Хамгийн их ашиг орлоготой хөлбөмбөгчид

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 19

АНУ-ын санхүүгийн шинжилгээний алдарт Forbes сэтгүүлээс өнөө цагийн хамгийн их ашиг орлоготой арван хөлбөмбөгчийг тодруулжээ. Жагсаалтыг Лионел Месс, Криштиану Роналду нар тэргүүлсэн байна. Forbes сэтгүүлээс тодруулсан ашиг орлоготой 10 хөлбөмбөгчийг танилцуулъя.


10. Давид Де Хеа


Нийт орлого: 27 сая ам.доллар

Цалин: 24 сая ам.доллар

Сурталчилгаа болон бусад орлого: Гурван сая ам.доллар

Энэ жагсаалтад багтсан цорын ганц хаалгач. Премьер лиг төдийгүй дэлхий дахинд ур чадвараараа гайхагдсан цөөхөн хаалгачдын нэг нь Давид Де Хеа. Премьер лигт түүн шиг өөрт ашигтай гэрээ байгуулж чадсан хаалгаж үгүй. Цалингаас бусад орлогынхоо дийлэнхийг сошиал сүлжээн дэх идэвхтэй хуудаснаасаа олдог гэдгээрээ алдартай.


9. Роберт Левандовски


Нийт орлого: 28 сая ам.доллар

Цалин: 24 сая ам.доллар

Сурталчилгаа болон бусад орлого: Зургаан сая ам.доллар

Та гайхаж байж магадгүй. Баейрн Мюнхен клубийн хамтаар Бундеслигт босоо байдаг түүнийг үүнээс ч их орлого олох боломжтой гэж бодож байсан байж болох. Орлогынхоо дийлэнхийг үндсэн цалингаараа бүрдүүлдэг тэрээр өөрийн зэрэглэлийн ур чадвартай тоглогчидтой харьцуулахад сурталчилгаанаас харьцангуй бага орлого олдог аж. Цар тахлын улмаас лигүүд завсарлаагүй бол гарцаагүй дэлхийн шилдэг хөлбөмбөгч болох байсан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Польшийн болон Германын дунд зэрэглэлийн компаниудтай гэрээ байгуулж, сошиал хуудсуудаасаа бусад орлогоо олдог ажээ.


8. Гарет Бейл


Нийт орлого: 29 сая ам.доллар

Цалин: 23 сая ам.доллар

Сурталчилгаа болон бусад орлого: Зургаан сая ам.доллар

Магадгүй Уельсээс түүнээс өмнө ийм их ашиг олж байсан хөлбөмбөгч байхгүй байх. Реал Мадридад гялалзсан тэрээр гольф сайн тоглодог гэдгээрээ алдартай. Одоо тоглож байгаатай нь харьцуулахад маш их хэмжээний цалин авдаг гэж шүүмжлэх хэсэг бас бий. Бусад орлогын эх үүсвэр нь гольфийн хувцас хэрэглэлийн бренд байдаг аж.


7. Антуан Гризманн


Нийт орлого: 33 сая ам.доллар

Цалин: 28 сая ам.доллар

Сурталчилгаа болон бусад орлого: Таван сая ам.доллар

Атлетика Мадрид клубт гялалзсан тэрээр Барселона клубтэй маш сайн гэрээ үзэглэж чадсан. Гэхдээ ур чадвараа гаргаж чадахгүй байгаа гэж фенүүд, мэргэжилтнүүд түүнийг шүүмжилдэг. Францын хөдөө аж ахуйн компанитай томоохон гэрээ үзэглэж цалингаас бусад орлогоо бүрдүүлжээ.


6. Поль Погба


Нийт орлого: 34 сая ам.доллар

Цалин: 28 сая ам.доллар

Сурталчилгаа болон бусад орлого: Зургаан сая ам.доллар

Клубийн хувьд ур чадвараа гаргаж тоглож чаддаг ч томоохон хэмжээний цом хүртэж байсан нь ховор. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа тэрээр гэрээгээ шинээр үзэглэж өндөр орлоготой хөлбөмбөгчдийн тоонд багтжээ. Цалингаас бусад орлогын дийлэнхийг Activision болон Pepsi компанийн сурталчилгааны гэрээ бүрдүүлдэг.


5. Мохамед Сала


Нийт орлого: 37 сая ам.доллар

Цалин: 24 сая ам.доллар

Сурталчилгаа болон бусад орлого: 13 сая ам.доллар

Гайхалтай авьяас билгээ, ухаалаг дасгалжуулагчийн ачаар улам төгөлдөржүүлж чадсан тэрээр хамтран зүтгэгчдийнхаа хамтаар Ливерпул клубийг дэлхийн хамгийн их орлоготой таван клубийн нэг болгож чадсан. Гайхалтай авьяастай түүнтэй Vodafone компани урт хугацааны гэрээ байгуулжээ.


4. Кильян Мбаппе


Нийт орлого: 42 сая ам.доллар

Цалин: 28 сая ам.доллар

Сурталчилгаа болон бусад орлого: 14 сая ам.доллар

Энэ жагсаалтад багтсан хамгийн залуу хөлбөмбөгч бол Кильян Мбаппе. Өдгөө 21 настай тэрээр 2018 оны ДАШТ-ний үеэр өөрийгөө хангалттай батлан харуулсан. Францын лигийн түүхэнд 222 сая евро хүрч зарагдаж байсан түүх үгүй. Тиймээс түүнийг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч гэж үнэлдэг билээ. Удахгүй бууриа сэлгэх магадлалтай гэгдэж буй түүнтэй Жордан болон Nike брендүүд өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулжээ.


3. Неймар


Нийт орлого: 96 сая ам.доллар

Цалин: 78 сая ам.доллар

Сурталчилгаа болон бусад орлого: 18 сая ам.доллар

Хөлбөмбөгчийн замналдаа Дэлхийн аваргаас бусад бүх шагналыг “түүсэн” тэрээр жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Барселона клубт гялалзаж байсан тэрээр одоо Парисын “баян” багт хүчин зүтгэж буй. Энэ улиралд тэрээр Nike компанитай байгуулсан гэрээгээ цуцалж Puma компанитай 15 жилийн маш өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулсан билээ.


2. Криштиану Роналду


Нийт орлого: 117 сая ам.доллар

Цалин: 70 сая ам.доллар

Сурталчилгаа болон бусад орлого: 47 сая ам.доллар

Өнөө цагийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж буй хоёр тоглогчийн нэг энэ жагсаалтын аман хүзүүнд бичигджээ. Түүний сошиал хуудсуудын нийт дагадчын тоо 500 саяас давдаг. Тиймээс цалингаас бусад орлогын дийлэнхийг сошиал хуудсаараа бүрдүүлдэг байна. Түүнчлэн спортын хувцас хэрэглэлийн Nike компанитай урт хугацааны өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулсан гэдгийг дурдах нь зүй.


1. Лионел Месси


Нийт орлого: 126 сая ам.доллар

Цалин: 92 сая ам.доллар

Сурталчилгаа болон бусад орлого: 34 сая ам.доллар

Магадгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгч ч байж болох Аргентин од жагсаалтыг орлогоороо тэргүүлжээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр зургаан удаа тодорч, хөлбөмбөгтэй холбоотой бүх рекордыг эвдсэн тэрээр орлогоороо ийнхүү тэргүүллээ. Зөвхөн цалин л гэхэд 92 сая ам.доллар. Түүний цалингаар Ла Лигийн дунджаас доогуур хоёр ч баг алзахгүй хоёр улирал тэсэж чадна. Цалингаас бусад орлогын дийлэнхийг Adidas компанитай байгуулсан гэрээ нь бүрдүүлдэг ажээ. Энэ улирал дуусгаад бууриа сэлгэх түүний орлого дараа жил үүнээс өсөж магадгүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top