Х.Нямбаатар: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг чагнасан гэх гомдлыг шалгаж байгаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Засгийн газрын өнөөдрийн /2020.09.16/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталжээ.

Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж тооцоолж байгаа аж. Үүнтэй холбогдуулан яг одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуулийн хэрэгжилт хоёр удаа хойшилж байсан. Тэр хуулийг 2021 оноос хэрэгжүүлнэ. Тиймээс тооцоо, судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Энэхүү ял хэрэгжснээр хүн ажил эрхэлж, гэр бүлтэйгээ байх боломж бүрдэж байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг онооно. Хүн амь, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнд оноохгүй. Гагцхүү зам тээврийн осол, болгоомжгүй хүний биед халдсан зэрэг хүнд онооно. Улаанбаатар хотод мэдээллийн ганцхан төв ажиллана. Ойролцоогоор жилд 1080 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноодог судалгаан дээр үндэслэсэн. Жишээ нь, оюутан хүн хөнгөн ял авлаа гэхэд энэ ялыг оноох юм. Өөрөөр хэлбэл, гэр сургуулийнх нь хооронд явах замыг нь татна. Хэрэв зааж өгсөн чиглэлээс гарсан тохиолдолд хорих ялаар солигдоно. Цахим гавыг хөл, гарт нь зүүнэ. Шүүх, шүүгдэгчийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, ялыг сонгох байдлаар хуульчилж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр улсын төсөвт 3 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт үүсэж байна" гэж ярилаа. 

Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг чагнасан гэх асуудалд "Холбогдох хүмүүс нь өргөдлөө өгсөн. Хуулийн дагуу хэрэг үүсгэн шалгаж байна. Тайлбар, мэдүүлгийг нь авч байгаа. Тодорхой хугацаанд мэдээлэл хийхгүй байх чиглэлг өгсөн. Удахгүй шалгаж дуусаад, мэдээллээ өгөх байх" гэж мэдээллийнхээ төгсгөлд хариулт өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв(99.229.251.229) 2020 оны 09 сарын 17

Энэ чинь олон оронд хэрэгжиж байгаа сайн жишээ,,,,

0  |  0
хэхэ(103.57.94.114) 2020 оны 09 сарын 17

Монголын тагнуул ийм өрөвдөлтэй байна гэхэд итгэхгүй л байна шүү Нэг нөхөрийг чагнаж тагнаад л баригдачдаг гэнээ ккк тэгүүл тагнуул байгаад яадгын больчих хэрэгиэйшд

0  |  0
Top