КОВИД-19 | Нүүрний пластик хаалт хамгаалах чадвар муутай

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

АНУ-ын Флоридагийн их сургуулийн эрдэмтэд нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт коронавируст халдвараас сэргийлэх эсэхийг судалжээ. Судалгааны дүнгээр нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт нь даавуун болон мэс заслын амны хаалттай харьцуулахад хамгаалах чадвар муу болохыг тогтоожээ. Тиймээс судлаачид даавуун болон мэс заслын амны хаалтыг илүүтэйгээр хэрэглэхийг зөвлөж байна.

Канадын эрдэмтэд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх шинэ эм (GC373, GC376)-ийн туршилтыг мууран дээр хийжээ. Судалгааны дүнгээр уг эм халдварын эсрэг үр дүнтэй байсан гэнэ. Тиймээс судлаачид хүн дээрх эмнэлзүйн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Мөн АНУ-ын эрдэмтэд өвчний эмнэлзүйн мэдээлэл дээр үндэслэн эстроген даавар нь коронавируст халдварын хүндрэлээс хамгаалдаг байж болзошгүй гэж дүгнэжээ. Тиймээс цаашид энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх аж.

Тэгвэл Шотландын Эдинбургийн их сургуулийн судалгааны багийн коронавируст халдвартай 19-өөс доош насны 651 хүүхдэд хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд хүндэрч, нас барах эрсдэл ховор гэж үзжээ. Харин архаг болон суурь өвчтэй хүүхэд эндэх эрсдэлтэй аж.

Улс орнууд халдвар, хавьтлыг илрүүлэх аргыг улам боловсронгуй болгосоор байна. Хятад, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапурт утасны апп ашиглан байршил тогтоох аргаар хавьтлыг судалж байгаа аж. Мөн хиймэл оюун ухаан ашиглан ойрын хавьтлыг 95 хувь хүртэл илрүүлэн тусгаарлаж байна.

 

Top