Абэ 2013 оноос хойш анх удаа Ясүкүни сүмд зочилжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 19

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр /2020.09.19/ Токио хотын төвд байрладаг Ясүкүни сүмд зочилжээ. Шинто шашны энэхүү сүмд Японы цэрэг эрс болон Дэлхийн хоёрдугаар дайны дараа цаазлуулсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн нэрсийн жагсаалт хадгалагддаг бөгөөд Бээжин, Сөүл энэхүү сүмийг Японы өнгөрсөн үеийн түрэмгийллийн бэлгэ тэмдэг хэмээн үздэг билээ.

Тэрбээр Засгийн газрын тэргүүний албыг орхисон тухай бурхдад дуулгах зорилгоор энэ сүмд зочилсон гэж тайлбарласан байна. Хамгийн сүүлд Абэ Шинзо 2013 онд энд ирж  байжээ. Тухайн үед түүний энэ үйлдлийг БНХАУ, БНСУ-ын зүгээс ширүүн шүүмжилж байсан юм. Үүнээс хойш Абэ тус сүмд тогтмол өргөл явуулж байсан хэдий ч биечлэн очиж байгаагүй билээ.

Ясүкүни сүмд XIX зууны дунд үеэс хойш болсон тулааны талбарт амь үрэгдсэн бүх япончуудын нэрсийг жагсаалт хадгалагддаг. Тус жагсаалтад Дэлхийн хоёрдугаар дайны дараа цаазлуулсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн нэрс орсон байдаг тул Японы эрх баригчид энэхүү сүмд зочлохыг БНХАУ, БНСУ болон Азийн бусад орнууд Японы түрэмгийллийг зөвтгөж байна гэж хүлээн авч, эсэргүүцдэг билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 09 сарын 20

зөв.

0  |  0
Top