АЙЛЧЛАЛЫН ЗУРАГЛАЛ | 700 сая доллар, нүүрс, Монгол бичиг тойрсон БОДЛОГО

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17


БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад нэг хоног айлчлаад буцлаа.

Энэ удаагийн айлчлал коронавирусний хүнд нөхцөл байдалд болсон гэдгээрээ онцлог. Гэхдээ үүнээс илүү нөхцөл үүссэн нь монгол хэл бичгийн тухай асуудал байлаа. Тэртээ тэргүй хятадуудыг үзэн яддаг монголчуудад энэ цаг үед Хятадын Гадаад хэргийн сайд айлчилсан нь дайран дээр давс гээч болов. Талбай дээр үүнийг нь эсэргүүцэн хэсэг хүмүүс цугларсан ч эрчийг авалгүй тэгсгээд намжсан. Талбай дээр айлчлалын гадна ийм зүйл болж байхад айлчлалын үеэр төмөр замын гурван боомт нээх, 700 сая юанийн буцалтгүй тусламж авах, хоёр улсын эрх баригч намууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нэг, нэгнийхээ асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг асуудлыг ярьж хэлээд, тохироод буцлаа.

Монгол бол Монгол, Хятад бол Хятад

Айлчлалын нюанс нь 700 сая ам.долларын буцалтгүй тусламж, нүүрс авах, экспортоо нэмэгдүүлэх зэрэгт байсан мэт харагдаж болох ч үнэн хэрэгтээ монгол бичиг түүнийг тойрсон дипломат бодлого байлаа. Туурга тусгаар улсын хувьд хамгийн түрүүнд Гадаад хэргийн сайд нар уулзсан учраас энэ том бодлогыг ярих эрх угаасаа дипломат алба толгойлж буй Гадаад хэргийн сайдад байхгүй. Тиймээс иж бүрэн стратегийн түншлэлд шилжихдээ, магадгүй түүнээс ч өмнө баримталж байсан Монгол Улс БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэн үзнэ гэсэн байр сууриа илэрхийлсэн. Аль, аль нь. БНХАУ ч тэр, Монгол Улс ч тэр нэгнийхээ асуудалд хөндлөнгөөс оролцохгүй нэг ёсондоо Монгол бол Монгол, Хятад бол Хятад гэдгээ тохирчихсон.

Гэхдээ хэтээсээ их гүрэн бага буурай улс үндэстнийг басамжилдаг гэдгийг харуулсан нэг зүйл болсон нь Гадаад хэргийн сайдын айлчлалаас өмнө “Өдрийн сонин”-д өгсөн БНХАУ-ын Элчин сайдын яамны ярилцлага байлаа.

Товчлон тоймловол энэ ярилцлага нь Хятадын асуудал бол дотоодын асуудал, Өвөр Монголын асуудлыг санаатайгаар хатгаж байгаа, нүүрсний хэрэглээ тэртээ тэргүй ханасан, монголчуудыг бодоод авч байгаа гэдгийг сануулсан. Монгол Улсын нийт экспортын 68 хувь нь БНХАУ-аас хамаарч байхад энэ үг шанаа мэт тусах нь ойлгомжтой. Алсын хараа 2050 гэх хөтөлбөртөө ч бид БНХАУ-ыг 2050 он хүртээл авсаар байна гэж ойлгоод боловсруулсан байхад Элчин сайд нь ийм үгээр биднийг “халааж” орхив. Нэг улсаас эдийн засгийн хэт хамаатай байх нь үндсэндээ ийм үр дүнтэй аж. Туурга тусгаар улсын хувьд бид үг хэлж болохгүй, нөгөө талаас зөвхөн БНХАУ-ын аясыг харж бодлогоо тодорхойлно гэсэн үг.

Айлчлалын нюанс нь 700 сая ам.долларын буцалтгүй тусламж, нүүрс авах, экспортоо нэмэгдүүлэх зэрэгт байсан мэт харагдаж болох ч үнэн хэрэгтээ монгол бичиг түүнийг тойрсон дипломат бодлого байлаа.

Үүнээс өмнө дэлхийн томоохон улсууд БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрөөгүй мэдэгдэл хийснийхээ төлөө уучлал эрдэг байлаа. Том гүрнүүд нь албан ёсоор бус тоглоомын дүрэм тодорхойлдог компаниуд нь тэдний өмнөөс уучлал эрээд зах зээлтэй үлдэх замыг сонгодог байлаа. BMW, Givenchy, Chanel зэрэг дэлхийн алдартай брендүүдээс авахуулаад бидний шимтэн үзээд байгаа NBA хүртэл уучлал эрээд зах зээлтэйгээ үлдэх замыг сонгосон байдаг. Харин Монгол Улс дипломат бодлогынхоо хүрээнд хөрш улсын хувьд биенийхээ дотоод хэрэгт оролцохгүй, газар нутгийн бүрэн байдал, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдгээ дахин мэдэгдсэн хэрэг. Бид нэг зүйлийг тодорхой ойлгох ёстой. Монгол гэдэг эго энэ харилцаанд хэтэрхий жулдана гэдгийг. Тэнгэр заяат, их гүрэн байсан гэдэг ойлголт энд огт хамаагүй. Өөрийнхөө элгийг эмтэлчихгүйн тулд өрөөлийн нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хүлээн зөвшөөрснөөр хилийнхээ зурвасыг хамгаалж байгаа нь энэ юм. Хэрэв бидний статус, байр байдал потенциал арай өөр байсан бол эгогоо гаргаж болох байсан.

Хавсарсан алга бөгөөд харж үзсэн бэлэг

Бид эдийн засгийн хувьд Хятадын хажууд маш жижиг. Жижиг гэхэд хэтэрхий жижиг. Яахав Хятадын доор орлоо, их гүрний үр сад, Чингис хаан гээд л манай хэд шиг явж өгч болох л доо. Гэхдээ бодит байдал дээр, өнөө цаг дээрээ, хөрсөн дээрээ бид тэдний хаана ч хүрэхгүй. Хөрш улсын хувьд, олон жилийн дипломат найрсаг харилцаатай улсын хувьд БНХАУ-ын тусламж хэрэгтэй байсан. Үүнийг статистик тоо баримт харуулна. Нэгхэн улсыг түшиглэдэг экспорт коронавируст цар тахлаас шалтгаалан тасалдахад хүрсэн. Анх төлөвлөж байсан тооцоололдоо хүрэхгүй нь  ч тодорхой болсон. Ямар сайндаа төсвийн орлого 1.2 их наядаар буурч байхав дээ. Энэ бол оны эхний хагасын тоо шүү. Тиймээс бид Гадаад хэргийн сайдаараа, Ерөнхийлөгчөөрөө, Ерөнхий сайдаараа дамжуулаад нөхцөл байдал ийм байна экспортоо бууруулахгүй тогтвортой хадгалахыг хүссэн. Уулзалтын ерөнхий агуулга нь үнэндээ энэ тал руу чиглэсэн. Манай талаас бас нэгэн чухал зүйл хүссэн нь экспортын нэр төрлөө нэмэгдүүлэх тухай байлаа. Нэг ёсондоо ганцхан нүүрс бус мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир экспортолъё гэдэг санал тавьсан. Өмнөх гуйлтуудаас магадгүй хамгийн бүтээлч гуйлт нь ч байсан байж магадгүй. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд хариуд нь эдийн засгийн харилцаагаа улам хөгжүүлж, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх чиглэлтэй байгаагаа ч дуулгаад амжсан. Тэгэхээр худалдан авагч талд ч бас эдийн засгаа нэмэгдүүлэх сонирхол байгаа гэсэн үг. Сонирхол байгаа учраас төмөр замын гурван ч боомтыг нээхээр ноот бичиг солилцсон. Харин асуудал улс төр гээд замрахгүй байхыг монголчууд бид өөрсдөө мэднэ.
 


Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд ирэхээс бүр өмнө БНХАУ-ын Элчин сайдын ярьсан, хэлсэн рүү буцаад очъё. Цай Вень Руй гэх элчин сайд манай нүүрсний эрэлт ханачихсан, танайхыг бодож л авч байгаа гэж хэлсэн. Олон хүнийг эгдүүцүүлсэн ч энэ бол үндсэндээ үнэн. Манайх авахгүй байсан ч болно гэдгийг анхааруулсан. Монгол бичиг гээд монголчуудын дотоодод асуудал эргэж байхад манайх ийм үндэстэн шүү гэдгийг маш боловсон, дипломат аргаар сануулсан нь энэ байсан юм. Тиймээс айлчлалын хүрээнд хамгийн түрүүнд бодлогоо тодорхойлж, тусгаар улсын асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ тодорхойлж аваад дараагийн асуудалдаа орсон нь экспортоо бууруулахгүй тогтвортой өсгөх хүслээ илэрхийлсэн нь дипломат гуйлт байлаа.

Худалдан авагч талд ч бас эдийн засгаа нэмэгдүүлэх сонирхол байгаа гэсэн үг. Сонирхол байгаа учраас төмөр замын гурван ч боомтыг нээхээр ноот бичиг солилцсон. Харин асуудал улс төр гээд замрахгүй байхыг монголчууд бид өөрсдөө мэднэ.

Сэвэх дуртай, савах дуртай сошиал орчинд бас нэг зүйл тарсан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын алга хавсарсан мэндчилгээ байлаа. Тэртээ тэргүй синофоби (Хятадуудыг үзэн ядах үзэл) ард түмэнд түүний энэ үйлдэл таалагдсангүй. Эгээтэй л Сю Шү Жаныг хүрээнд орж ирэхэд бөхөлзөж, тонголзсон түшмэд, бэйсүүдтэй адилгаж эхлэв.

Энэ айлчлал коронавируст цар тахлын үед болж өнгөрсөн гэдгийг санах хэрэгтэй. Айлчлалын туршид УОК-ын гаргасан дүрэм, журмыг сахиулах, хүн хоорондын зай барих зэргийг сахиж ирсэн.
 


Коронавирус дөнгөж дэгдэж эхэлж байхад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутереш “намасте” буюу алга хавсран мэндчилэхийн ач тусыг сануулсан. Ерөнхийлөгчийн хувьд үүнийг сахисан байж мэднэ. Мань хүний толгой бөхөлзсөн нь илүүдсэн болохоос ерөнхий цаад санаа нь коронавирусний дэглэмээ л сахиж байгаа гэдгийг ойлгуулах гэсэн байх. Түүнээс биш алга хавсраад л бөхөлзөөд л байна гэж юу байхав. Тусгаар тогтнолоо ийнхүү алдлаа гэж халаглан дэвслэхийн хэрэг ч бас байхгүй.

Тэгш ойн өмнөхөн

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилсан айлчлал хоёр улсад тохиох тэгш ойн жилийн өмнөхөн тохиосон юм. Монгол ардын нам, БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой дараа жил тохионо. Эрх баригч намын дарга бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд У.Хүрэлсүх Хятадын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа энэ асуудлыг хөндөн ярилцсан. Тэгш ойн жил тохиож байгаа тул хоёр улсын эрх баригч намуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндөн ярилцсан юм. Хоёр намын харилцаагаар дамжуулан цаашлаад хоёр улсын харилцааг өргөжүүлж, стратегийн томоохон асуудалд хамтран ажиллахыг ч мөн уриалсан юм. Айлчлалын нюанс монгол бичиг тойрсон дипломат бодлого байсныг батлах нэг зүйл байгаа нь У.Хүрэлсүх БНХАУ-ын “Нэг Хятад” бодлогыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ илэрхийлсэн гэдгийг БНХАУ-ын төв хэвлэл Xinhua агентлаг мэдээлсэн.

Тэгш ойн өмнөхөн бидэнд нэг том туслалцаа үзүүлсэн нь 700 сая юанийн буцалтгүй тусламж байлаа. Энэ бол тэр чигтээ буцалтгүй тусламж гэсэн үг биш. Тал хэсгийг нь эргэн төлөх нөхцөлтэйгөөр бэдэнд өгч байгаа хэрэг. БНХАУ-ын талаас мэдээлж байгаагаар тусламжийн дийлэнх хэсэг нь коронавирусээс хамгаалах үйлс, халдвар, хамгааллын хэрэгсэлд зориулсан гэж мэдээлсэн. Манай талаас үүнийг коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зарцуулна гэж мэдээлсэн. Чухам аль нь ч байсан тусламжийн мөнгийг зөв зүйтэй зарцуулах ёстой. Түүнээс биш удахгүй болох орон нутгийн сонгуульд тавиад туучихвал том хөршийн тусламж талаар нэг хийссэнтэй ялгаа байхгүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Horrhii(112.96.115.129) 2020 оны 09 сарын 20

Odoo 700 sayar ni hyatad emnelgiin heregsel mask avaad ergeed ogchihno kkkkkk zugaa yum da neeree. Archaagui huniig archaatai ni hovh shulah gej ene

0  |  0
Horrhii(112.96.115.129) 2020 оны 09 сарын 20

Odoo 700 sayar ni hyatad emnelgiin heregsel mask avaad ergeed ogchihno kkkkkk zugaa yum da neeree. Archaagui huniig archaatai ni hovh shulah gej ene

0  |  0
Зочин(66.181.161.39) 2020 оны 09 сарын 17

Нөгөө монгол ялдаг баатар нэг муу хятадын гадаад явдалын сайдад бурхан мэт мөргөөд сүйдээ сүйд .... энэ ер н энэ дөрвөн жилд юу хийв ээ ... хэлээд өгөх хүн байна уу ? Нөгөө их Синга - найзаасаа ч олигтой юм монголд хийсэнгүй өөртэй л баахан төмөр замын мөнгөнөөс цохив .... одоо ч гар хөлөөрөө тэр төмөр зам шинэ нисэх буудал дарханы төмөрлөг хөтөл цемент шохой эрдэнэт 49 гээд л ер н цохихгүй хулгайлахгүй юм алга ... алга ... хүмүүсийг нүд чихгүй л гэж бодож явдаг байхдаа хөөрхий

1  |  0
Zochin(64.119.18.167) 2020 оны 09 сарын 17

Энэ сайтууд угээ бодож бичээрэй

0  |  0
Top