ТОЙМ: Допингтой малгайнууд

2020 оны 09 сарын 16

Эртнээсээ ард түмний хүндлэлд явж ирсэн бөхчүүдийн нэр хүнд ардчиллын жилүүдэд илтэд өсөх болж, эдийн засгийн агуулгаараа ч гүйцэгдэхээ болив. Өнөөдөр Монгол Улсад ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй хэрнээ чинээлэг амьдарч байгаа хүмүүс бол найраатай, найраагүй үндэсний бөхийн цолтнууд. Гэхдээ энд би байгалиас заяасан авьяас, хүчээрээ шударга сайхан барилдаж байгаа бөхчүүдийг хэлээгүй гэдгээ дурдах нь зүйн хэрэг. Монгол үндэстний уламжлалт өв соёлоос өчүүхэн ч атугай тээж яваа юм даа гэж бодохоос өөрөөр өмгөөлөх зүйл юу ч алга болчихлоо. Хуучин цагт булан цай, ам даавууны байтай байсан бөхчүүдийн бай шагнал өсөж, эцэст нь хэдэн зуун саяар үнэлэгдэх автомашин, тэрбумаар хэмжигдэх хаус, орон сууцны хэмжээнд ирэв. Тэр ч бүү хэл гүрэн улс дамжсан бизнесээр ч хүрээгээ тэлэх хандлагатайг эх сурвалж дуулгаж л байсан.

Дээр нь олонд харагдах гэсэн “Хулгайч” улстөрчид бөхчүүдээр гоёж, бөхийн гал ахлах болжээ. Ялангуяа сүүлийн үеийн хурган луйварчид бөхийн гал тэргүүлэхийг ихэд эрмэлзэх, бүр булаалдах болсон олон жишээ бий. Хүн хөлсөө асгаж, зүдэрч олсон мөнгөө энэ мэт дэмий зүйлд хэзээ ч зарцуулахгүй. Хөлсөө асгаж, хөдөлмөрлөөгүй олсон мөнгийг л дэмий зүйлд хайр гамгүй зарцуулдгийн нэгэн жишээ энэ байх. Бүр цаашилбал, “хулгай хийсэн” мөнгө гэхэд ч хэтийдэхгүй. Түүнээс бус хэдэн зуун сая, тэрбум төгрөгөөр хэдэн арваар нь “Өөхөн бөмбөг” тордож байхаар боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулахад яана. Сурах чин хүсэлтэй залуустаа хөрөнгө оруулахад улсынхаа ирээдүйд хэчнээн гэрэл гэгээ асаах билээ.

Ийнхүү бөхийн бай шагнал өндөр болж, тэднийг улстөрчид бөөрөндөө наах болсноор өрсөлдөөн ч их боллоо. Ерөөсөө бөхийн өндөр бай шагнал, цолны мялаалгын дийлэнх нь өнөөх л хулгайчдаар дамжин ирж байгаа гэхэд болно. Энэ их өрсөлдөөн эцэстээ баахан допингтэй малгайнуудыг төрүүллээ. Арга ч үгүй, Улсын баяр наадамд түрүүлэх цаашаа, начин болоход л амьдралынх нь асуудлыг шийдээд өгчихнө. Хамгийн багадаа унах унаа, амьдрах орон сууц, азаргаар адуу, сууриар хонь өгчихөж байна. Тэгэхээр барилддаг залуус ипотекийн зээлд хамрагдан, насаараа хөдөлмөрлөж, цаг хялалзахын ч хэрэггүй. Ямар ч аргаар хамаагүй начин болох, цаашилбал даваа ахиулан заан цолонд хүрэх эрмэлзэл байгаагаас өнөөх ёс жудаг, өв соёл ч цаашаа боллоо.

Одоо энэ допинг хэрэглэсэн бөхчүүд энэ тэртэй зууралдахаа больчих. Улстөрчид болон бусад сул мөнгө ологчид тэдэнд хөрөнгө хаяхаа больчих. Тэгэхээр наадуул чинь допинг хэрэглэх нь бүү хэл бэлтгэлээ ч бүрэн хийхээ болино. Үнэнхүү уламжлалт спортоо гэсэн чин сэтгэлтэй, байгалиас авч төрсөн авьяас, чадвартай нь энэ дэвжээнд тунаж үлдэх болно. Түүнийхээ төлөө явах ч болно. Хамгийн гол шалтгаан нь цол дагасан хөрөнгөд л байна.

Ийм их хөрөнгө мөнгөний хөлд өнөөх л үндэсний өв соёл тээгч хэмээн цоллуулж, хүндлүүлж ирсэн бөхчүүдийн нэр шалаар нэг хөглөрөх болов. Дээр нь начин болох гэж хэдэн зуун сая төгрөг зарцуулдаг нь нууц биш болсон. Үүнийг аанай л улс төрд горилогчид болон улстөрчид амжуулна. Өөр хэн ч ийм их хэмжээний мөнгө өгч, гар сунгахгүй. Үүний төлөө малгайныхаа залааг унжуулсан залуус үхэлдэж байна. Мөн үүнийг больчих хэрэгтэй. Хэн ч тийшээ үхэлдэхгүй. Үнэн хүчтэй, авьяастай бол начин бүү хэл өндөр цолонд хүртлээ сайхан барилдчихна. Хэний ч оролцоогүйгээр шүү дээ.    

Ерөөсөө бөхчүүд маань улс орны хөгжил цэцэглэлт, эдийн засаг, бүтээн байгуулалтад ямар ч үүрэггүй хүмүүс учраас эд нарын талцал, допинг хэнд хамаатай юм. Хөрөнгө хаяхаа болчихвол допингийн ч хэрэггүй болно. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл бөхчүүдийн хэрүүл рүү хальтирч орох хандлага Бөхийн өргөөний барилга булаалдах үед ажиглагдаж байв.

Нэг хэсэг ард түмний хандив дээр суурилж Төрийн тусламжтай боссон нэг дугуй барилгын төлөөх тулаан өрнөв дөө. Энэ нь Ерөнхийлөгчийн сэнтий  хүртэл өрнөсөн. Хөрөнгө ийм л хүчтэй аж. Булаалдаад байгаа барилгыг нь төрийн өмчлөлд бүртгээд л авна биз дээ. Тэгэхээр тэдэнд булаалдах юу ч байхгүй. Эвтэй найртай бөхөө хөгжүүлээд л явна. Үндэсний бөхийн дархан аваргуудаасаа эхлээд талцаад байгаагийн цаана ердөө л Бөхийн өргөөний дугуй барилга байлаа шүү дээ.

Даяаршлын шуурга нүдэж буй энэ цагийн салхинд нүүдэлчдийн өв соёлыг тээж яваа нэгэн том талбар бол үндэсний бөх мөн учраас тэдэнд талархах ёстой ч өдгөө талархахаасаа илүүтэй тээршаах цаг дор амьдарч байна.

Гэтэл бөхчүүд маань олон зуун жил, бүр мянгаар тоологдох настай үндэсний бөхийн эртний уламжлалт хэлбэр, агуулга алдагдаж байна гэж нэг ч удаа дуугарсангүй, гагцхүү хорьхон жилийн түүхтэй дугуй барилга тойрон эргэлдэж, допингийн маргаан дэгдээж байгаа нь харамсалтай. Уг нь үндэсний өв соёл тээж яваа энэ спорт уламжлалаа хадгалж, монгол хэмээх үндэстнийг дэлхийд харуулахад үүрэг хүлээсэн болохоос биш, өнгө төрх агуулгаа өөрчлөөд бай гэсэн үг ч биш байх. Эрдэмтэн мэргэд монгол бөхийн спорт нь гарал үүслээрээ өнө эртний бөгөөд зөвхөн барилдаан бус спорт, соёл, зан үйлийн бүхэл бүтэн цогц агаад энэ онцлогоороо монгол үндэстнээс хүн төрөлхтний спортын сан хөмрөгт оруулсан өвөрмөц нэгэн хувь юм хэмээн үздэг юм шүү. Үүнийг л хадгалах, дэлхий нийтэд таниулах тал дээр талцаад маргаж баймаар юм.

Улстөрчид маань ч допингтой малгайгаар чимж явахаар эрдэмтэй, авьяастай хүмүүсээр өөрсдийгөө чимэх цаг нь болсон. Нийгэм өөр зүгт харсан байгааг анзаарах сэхээ эрх биш үлдсэн байлгүй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц(43.228.131.182) 2020 оны 09 сарын 16

УӨ-ФӨЦУ

0  |  0
bat(43.228.131.182) 2020 оны 09 сарын 16

НЭГЭНТ УНАСАН БӨХЧҮҮДЭД БҮГДЭД НЬ ЦОЛ НӨХӨЖ ОЛГОДОГИЙГ АРД ТҮМЭН ТААЛАХГҮЙ БОЛ УУ ЯАХАВ НАЙЗ НӨХӨД АХ ДҮҮ НАР НЬ ХҮСЭХ Л БАЙЛГҮЙ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХДӨӨ Л САЙН ШИЙТГЭЛ НООГДУУЛ ЖИЛИЙН ЖИЛД ИЙМ ЮМ ХИЙЖ БАЙХААР БАЯР НААДМААС ӨМНӨ БАРИЛДАХ БҮХ БӨХИЙГ ШИНЖИЛГЭЭНД ОРУУЛ ХЭРЭВ ТИЙМ БОЛОМЖ БАЙХГҮЙ БОЛ БҮР БОЛИУЛ ӨӨРСДӨӨ ШИНЖИЛЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ОДОО ТЭГЭЭЛ БАРИЛДААГҮЙ БАЙЖ Л ЦОЛ АВДАГ БӨХӨД НЬ Ч ГЭСЭН АМТГҮЙ БИШ ҮҮ

0  |  0
bat(43.228.131.182) 2020 оны 09 сарын 16

НЭГЭНТ УНАСАН БӨХЧҮҮДЭД БҮГДЭД НЬ ЦОЛ НӨХӨЖ ОЛГОДОГИЙГ АРД ТҮМЭН ТААЛАХГҮЙ БОЛ УУ ЯАХАВ НАЙЗ НӨХӨД АХ ДҮҮ НАР НЬ ХҮСЭХ Л БАЙЛГҮЙ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХДӨӨ Л САЙН ШИЙТГЭЛ НООГДУУЛ ЖИЛИЙН ЖИЛД ИЙМ ЮМ ХИЙЖ БАЙХААР БАЯР НААДМААС ӨМНӨ БАРИЛДАХ БҮХ БӨХИЙГ ШИНЖИЛГЭЭНД ОРУУЛ ХЭРЭВ ТИЙМ БОЛОМЖ БАЙХГҮЙ БОЛ БҮР БОЛИУЛ ӨӨРСДӨӨ ШИНЖИЛЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ОДОО ТЭГЭЭЛ БАРИЛДААГҮЙ БАЙЖ Л ЦОЛ АВДАГ БӨХӨД НЬ Ч ГЭСЭН АМТГҮЙ БИШ ҮҮ

0  |  0
Top