Д.Дамдинцэрэн: Зорчих эрхээ хасуулсан этгээд цахим бугуйвчийг сүлжээтэй байлгах үүрэг хүлээнэ

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Зорчих эрхийг хязгаарлах ялыг ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан дээрх ялыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар бэлтгэл ажил хийж байгаа талаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнтэй ярилцлаа.


 -УИХ-аас 2015 онд баталж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хуульд зорчих эрх хязгаарлах ял шинээр орж ирсэн. Гэвч хэрэгжүүлэхийг нь хойшлуулсаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр Засгийн газрын хурлаас уржигдар шийдвэрлэлээ. Чухам юунаас болж хууль тэр даруйдаа хэрэгжихгүй өдий хүрэв?

-Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжих хугацааг хойшлуулаад байсан шалтгаан нь хэрэглэх цахим төхөөрөмжтэй  холбоотой. Аль улсаас авахаа шийдвэрлэхийн тулд маш их судалгаа хийсэн юм. Дэлхийн улс орнуудад хэрэглэж буй, зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд ашигладаг цахим төхөөрөмж үнийн хувьд ч, овор хэмжээгээрээ ч өөр өөр байгаа. Ажиллах горим, программ хангамж, манай орны нөхцөлд хамгийн боломжтой, хямд үнэтэй, хүн удаан хугацаагаар гар, хөлдөө зүүж явахад эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхгүй байх ёстой гээд судлах зүйл их. Жишээ нь, элдэв харшил үүсгэхгүй, цацраг туяа буюу хүний биед хортой бодис  ялгаруулахгүй байх зэргээр нарийн судалгаа хийсэн. Энэ мэт шалтгаанаар хоёр удаа хойшилсон юм. Засгийн газрын хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зөв гэж үзээд тогтоол гаргаж, холбогдох ажлуудаа хийж эхэлж байна.

-Мэдээж шүүхээс ногдуулсан ялыг хэрэгжүүлэх учраас танай байгууллага гол ажлыг нь хариуцах байх. Цахим төхөөрөмжийг хянаж, удирдах төв гэж байгуулах нь гарцаагүй. Хаана энэ төв байх вэ. Үүнийг дагаад танай бүтэц, орон тоонд өөрчлөлт орох уу?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба энэ ялыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Тус алба орон тоо дутуу байгаа л даа. Эрүүгийн хуульд орсон ялыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон тоог нэмэх шаардлагатай. Энэ ялыг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулж тодорхой тооны орон тоо бий болж, хүн хүч нэмнэ. Ихэвчлэн инженер, техникийн ажилтнууд, засвар үйлчилгээ, программ хангамж хариуцаж ажиллах ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг. Ойролцоогоор 20-иод хүн нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Улаанбаатар хот дахь хяналтын төвдөө болон орон нутаг дахь манай байгууллагын харьяа нэгжүүдэд уг ялыг хэрэгжүүлэх ажил хариуцсан алба хаагчид ажиллах юм. Цахим гав бол техник учраас засвар үйлчилгээ хийж таарна. Дээр нь программ хангамжийг нь шинэчлэн боловсронгуй болгох ажил явцын дунд  хийнэ шүү дээ. Тэгэхээр эдгээр ажлыг хариуцан гүйцэтгэх орон тоо цаашид нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

Цахим хяналтын төв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт  байрлана гэж тооцсон. Цаашдаа уг төвийн барилга байгууламжийг барих, нэгдсэн хяналтын төвтэй болохоор зорьж байна. Гэхдээ энэ ажил 2021 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд хийгдэхгүй. Тиймээс хяналтын төв бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээрээ байрлана. Зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн хүмүүсийг Улаанбаатар хот дахь хяналтын төвөөсөө  хянана. Уг төвөөс орон нутаг руу мэдээлэл дамжуулах юм.

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийн тулд журам боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтнаар батлуулах шаардлагатай юу?

-Хуулийг хэрэгжүүлэхийн тулд нарийвчилсан зохицуулалт хийсэн журмууд батална. Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх журамд ял шийтгүүлсэн хүнийг зөвхөн цахим төхөөрөмжөөр хянаад зогсохгүй биечилсэн хяналт тавихаар журам боловсруулж байгаа. Өөрөөр хэлбэл, хорихоос өөр төрлийн ял хэрэгжүүлэх ажил хариуцсан алба хаагч шийтгүүлсэн хүний ажлын газар, орон нутагт нь очиж үзэн хяналтаа тавина гэсэн үг. Ажлынхаа байрандаа ямар хүмүүстэй байна, сахилгын болон хөдөлмөрийн дүрэм журмыг зөрчсөн, эсэх, хамт олон дундаа ямар харилцаатай байдаг, албан байгууллага болон сургуулиас хэрхэн тодорхойлсон зэргийг манай алба хаагч биечлэн очиж шалгалт хийх зэрэг ажил давхар хийх юм.

Монгол Улсын Эрүүгийн хуульд хорихоос өөр дөрвөн төрлийн ял байдаг. Торгох, нийтэд тустай ажил хийх, зорчих эрх хязгаарлах, эрх хасах гэсэн ялын дөрвөн төрөл бий. Гурвыг нь хэрэгжүүлж байгаа. Дөрөв дэх нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих зорчих эрх хязгаарлах ял юм. Ингэснээр Эрүүгийн хуульд заасан дөрвөн төрлийн ял бүрэн хэрэгжинэ гэсэн үг.

-Энэ ялыг хуульд оруулсан, хэрэгжүүлсний ач холбогдол юу вэ?

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэж эхэлснээр хорих ялын тоо буурах юм. Хоригдогчдын тоо ч багасна гэсэн үг. Ер нь олон улсын чиг хандлага бол энэ төрлийн ялыг нэлээд хэрэглэж байна. Ач холбогдол нь бол нийгэмд ч, хуулийн хэллэгээр криминилоги талдаа ч, улс орны эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Нэг хоригдолд өдөрт зарцуулж байгаа төсвийн зардал хоёр дахин багасаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоолны, байрны, бусад хэрэглээ, өдөр тутам хяналт тавьж буй харуул хамгаалалтын зардал буурна. Ер нь тухайн хүн амьдарч байсан орчиндоо ял шийтгэлээ эдэлнэ гэхээр дээрх бүх зардлыг хэмнэж байгаа юм.

Нийгэмд ямар ач холбогдолтой вэ гэхээр хорихоос өөр төрлийн, тэр дундаа зорчих эрх хязгаарлах ял шийтгэл бол хийсэн хэрэг, хувь хүний зан байдалд тааруулж хорихгүйгээр ял оноож байгаа хэлбэр юм. Энэ ял тухайн хүний өөрийнх нь нийгэмд болон гэр бүлдээ хүлээж байгаа үүрэгтэй салшгүй холбоотой. Хэрэв ял шийтгүүлсэн хүн өрх толгойлсон байвал ажил хөдөлмөрөө эрхлэх, үр хүүхдээ тэжээх, хүмүүжүүлэх, аливаа сургуульд сурч байгаа бол хугацаа алдахгүйгээр үргэлжлүүлэх нөхцөл бүрдэх юм.

Магадгүй болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, ганц удаа алдаа гаргалаа гэж бодоход хорих ял оноосноор тэдний гэр бүлийнхнийг давхар ялладаг тал бий. Энэ бүхнийг зорчих эрх хязгаарлах ял өөрчлөх боломжтой гэж үзэж байгаа.  Уг төрлийн ялыг анх 1983 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг. Азийн зарим өндөр хөгжилтэй оронд 2007, 2008 оноос хэрэгжүүлсэн бол Европын улсуудад 2000 оны эхнээс хуульдаа оруулж ашиглаж үр дүнтэй юм байна гэж дүгнэсэн. Манай орны хувьд харьцангуй сүүлд орж ирж байна л даа.

-Мэдээж энэ төрлийн ялыг гар утасны сүлжээ бүхий газарт хэрэгжүүлэх боломжтой байх. Тийм сүлжээгүй, хөдөөгийн малчинд энэ ялыг оноовол хэрхэн хэрэгжүүлэх бол?  

-“Цахим бугуйвчийг эвдэхгүй, гэмтээхгүй, тогтоосон хил хязгаарыг зөрчихгүй, байнга сүлжээтэй газар байна” гэдгээ хамгийн түрүүнд нотлох үүрэг тухайн хүн хүлээнэ. Хоёрдугаарт, зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн этгээд цахим бугуйвчийг байнга цэнэгтэй, сүлжээтэй байлгах үүргийг өөрөө хүлээхээр нарийвчлан журамлаж байгаа. Уг төхөөрөмжийг санаатай эвдэж гэмтээх, эсвэл тогтоосон дэглэм журмыг зөрчсөн тохиолдолд ялыг нь хүндрүүлж, хорих ялаар солих саналыг хуулийн хүрээнд шүүхэд манай байгууллагаас хүргүүлэх юм. Тэгэхээр тухайн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ялыг нь хүндрүүлнэ гэсэн үг. Мэдээж гэмт хэрэг үйлдсэн бол ямар нэг байдлаар хариуцлага хүлээх нь зайлшгүй. Тэгэхдээ тухайн хүний зан байдал дахин гэмт хэрэг хийхгүй байх магадлал зэргийг харгалзаж үзээд шүүх хуульд заасан ялыг сонгож онооно шүү дээ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  мэдээлэл хийхдээ  цахим бугуйвчийг БНХАУ-аас авахаар сонгож байгаа гэж ярьсан. Өмнөх жилүүдэд БНСУ-аас авахаар яриа, хэлэлцээ хийж эхэлсэн тухай мэдээлэл сонсогдож байсан шүү дээ.

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг хаанаас авах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, эсэх гээд тал бүрийн судалгаа хийсэн талаар би ярьсан. Цаг хугацааны хувьд ч, үнэ өртөг нь ч, хэрэглэх программ хангамжийн хувьд ч БНХАУ-ын ашиглаж буй төхөөрөмж илүү тохиромжтой юм байна гэж  сонгосон. Бид БНСУ-ын техник, тоног төхөөрөмжүүдийг судалж үзсэн л дээ. Тус улсад ашиглаж буй цахим гав нэлээд өндөр өртөгтэй, цаг хугацаа шаардсан төхөөрөмж байсан учраас татгалзаад байгаа.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд эхнэртэйгээ хамт ажилладаг байсан тохиолдолд зорчих эрхийг нь хязгаарлах ял оноовол хэрхэн зохицуулах юм бол?

-Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор боловсруулан батлах журмаар зохицуулах юм. Журамд хэрхэн тусгаснаас шалтгаална. Мэдээж аль нэгэнд нь үүрэг хүлээлгэж таарна. Өөрөөр хэлбэл, “Энэ хүнд төчнөөн метрээс илүү ойртож болохгүй” гэсэн үүрэг хүлээлгэх байх. Журмын төслүүдийг боловсруулж эхэлсэн. Хууль хэрэгжихтэй зэрэгцээд журмууд бэлэн болсон байх юм. Энэ төхөөрөмжийн ажиллах горим нь хоорондоо уулзаж болохгүй байх зарчимтай. Хэн нэг нь хүчирхийлсэн, нөгөө нь хохирсон байх юм бол тухайн хоёр хүн хоёулаа төхөөрөмжтэй, хоорондоо ойртвол төв серверт анхааруулах дохио өгдөг. Хэчнээн метр зайд ойртож болох тохируулгыг программдаа суулгах юм.

-Цахим бугуйвчийг эвдэхийг оролдвол оноосон ялыг хүндрүүлэх юм байна. Тэгэхээр тухайн төхөөрөмжийг тусгай кодоор тайлна гэсэн үг үү?

-Тийм ээ. Түүнийг тийм ч амархан тайлах боломжгүй, тусгай кодтой. Чанарын хувьд ч гэсэн хүний биед гаж нөлөө үзүүлэхгүй материалаар хийсэн. Гэхдээ тийм ч хялбархан тасрахгүй. Хүний санамсаргүй үйлдлээр ч гэдэг юм уу, тасрах тайлагдах боломжгүй. Хэрэв санаатай таслахыг оролдвол төв сервертээ дохио өгөх программтай.

-Уг төхөөрөмжийг зүүгээд явж байхад ажлын газрынхан нь ч юм уу, хэн нэгэн “Энэ хүн хэрэг үйлдээд ял шийтгүүлсэн юм байна” гэж гадуурхаж, тухайн хүний эрх зөрчигдөж магадгүй л дээ. Үүнийг тооцсон болов уу?

-Тэр бүхнийг тооцоолсон учраас гар, эсвэл хөлдөө зүүх гэсэн сонголттой байгаа юм. Овор хэмжээний хувьд ч янз бүр. Бидний сонгож буй төхөөрөмж бол овор хэмжээний хувьд айхтар томгүй. Яг бугуйн цаг шиг хэлбэр, хэмжээтэй. Тэгээд ч энэ төхөөрөмж бол хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүнийг хянах зүйл. Үүнийг зүүгээд явж байгаа хүн дараа дахиж уг төхөөрөмжийг зүүхгүй юм сан гэж харамсаж, тухайн иргэнийг ухааруулах гэж л хэрэглэж байгаа юм шүү дээ. Ер нь бол энэ ял тал бүрийн ашигтай тустай, ач холбогдолтой.

-Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд бусадтай уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ орсон. Түүнийг хэрэгжүүлэхэд уг төхөөрөмжийг ашиглаж болох уу?

-Зорчих эрх хязгаарлах хуулийг хэрэгжүүлэх ажил үр дүнтэй байвал, хоёрдугаарт олон улсын жишгийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээний оронд хэрэглэж болно гэж үзэж байгаа. Энэ төхөөрөмжийг Зөрчлийн тухай хууль болон бусад таслан сэргийлэх арга хэмжээнд хэрэглэж болно. Хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж байж бусад хэрэглэх болов уу. Тийм практик олон улсад бий. Тухайлбал, гэрт нь хорих, бусадтай олон нийтийн газар уулзуулахгүй байх ч гэдэг юм уу, эсвэл олныг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх гэх мэтээр үүрэг хүлээлгэх байдлаар таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж харж байгаа.

Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (73.176.171.37) 2020 оны 09 сарын 20

Huush ene chin hujaa tsagdaagiin zurag bna shdee.ene yu bolj bnaa.

0  |  0
Монгол (103.212.116.117) 2020 оны 09 сарын 18

Монголын цэрэг, цагдаагийн мөрдөс хэзээнээс ,хэнийг сайд байхад хятадынхтай ижил болсныг та мэдэх үү?

0  |  0
Top