBS компанийг худалдан авчээ.

1997 онд Японы X JAPAN хамтлаг тарсанаа зарлаж байв.

Өнөөдөр үс засуулвал өлзийтэй сайн, өнгө зүс сайжирна.  

Энэ өдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв зүйд хянамгай хандууштай. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхтгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyuntuya Sumiya(66.181.161.67) 2020 оны 09 сарын 22

Сайн байна уу. Надад 9р схрын 13ны өдрийн Энэ өдөр зурхай хэрэгтэй байна. Zindaa.mn рүү орсон боловс тэр өдрийнх нь байхгүй бн.

0  |  0
Top