Цэргийн гурван төрөлтийн аваргууд тодорлоо

2020 оны 09 сарын 21

Хуурай замын цэргийн командлалын нэрэмжит Зэвсэгт хүчний 2020 оны аварга шалгаруулах цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, мэргэн буудагчийн 2 төрөлт, саадын зурвасын тэмцээнүүд Хужирбулан дахь Сургалтын төвд явагдаж байгаа билээ. Энэ сарын 18-ны өдрөөс эхэлсэн энэхүү тэмцээний цэргийн 3 төрөлтийн тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргасан байна.

Цэргийн 3 төрөлтийн тэмцээнд гранат шидэлтийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Н.Пүрэвсүрэн 129 оноогоор, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч С.Идэрболд 124 оноогоор, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн тамирчин, дэд ахлагч М.Лхагвасүрэн 119 оноогоор эзэлсэн байна.

Харин буудлагын төрөлд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тамирчин, ахлагч Ч.Нямренчин, ҮБХИС-ийн тамирчин, ахлагч Б.Батзаяа, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч С.Эрдэнэбилэг нар эхний байруудад шалгарсан байна.
Гүйлтийн төрөлд нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Цолмонбаатар 11.04 цагийн амжилтаар, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчин, ахлагч Л.Лхагва 11.10 цагийн амжилтаар, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ахлагч Б.Очироо 11.28 цагийн амжилтаар шалгарсан байна.

Тус төрөлдөө хувийн нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэд ахлагч Б.Гэрэл-Од 236 оноогоор нэгдүгээр байр, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ахлагч С.Батцэнгэл 228 оноогоор хоёрдугаар байр, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тамирчин, ахлагч А.Алтансүх 221 оноогоор гуравдугаар байр эзэлсэн байна.

Ийнхүү цэргийн гурван төрөлтийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги 1490 оноогоор тэргүүлж, дэд хурандаа Т.Тогмиддүүмий захирагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар анги 1489 оноогоор дэд байрт, хурандаа Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл 1337 оноогоор гуравдугаар байрт шалгарлаа.

Тэмцээн цэрэгжлийн буудлага, мэргэн буудагчийн 2 төрөлт, саадын зурвасын тэмцээнүүдээр үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 36 нэгтгэл, анги, байгууллагын баг тамирчид цэрэгжлийн буудлагаар өрсөлдөж байна.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Эх сурвалж: Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top