Жаргалтай хотын ЖАРГАЛГҮЙ иргэдэд багтаж суух автобус ч АЛГА

2020 оны 09 сарын 21

Нийслэлийн удирдлагуудын тооцож, дүгнэснээр 92 хувийн АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАРЧУУД шинэ долоо хоногийн эхний өдрийг бухимдалтайгаар эхлүүллээ.

Гурав орчим настай жаахан охиндоо “Яанаа, миний охин хоёулаа хоцрох нь ээ” хэмээн хэлэх ээжтэй автобусны буудал дээр таарлаа. Ээж, охин хоёрт багтаж, суух автобус олдохгүй, гараа хэчнээн өргөөд ч түгжрэл дунд  такси олдохгүй лав л 20 минут болно лээ.

Ингээд хэлэхээр автобус унаанд багтахгүй, такси зогсохгүй  бол алхана л биз гэж чичлэх хүмүүс магадгүй байх биз. Гэвч өглөө, оройдоо  хүйтэн байх болсон эдгээр өдрүүдэд  хүүхэд тэврээд, хөтлөөд нэг километр газар ч алхахад амаргүй л дээ.

Аргаа барсан зарим нь хоёр, гурав орчим настай болов уу гэмээр жаахан хүүхдүүдээ  тэвэрсэн чигээрээ зүтгэж, хүмүүс дунд чихсээр байгаад автобусанд арайхийн багтаж байгаа нь ч харагдав. Гол нь тэгж чихэлдэн орох зуур  зарим  хүүхэд  айж цочирдсондоо уйлж байгаа нь ч харагдсан.

Хэрэв нийтийн тээврийн автобус нийслэлчүүдэд  хүртээмжтэй байсан бол юу гэж л жаахан хүүхдүүдээ тэврээд картын бараанд оочерлож буй аятай дайрах вэ дээ.

Үнэхээр л Улаанбаатарын иргэд 92 хувийн аз жаргалтай байгаа юм бол нийтийн тээврийн үйлчилгээ нь асуудалгүй байх ёстой биз дээ. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ.

Зуны гурван сард арай багасаад байсан түгжрэл хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн нэмэгдсэн. Өнөөдрөөс хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлснээр түгжрэл нэмэгдэхээс гадна нийтийн тээврийн салбар нь ачааллаа дийлэхгүй байна. Иргэдийн хувьд гэрээсээ гараад нийтийн тээврээр үйлчлүүлж, зорьсон газраа хүрнэ гэдэг жинхэнэ шүдний өвчин болж байна.

Түгжрэл бууруулахад олон жил сар шаардагдаад байгаа юм бол ядаж энэ нийтийн  тээврийн автобусны тоогоо нэмэх хэрэгтэй шүү дээ. Автобус хоорондын ирж байгаа цагийг харахад тэгтлээ удахгүй байгаа юм.

Гэсэн мөртлөө автобусны буудал дээрх иргэдийн тоо багасахгүй, олон хэвээрээ байгаагаас харахад оргил цагаар нийтийн тээвэр ачааллаа дийлэхгүй байгаа нь харагдаж буй юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 18-ны өдөр хэлэхдээ “Нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийх ажлууд он гараад хэрэгжиж эхэлнэ” гэж байсан.

Гэвч тэрнээс нь хойш есөн сарын хугацаа өнгөрлөө. Хааана байна тэр шинэчлэл нь.

Б.Отгонсүх дарга хэлэхдээ “Нийтийн тээврээр өдөртөө 318.958 хүн 759.921 удаагийн зорчилт хийдэг. 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийгдээгүй. Нөхөн хангалтаар л явж байна. Тиймээс 2020 онд нийтийн тээврийн салбарыг эрс шинэчлэх бодлогын ажлууд хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах болно. Түүнчлэн он гараад хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэж байсан.

Сонирхолтой нь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан 2020 оны долоодугаар сарын 6-ны өдөр  “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцах үеэрээ  “2020-2021 онд  нийтийн тээврийн салбарт 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ” хэмээн хэлж байлаа.

Б.Отгонсүх даргын хэлж ярьсан үгийг найман сарын дараа Ж.Батбаясгалан дарга давтан ярьж байгаа юм л даа. Холбогдох байгууллагууд нь ингээд асуудлаа ярьсан хэвээрээ. Иргэд нь жаргалтай хотдоо бухимдсан хэвээрээ л байна.

Ерөнхий сайд түгжрэлийг бууруул гэсэн үүргийг холбогдох газруудад өглөө гэсэн албан мэдээ гараад л байдаг. Хэчнээн үүрэг өглөө гээд хэрэгжихгүй бол ямар хэрэг байгаа юм. Сайд дарга нар хэчнээн загнаж, шоудаж, зурагтаа гарлаа гээд маргааш нь бугласан асуудал хэвээрээ л бол ер нь ямар хэрэг байгаа юм.

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэл бууруулах 32 санал дэвшүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэдгээр саналуудаас нь эргэн сануулахад: Нийслэлийн дөрвөн зах хэсэгт хоёр мянган автомашины зогсоол барих, орон нутгийн дугаартай машиныг нийслэлд нэвтрүүлэхгүй байх; Ажилтан, ажилчдын нэгдсэн тээврийн үйлчилгээг түлхүү нэвтрүүлэх; Сургууль цэцэрлэг, албан байгууллагуудын ажил орох, тарах цагийг зөрүүлэх; Торгуулийн зөрчилтэй, татвараа төлөөгүй автомашиныг хотын төв рүү нэвтрүүлэхгүй байх гэхчлэн саналуудыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэгдэж байгаа юм.

Хэдий тийм ч эдгээр нь замын түгжрэлийг хэд хэчнээн хувиар бууруулах боломжтой гэсэн нарийн хувь, тооцсон судалгаа одоогоор алга байна.

Ер нь манай улсад аливаа шийдвэрийг гаргахдаа бодитой судалгаанд тулгуурлах гэхээсээ туршсан, сонжсон байдлаар гаргадаг муу зуршилтай. Гэвч замын түгжрэлийг шийдвэрлэхдээ дур зоргын санаануудаа туршиж, цаг алдахаа больмоор байна. Дорвитой шийдлүүд олсон бол хэрэгжүүлдэг баймаар байна.

Нийтийн тээврийн автобусны заримыг экспресс маягийн болгох, дунд сургуулиудын автобусны тоог нэмэх гэхчлэн түгжрэлийг бууруулахад хувь нэмэртэй шийдлүүд бий. Хотын төвд бөөгнөрсөн Их сургуулиудаа хотоос гаргах хэрэгтэй ярихгүй биш яриад л байдаг. 

Энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу зам, тээврийн салбарт хоёр томоохон төсөл хэрэгжүүлснээр түгжрэл буурна гэж салбарын өмнөх сайд мэдэгдэж байсныг сануулъя. Тодруулбал, “Тэнгэрийн тойрог” төслийг Үндэсний хөгжлийн газар, Дүүжин тээвэртэй холбоотой ажлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хэрэгжилтийг хангаж ажиллахаар болсон юм.

Тухайлбал, тэр “Тэнгэрийн тойрог” гэдэг нэртэй 6-12 метр өндөрт,  13 километр урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй,  27 орох, гарах цэгтэй  гүүрэн замыг барихад гурван жил шаардагдана.

Энэ замын нэрийг нь тойрч хэрэлдэж цаг алдаад байлгүй, хэрэгжвэл түгжрэл хэдэн хувиар буурах вэ гэдэг талаас нь эрүүлээр хандахгүй бол болж, бүтэхгүй гэсээр байтал дахиад гурван жилийн хугацаа алдана. Барилгын ажлыг нь эхлүүлээгүй байтал нэг л мэдэхэд гурван жил өнгөрчихнө. Бид тэр үед хэчнээн их алдагдсан боломжийн тухай ярилаа гээд ямар ч өгөөжгүй хий хоосон яриа л болно.

Товчхондоо бол Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал, жуулчлалыг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах зэрэг олон давуу талтай ШИЙДЭЛ-ийг эртхэн л хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Судалгаагаар  замын хөдөлгөөнд өдөрт таван  цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 1/3 буюу 37 хувийг л амжуулдаг гэсэн хариултыг өгсөн байна. Энэ бол Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцоно гэдэг үнэхээр бэрх зүйл болсныг илтгэх мэдээлэл мөн л дөө. Анзаараад байхад зам тээврийн асуудал хариуцсан хүмүүс түгжрэл үүсгэж буй буруутнаар  хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг буруутгах хандлага нэлээд байдаг. Тээврийн цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар жолооч нар автомашин, тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд тавих, зогсох, буруу байрлуулах, эгнээ байр буруу эзлэх, гар утсаар ярих, нийтийн тээврийн автобуснууд буудалдаа орж зогсохгүй байх зэрэг зөрчлүүд гаргадаг нь түгжрэл үүсгэхэд нөлөөлж буй гэсэн байна. Тийм ч биз.

Ер нь бол түгжрэлгүй хотод амьдрахын тулд асуудлыг макро, микро бүх л талаас нь харж, шийдэхгүй бол горьгүй байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Iиргэн(202.126.90.66) 2020 оны 09 сарын 21

Автобусаар ядаж өглөө эрт 6.20 цагаас явуулж болдоггүй юм уу. Бүх хүмүүсийг зэрэг багтаах унаатай юм шиг бүх автобусаар 7 цагаас явуулах юм. Эрт явуулбал хол явах нь арай эрт суугаад явж болно доо. Манай шийдвэр гаргагч нар бүгд хөлдүү толгой юмнууд байх юм

0  |  0
Hot(192.82.70.254) 2020 оны 09 сарын 21

Батvvл метро барих гэж бхад нь ман ы пиздаакууд зогсоосон шvv!!!

0  |  0
Top