Холимог тулаанд шилжсэн СҮМОЧИД

2020 оны 09 сарын 15

Өнгөрсөн жилийн намар туслах бөхөө удаа дараа зодсон хэргээр зодог тайлахаас өөр аргагүй болсон жюүрёо зиндааны бөх Таканофүжи холимог тулаанд шилжиж байгаагаа зарласан.

Тэрбээр тулаанч болохоор 12 дугаар сард шийдсэн гэх бөгөөд холимог тулааны хүнд жингийн анхны япон аварга болох зорилготой гэж ярьсан. 50 кг жин хасаж, 113 кг болсноор цохих, өшиглөхөд хүндрэл гарахаа болсон аж.  
 


Түүнээс өмнө холимог тулаанд шилжсэн сүмочид ихэнх нь нас ахисан хойноо орсон төдийгүй хэт их жинтэй байлаа. Харин Таканофүжи нас залуу, дээр нь хэт тарган биш. Бусад сүмочид хэвтээ байдалд зодолдож чаддаггүй, жингээ ашиглан буланд шахах гэж л оролддог байсан бол Таканофүжи каратэ, кикбоксоор хичээллэж байсан туршлагатай.  Холимог тулаанд шилжсэн мэргэжлийн сүмочдоос PRIDE, RIZIN, K-1 гэсэн том холбоонд хүнд цохилтоор ялалт байгуулсан нь жюүрёо зиндаанд байсан АНУ-ын Сэнторюү л байна. 2004 оны PRIDE холбооны тэмцээн дээр MAL THE TWIN TIGER-ийг хүнд цохилтоор унагааж байлаа. Харин хэвтээ байдалд ялалт байгуулсан нь ганцхан ёкозүна асан Китао.

Харин дунд зэргийн тэмцээн гэх юм бол сэкивакэ асан Вакашёохо 2008 онд DEEP холбоонд хүнд цохилтоор, жюүрёо асан Хидэнокүни 2004 онд Pancrase, 2005 онд DEEP холбоонд өрсөлдөгчөө унагааж байсан удаатай. Дээр дурдсан Сэнторюү чөлөөт бөх суурьтай бөгөөд холимог тулаанд 6 ялснаас тавыг нь хүнд цохилтоор дуусгаж, 16 ялагдаад зодог тайлсан. Сүмод хүнд жинтэй нь ялах магадлал илүү бол холимог тулаанд өөр. Сэнторюү ч 150 кг-аас жин хасаж, 120 кг болгоод тулаанд орж байв.

RIZIN, PRIDE, K-1 гурван том холбоонд элссэн сүмочид

Барүто - Эстони
 


Гэмтлийн улмаас 28 настайдаа сүмо бөхөөс зодог тайлсан озэки. 31 настайдаа 2015 оны Шинэ жилээр RIZIN холбооны тэмцээнд K-1-ий аварга, домогт Петер Артстай халз тулалдсан. 198 см өндөр, 183 кг том биеэ ашиглан, багаасаа хичээллэж байсан гэх жүдо бөхийн мэхээр унагаах зэргээр шүүгчдийн саналаар ялж байлаа. Ирэх жил нь Фүжита Казүюки, Коосака Цүёоши зэрэг алдартнуудыг ялсан ч 2016 оны Шинэ жилээр хорватын Миркр Крокоппын хөлийн хүчтэй өшиглөлтийг даалгүй, хүнд цохилтоор ялагдсан юм. Одоо эх орондоо улс төрч. Холимог тулаанд 3 ялалт, 1 ялагдалтай.

Оосүнаараши - Египет
 


2018 оны гуравдугаар сард үнэмлэхгүй жолоо барьж, осол гаргасан хэргээр жюүрёод байхдаа зодог тайлсан. 2018 оны есдүгээр сард  RIZIN холбооны тэмцээнд АНУ-ын Боб Сапптай тулалдсан ч хоёрдугаар үеэс амьсгаа нь давхцан цуцсанаар ялагдсан. Дахин үнэмлэхгүй жолоо барьж байгаад холбооноос хөөгдсөн. Холимог тулаанд 0 ялалт, 1 ялагдалтай.

Акэбоно - Хавай
 


Ёкозүна Акэбоно 2001 оны нэгдүгээр сард өвдөгний бэртлийн улмаас 31 настайдаа зодог тайлсан. 2003 оны Шинэ жилээр K-1-д Боб Сапптай тулалдаж, хүнд цохилтоор ялагдсан. 2015 онд RIZIN холбооны дэвжээд дахин үзэлцээд бас л ялагдсан. Холимог тулаанаар 0 ялалт, 4 ялагдал, кикбоксын дүрмийн тэмцээнд 1 ялж, 9 ялагдсан.

Фүтахагүро
 


Ёкозүна Фүтахагүро 1988 онд 24 настайдаа зодог тайлсан аварга. 1990 онд Китао нэрээр мэргэжлийн бөхд орсон. 1996 онд холимог тулаанд шилжиж, PEDRO OTAVIO-д хүнд цохилтоор ялагдсан. Тэр жилийнхээ тавдугаар сард UFC 9 тэмцээнд орсон ч Mark Hall-ийн хүчтэй цохилтоор хамар нь хугарч, эмч тэмцээнийг зогсоож байв. 1997 онд PRIDE 1 тэмцээнд  Nathan Jones-ийг өчих мэхээр холимог тулааны анхны ялалтаа байгуулсан. Холимог тулаанд 1 ялалт, 2 ялагдалтай.

Сэнторюү - АНУ
 


2003 онд зодог тайлаад 2004 оны дөрөвдүгээр сард PRIDE холбоонд анхны тулаанаа хийж, ялагдсан. Гэхдээ 10 дугаар сард нь MAL THE TWIN TIGER-ийг хүнд цохилтоор ялж байлаа. 2013 онд зодог тайлах хүртлээ холимог тулаанд 6 ялж, 16 ялагдсан.

Вакашёохо

1997 онд сүмо бөхөөс зодог тайлсан сэкивакэ. 2005 оны долоодугаар сард HERO’S-д Петер Артсд хүнд цохилтоор ялагдсан. Нийт 1 ялалт, 5 ялагдал, 1 тэнцээтэй.

Тамакайрики

1996 онд сүмогоос зодог тайлсан. Чянко хоолны газар ажиллуулж байхдаа 2004 оны тавдугаар сард PRIDE-ийн тэмцээнд орж, хүнд цохилтоор ялагдсан. Нийт 0 ялалт, 3 ялагдалтай.

Дээрх бөхчүүдээс гадна DEEP, Pancrase, Иноки гэномү тэмцээнд жюүрёогийн Хидэнокүни 2 ялөлт, 2 ялагдал, маэгашира Дайхишёо 1 ялалт, 3 ялагдал, жюүрёогийн монгол бөх Хошиказэ 0 ялалт, 1 ялагдалтай байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sa(64.119.18.213) 2020 оны 09 сарын 16

Manai sagsuu orohguiim baih daa

0  |  0
Top