Японы шинэ Ерөнхий сайдаас ЮУ ХҮЛЭЭХ ВЭ!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Японы эрх баригч Либерал Ардчилсан Нам /ЛАН/-ын шинэ тэргүүнээр улстөрийн ахмад зүтгэлтэн, 71 настай Ёшихидэ Сүга сонгогдлоо.  ЛАН парламентын олонхийг бүрдүүлдэг учраас Сүга тус улсын ерөнхий сайдаар сонгогдох нь гарцаагүй бөгөөд лхагва гарагт парламент түүнийг албан ёсоор батламжилна. Шинэ ерөнхий сайд Ёшихидэ Сүга богино хугацаанд буюу 2021 оны есдүгээр сард бүх нийтийн ээлжит сонгууль явагдах хүртэл засгийн газрыг тэргүүлэх юм.

Засгийн газрын өмнөх тэргүүн Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрөгч наймдугаар сарын 28-нд огцрох хүсэлтээ гаргасан. Тэрээр Япон улсын 90, 96 дахь ерөнхий сайд, парламентын гишүүнээр долоон удаа сонгогдож, тус орны хэмжээнд 1945 оноос хойш дэлхий дахинаа хамгийн алдаршсан улстөрийн зүтгэлтэн юм. Тэр орчин үеийн Японы түүхэнд ерөнхий сайдын албыг хамгийн удаан хугацаанд хашсан дээд амжилтыг эвдсэнээс дөрөв хоногийн дараа огцрох хүсэлтээ гаргасан байна. Түүний орыг залгамжилж буй Ёшихидэ Сүга гадаад бодлогын асуудлаар төдийлөн туршлагатай бус ч шаргуу зүтгэлтэй, бүтээмж өндөртэй албан хаагч гэдгээрээ Японд нэр хүндтэй эрхэм. Тэрээр өмнө нь Сайд нарын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж, 10 жилийн турш Абэгийн баруун гарын хамтрагч байсных нь хувьд  намын сонгуульд ялалт байгуулна гэдэгт олон нийт итгэлтэй байсан юм. Парламентын гишүүд болон ЛАН-ын орон нутгийн идэвхтнүүд оролцсон санал хураалтын явцад Сүга 534 саналаас 377-г авч ялагчаар тодорсон билээ.

 

ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ЗАЛГАМЖ ХАЛААГАА ХАНГАЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХ УУ

 

Засгийн эрх шилжилт харьцангуй бэрхшээлтэй нөхцөлд явагдаж байна. Япон улс коронавируст цар тахалтай хийх тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд уг халдварын улмаас тус орны орчин үеийн түүхэнд хамгийн хүчтэй эдийн засгийн уналт тохиогоод байгаа. Япон улс үүнээс өмнө ч хөгжлийн хурд нь саарах маягтай болж, хуучин ерөнхий сайдын нэрээр дурдагддаг “абэномика” хэмээх эдийн засгийг сэргээх  урт хугацаат төлөвлөгөөг дөнгөж хэрэгжүүлж эхлээд үр дүнд хараахан хүрч амжаагүй байтал Ковид-19 гараад ирсэн аж.

ЛАН-ын шинэ удирдагч гүзээлзгэнэ тариалдаг фермерийн гэр бүлд төрсөн хэдий ч өөрийн ухамсарт бүхий л амьдралаа улстөрд зориулжээ. Тэр 1948 оны арванхоёрдугаар сарын 6-нд төрж, хоёр эгч, дүүгийн хамт хөдөө өсөн торнижээ. Аав ээж нь гүзээлзэгнний аж ахуй эрхэлж байв.

Аав нь түүнийг хөдөө аж ахуйн коллежид сургаж, ажлаа өвлүүлэх гэж бодсон ч залуу хүү нийслэлд азаа үзэхээр шийдэн, картон цаасны үйлдвэрт ажилд орсон байна. Хоёр жилийн дараа Сүга тэр үеийн хамгийн хямд хувийн сургууль болох Хосэй их сургуулийн улстөрийн ангид элсэв. Хажуугаар нь Цүкижи загасны зах дээр ажил хийж, амьдралаа залгуулна. Сургуулиа төгсөөд жирийн компанид ажилд орсон ч Сүга амьдралаа улстөртэй холбохоор шийджээ. Ингээд Либерал Ардчилсан намын Төлөөлөгчдийн танхимын гишүүний нарийн бичгийн даргаар 11 жил ажилласныхаа дараа их улстөрд зүтгэж эхэлсэн юм.

1987 онд тэр Ёкохама хотын зөвлөлд сонгогдож чадлаа. Залуу улстөрч өөрт нь санал өгөхийг гуйн, иргэдийн гэрээр тойрохдоо зургаан гутал элээсэн гэдэг. 1996 онд Японы парламентын доод танхимд сонгогдож, есөн жилийн дараа Ерөнхий сайд Коизүми Жюничирогийн танхимд Дотоод хэрэг, харилцаа холбооны тэргүүн дэд сайд боллоо. Коизүми Жюничирогийн удирдлага дор Шинзо Абэ ч улстөрийн алхмаа хийж байлаа. 2006 онд Шинзо Абэ Японы хамгийн залуу Ерөнхий сайдын нэг болоход Сүга Дотоод хэрэг, Шуудан хувьчлал гэсэн хоёр сайдын албыг хүлээн авсан юм. Гэвч жилийн дараа Абэ мөн л эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байлаа.

Дараагийн Ерөнхий сайд Ясүо Фүкүдагийн Засгийн газарт түүнд байр олдсонгүй. Гэхдээ депупат хэвээр үлдсэн юм. Сүга нам дотор үйл ажиллагаа явуулж, Абэтэй дотно нөхөрлөж байв. 2012 онд Сүга Шинзо Абэг намын даргын сонгуульд дахин өрсөлд гэж ятгаж чадсан гэдэг. Ялалт байгуулсан Абэ түүнийг мартсангүй, сайд нарын танхимын тэргүүн нэрийн бичгийн даргаар томилсон юм.

“Абэ Шинзо болон намын бусад удирдагчид түүнийг залгамж халааг хамгийн шилдгээр хэрэгжүүлэн, Абэгийн ажил үйлсийг тууштай үргэлжлүүлэх чадвартай хэмээн үзэж сонгосон” гэж Токиогийн Их сургуулийн улстөр судлалын профессор Коичи Накано BBC-ярилцлага өгөхдөө дурдсан байна. Сүга онцгой эрч хүчтэй, дайчин улстөрчөөр тооцогддоггүй хэдий ч аливаад ул суурьтай ханддаг, бүтээлч нэгэн юм. 2019 оны тавдугаар сарын 1-нд Японы эзэн хаан Акихито өөрийн хүү Нарухитод хаан ширээгээ залгамжлах ёслолын үеэр Сүга засгийн газрын нарийн бичгийн даргын хувьд 248 дахь хаанчлалын нэрийг “Рейвагийн эрин” хэмээн зарласан явдал түүнийг япончуудад илүү ихээр таниулжээ. “Рейва” хэмээх шинэ нэршил нь  “Эв зохицол”, “Цэцэглэж буй ертөнц” гэх утгатай тул энэ үйл явдлаас хойш түүнийг “Эв зохицлын өвөө” гэж авгайлан дуудах болсон гэнэ. Зарим ажиглагчид  Сүгаг нэг жилийн хугацаанд залгамж халааг сайтар ханган, эрх баригч намыг шинэ сонгуульд удирдаж орж чадна гэдэгт төдийлөн итгэхгүй байгаа бололтой. Магадгүй, тухайн үед ЛАН өөрийн удирдагчаар илүү дайчин, сонгогчдыг өөрсдөдөө татах авьяастай гал цогтой нэгнийг тавьж ч болзошгүй гэж тэд таамаглаж байгаа аж.

Бас нэгэн шийдвэрлэгдээгүй үлдсэн зүйл бол дайны дараахан батлагдсан үндсэн хуулийн шинэчлэлт юм. Абэ Шинзо Японы зэвсэгт хүчнийг албан ёсоор хуульчлан баталж, түүнийг хилийн чанадад ашиглах, ялангуяа олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохыг хориглосон заалтыг хүчингүй болгохоор төлөвлөж байсан аж. Профессор Наканогийн үзэж буйгаар, үүнийг хэрэгжүүлэхэд Сүгад стратегийн сэтгэлгээ дутагдана гэжээ.

Курилын маргаан

Курилын арлуудыг тойрсон маргаан Токио, Москвагийн хоорондох хэлэлцэх асуудалд чухал байр эзэлдэг учраас шинэ засгийн газрын үед энэ асуудлаар ямархуу шийдэлд хүрэх бол гэдгийг олон хүмүүс сонирхож байна. Япон, Орос улсууд нь бүс нутгийн их гүрнүүд болохын хувьд олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүндрэлтэй асуудлуудад хамтдаа хариуцлага хүлээдэг, шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэгтэй холбоотойгоор Японы гадаад улстөрийн бодлого дахь Оросын чиглэл ихээхэн ач холбогдолтой юм. Тус хоёр улс эдийн засаг, соёл боловсрол, техник технологийн хувьд таатай харилцаатай хэдий ч газар нутгийн маргаантай асуудал, ялангуяа Курилын арлуудын асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаа нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулахад 75 жилийн турш саад тотгор болсоор өнөөдрийг хүрчээ.

Энэ оны тавдугаар сард Япон улсын засгийн газраас гаргасан жил тутмын дипломат бодлогын Хөх номонд Оросын тал “Курилын арлууд”, Япон “Умард газар нутаг” гэж нэрлэдэг дөрвөн арлыг өөрийн газар нутгаар дахин зарласан юм.  2018 оны Хөх номонд Курилын арлуудыг Япон улсын газар нутаг гэж зарлаж байсан бол 2019 оны баримт бичигт маргаантай арлуудын талаар дурдалгүй өнгөрсөн нь тухайн үед ерөнхий сайд Абэ Шинзо  арлуудын маргаанаа төгсгөл болгохоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийж байсантай холбоотой аж.

1945 оны дайны сүүлийн өдрүүдэд Зөвлөлтийн Улаан арми эдгээр дөрвөн арлыг Япон улсаас булаан авсан гэж Токио үздэг бөгөөд дөрвөн арлын хоёр нь болох Шикотан, Хабомай арлуудыг 1956 оны Зөвлөлт-Японы хамтарсан санамж бичгийн хүрээнд буцааж авах талаар хэлэлцэж байсан хэдий ч үр дүнд хүрсэнгүй. Орос улсын хувьд хуучин ЗХУ-ын нэгэн адилаар Курилын арлуудыг Японд  шилжүүлэн өгөхийг эсэргүүцсээр байна. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн баазууд байрлаж, бүс нутгийн цэрэг-улс төрийн тэнцвэртэй байдлыг бусниулна гэсэн зүй ёсны болгоомжлолтой холбоотой аж.

Абэ Шинзо, Владимир Путин нар энэ асуудлаар нийтдээ 18 удаа уулзан ярилцаж, найдлага тавихуйц мэдэгдлүүд хийж байсан хэдий ч өнөөг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрч чадсангүй. Тийм ч учраас, өмнө нь гадаад бодлогоор төдийлөн ажиллаж байгаагүй, богино хугацааны ерөнхий сайд Ёшихидэ Сүгагаас энэ чиглэлээр ямар нэгэн гэнэтийн бэлэг хүлээх шаардлагагүй хэмээн зарим шинжээчид үзэж байна. Тэгээд ч хоёр талд хоёуланд нь зохицуулалт хийх нөхцөл байдал, улстөрийн орчин дутмаг байгаа. ОХУ-ын үндсэн хуульд саяхан хийгдсэн нэгэн өөрчлөлтөөр газар нутгаасаа тасдахыг хатуу хориглосон бол, “Умард газар нутгаа” өгөх хэмжээний гэрээ хэлцэл хийсэн Японы ямар ч улстөрчийн хувьд энэ нь бараг “амиа хорлолт”-той дүйцэхүйц аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top