С.Даваасүрэн: Засгийн газраас хөдөлмөрийн зах зээлийг дэмжсэн бодлогыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж чадахгүй байна

2020 оны 09 сарын 16

Халамжийн чиглэлийн бодлого хэрэгжүүлэх нь ядуурлын түвшинг өсгөхгүй байхад нөлөөлж болох ч аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй байгаа нь эргээд ядуурлын түвшинг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй.

 

Эдийн засагч С.Даваасүрэнтэй КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд ярилцлаа.


-Коронавирусний  тархалтаас сэргийлэх үүднээс хөл хорио тогтоож эхлэх үед төрөөс хөдөлмөрийн зах зээлээ хамгаалсан бодлого хэрэгжүүлэх ёстой гэж та хэлж байсан шүү дээ. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад эдийн засаг ихээхэн уруудсан үзүүлэлттэй байна. Та өнгөрсөн хагас жилийн нөхцөл байдалд эдийн засагчийн хувиар үнэлэлт, дүгнэлт өгөөч?

-Ковид-19 цар тахлаас шалтгаалсан гадаад худалдааны агшилт, тэр дундаа эрдэс бүтээгдэхүүний экспортын эрэлтийн бууралт нь экспортын үнэ, орлогыг бууруулж улмаар экспортын орлогын бууралтаас шалтгаалан дотоодын аж ахуй нэгжүүдийн орлого буурах нь хөдөлмөрийн зах зээлээр дамжин иргэдийн амьжиргаа, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Өрхийн орлогын түвшнээс шууд хамаарах өрхийн хэрэглээ, хуримтлал бууран бизнесийн байгууллагуудын орлого, үйл ажиллагаа хумигдах замаар манай улсын эдийн засаг хүндэрч байна. Эдийн засаг 2020 оны эхний улиралд -10.7 хувиар агшсан бол хоёрдугаар улиралд -7 орчим хувийн уналттай байна.  Эдийн засаг ийнхүү агших нь аж ахуйн нэгж, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна.  Цаашид цар тахлын өвчлөл хэр удаан үргэлжлэх, гадаад эдийн засаг хэр хугацаанд сэргэх, гадаад худалдаа, экспортын бүтээгдэхүүний эрэлт, эрдэс бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдөх зэргээс шалтгаалсан тодорхой бус байдал биднийг хүлээж байна. Манай эдийн засгийн бүтэц бүхэлдээ  уул уурхайн түүхий эдийн экспортоос хамааралтай учраас би эрдэс бүтээгдэхүүний экспортын тухай яриад байгаа юм. Бидний  аз тохиоход одоогоор дэлхийн зах зээл дээр зэс, алт, нүүрсний үнэ харьцангуй тогтвортой, заримынх нь үнэ өсөлттэй байгаа нь эерэг нөлөөтэй байна. Эдийн засгийн төвөгтэй байдлын ул мөр тодорхой хугацааны дараа гардаг. Эхний хагас жилд сонгуулийн үе таарлаа. Засгийн газраас  сонгуулийн өмнө олон амлалт өгсөн. Иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ гэж байсан. Гэвч одоогийн нөхцөл байдлыг харахад аж ахуйн нэгжүүдийг дэмжихээсээ илүүтэй халамжийн бодлого л хэрэгжүүлээд байна.

Таны асуусан хөдөлмөрийн зах зээлийн тухайд нөхцөл байдал ямар байгааг авч үзье л дээ. Хэрэгжүүлж буй бодлогыг ажиглавал эхэндээ хөдөлмөрийн зах зээл, аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудлыг шийднэ гэж зарлаж  байсан ч сүүлдээ халамжийн бодлого руу орсон. Улсын төсөв энэ онд  4.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарахаар тодотгол хийж, баталлаа. Сонгуулийн өмнө төсөвт тодотгол хийхгүй гэж байсан. Эдийн засагчид төсөвт тодотгол хийх нь зайлшгүй, энэ нь цаг хугацааны л асуудал гэдгийг хэлж байсныг сануулахад илүүдэхгүй болов уу. Яг л тийм нөхцөл байдал үүссэн. Халамжийн чиглэлийн бодлого хэрэгжүүлэх нь ядуурлын түвшинг өсгөхгүй байхад нөлөөлж болох ч аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй байгаа нь эргээд ядуурлын түвшинг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй. Энэ нь цаг хугацааны л асуудал гэж дахиад хэлье дээ.

 -Одоо тэгээд нөхцөл байдлыг харахаар төсөв нь түүхэнд байгаагүй өндөр алдагдалтай, аж ахуйн нэгжүүдийнх нь олонх үүдээ арай ч барьчихалгүй дэнжигнэж байх шиг байна...?

-2020 оны эхээр манай улсад 93,820 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас 87 хувь нь ес хүртэлх ажилтантай байсан. Эдгээр компаниуд тогтмол зардлаа борлуулалтын орлогоороо нөхдөг. Гэтэл цар тахлын нөлөөгөөр орлого нь хумигдаж, суурь зардлаа дийлэхгүй, төлбөрийн чадвар нь муудсан аж ахуйн нэгжийн тоо хот, хөдөөд олширч байна. Тэдний орлого байхгүй болохын хэрээр олон хүн ажилгүй болж, халамж руу унаж байна шүү дээ. Тиймээс ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадвар томоохон асуудал боллоо. Аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон ч түрээсийн төлбөр, цахилгаан, ус, халаалт гэх мэт ашиглалтын зардал, ажилчдын цалин хөлс зэрэг тогтмол зардал гарсаар байна.  Тэгэхээр хүндрэлтэй энэ цаг үед аж ахуйн нэгжүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах улмаар иргэдийнхээ амьжиргааг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Харамсалтай нь энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байна.

Жишээ нь, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал маш хүнд болсон. Оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад аялал жуулчлалын салбарт гадаадын жуулчдын тоо 5 дахин буурсан. Дотоодын аялал жуулчлал ч тааруу байна. Энэ нь зөвхөн аялал жуулчлалын салбарт хамаатай асуудал биш. Аялал жуулчлалаар ирсэн хүмүүс жуулчны бааз,  зочид буудал, ресторан, үзвэр үйлчилгээ гээд үйлчилгээний бусад олон газруудын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Тэгэхээр эдийн засаг дахь нөлөөлөл, холбоо хамаарлыг бүхэлд нь тооцож харах хэрэгтэй юм. Ер нь үйлчилгээний салбарын хувьд бүхэлдээ цагийн хязгаарлалтаас шалтгаалаад үйл ажиллагаа нь хумигдсан. Санхүүгийн салбарын хувьд өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд жил тутам 30 орчим хувийн өсөлттэй байсан бол энэ оны оны эхний хагас жилд хөрөнгийн зах зээл өмнөх онтой харьцуулахад -4 хувиар,  даатгалын салбарын хураамжийн орлого -10 хувиар тус тус  унасан байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад төсөв, мөнгөний бодлогоос гадна шийдвэр гаргагчдын бодлогын стратеги, амлалт нь түүнээс дутахгүй ач холбогдолтой

-Засгийн газраас аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой компанийг ААНОАТ-аас чөлөөлөх шийдвэрүүд гаргасан.Гэвч энэ нь ажлын байрыг хадгалах бодит дэмжлэг болсонгүй. Тийм үү?

-Засгийн газраас хөдөлмөрийн зах зээлийг дэмжсэн бодлогыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж чадахгүй байна гэж харж байна. Эрх баригчид эдийн засгийг хамгаалах чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч  эдгээр бодлого нь илүү системтэй, ач холбогдлын дараалалтай, богино, дунд хугацаагаа тооцсон байх шаардлагатай гэж үзэж  байна. Дээр нь бодлогоо зарлахаасаа өмнө сайн тооцож нягтлах, нэгэнт зарласан бол түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай, зогсолтгүй ажилладаг байх явдал нэн чухал шүү дээ. Цар тахлын халдвар нь дэлхийн нийтэд шийдвэр гаргагчдыг бодлогын сонголтын дилемад оруулж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал болон эдийн засгийн чадавхын тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл иргэдийнхээ эрүүл мэндийг тэдний эдийн засгийн чадавхыг бууруулахгүйгээр хэрхэн, яаж хамгаалах вэ гэсэн асуулт юм. Цар тахлаас шалтгаалан тохиож буй эдийн засгийн хямрал нь эрэлт болон нийлүүлэлтийн шокийн  аль алиныг үзүүлж буйг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна.

Гэтэл бид өнгөрсөн хугацаанд, төсвөө тодотгохгүй байх  нэрийдлээр барилга, байгууламжид хэт их хөрөнгө оруулах, эсвэл хөшөө, усан оргилуур мэтэд өндөр зардал гаргах зэргээр эдийн засгийн хүндрэлийг даван туулахад ач холбогдол багатай шийдвэр гаргасан нь өр төлбөрийн дарамт ихтэй манай улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөтэй.  Энэ нь хүн амыг халамжаас халамжийн хооронд амьдрах, ажиллах хүсэл сонирхлыг нь бууруулсан, өмнө нь бий болсон дэвшлийг үгүй хийсэн, ирээдүйн тодорхой бус байдлыг нэмэгдүүлсэн сонголт руу  унагах эрсдэлтэй юм.

-Халамжийн бодлого хэрэгтэй газраа, хэрэгтэй цагтаа бол нэн шаардлагатай. Гэхдээ халамжийг санхүүжүүлэх зардал  нөгөө л хувийн хэвшил, татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдэнэ шүү дээ.  Гэтэл татвараа цаг хугацаандаа төлөх чадвар, чадавхтай байх шаардлагатай хувийн хэвшлийнхнийг  Засгийн газрын тэргүүн нь “өр тавигчид” гээд цоллоод байх юм?

- Цаашид  халамжийн  бодлого энэ хэвээр үргэлжилбэл төсөв улам  хүндэрч, халамжийн зардлаа даахгүйд хүрнэ. Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улс халамжийн үйлчилгээнд хамрагдалтаараа Азидаа  нэгдүгээрт бичигдэж байна. Нийт хүн амынх нь 70 хувь  ямар нэг байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнээс хүртдэг болохыг судалгаа харуулж байгаа юм. Бүхэлдээ халамжийн орон болох зам руу орж байна. Ковид-19 цар тахлын үед халамжийн бодлого улам тэлсэн. Эдийн засгийг тэтгэгч хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд өнөөдөр үүд хаалгаа хаалаа гэхэд маргааш буцаагаад нээж чаддаггүй. Хүн хүч, нөөц хөрөнгө гээд бүх л зүйлийг эхнээс нь эхлэх шаардлагатай болдог. Ерөнхийдөө аж ахуйн нэгжийн тухайд бүсээ нэлээд чангалсан, одоо дийлэхээ больж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүдээ шууд болон шууд бусаар дэмжсэн бодлого хоцрогдолтой байна.

Өрийн тухайд, Монгол улсын гадаад өр 2020 оны эхний хагас жилийн байдлаар 30.5 тэрбум ам.доллар байна. Энэ бол Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 220 хувьтай тэнцэх дүн. Гадаад өрийн бүтцийг харвал нийт өрийн 47 хувь нь Засгийн газар, төв банкны өр, 53 хувь нь хувийн хэвшлийн өр байна. Монгол Улсын гадаад өр гэдэгт дан ганц Засгийн газрын өр бус хувийн хэвшил, аж ахуй нэгжийн өр ч хамаардаг. Манай улсын гадаад өр нь Засгийн газар, хувийн хэвшлийнх ялгаагүй гадаад валютын албан нөөцөөс төлөгдөнө. Ирэх дөрвөн жилд л гэхэд дээрх 30.5 тэрбум ам.доллароос 11 тэрбум ам.долларын гадаад өрийн эргэн төлөлт нь төлөгдөхөөр хүлээгдэж байгаа. Нэгэнт хувийн хэвшлийн өр Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцүү хэмжээнд хүрчихсэн байхад Засгийн газар өөрийн өрийг амжилттай санхүүжүүлэхээс гадна хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд гадаад өрөө төлөхөд дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай. Учир нь аж ахуйн нэгжүүд гадаад өрөө төлж чадахгүй бол Засгийн газар зөвхөн өөрийн өрөө төлсний эдийн засгийн ач холбогдол байхгүй болно.

Эдийн засаг хүндэрсэн энэ нөхцөлд бүх түвшний хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй. Гэтэл манайд улс төрийн нөлөөллөөр улс төрийн амлалт биелүүлэхэд чиглэсэн “тайвшруулах”   чиглэлийн зардлууд төсвөөр дамжин гарсаар байна.

-Төр нь ч хувийн хэвшил нь ч өрөө дахин санхүүжүүлэх л гарц хайгаад байдаг. Гэтэл судалгааны байгууллагууд  эхнээсээ манай улсын эрсдэлийн үнэлгээг муутгасан дүгнэлтүүд  хийгээд байна?

-Тийм ээ. 2016 онд эдийн засаг амаргүй байна гэж бид ярьж байсан шүү дээ. Тэгвэл Ковид-19 цар тахалтай холбоотой манай улсын эрсдлийн үнэлгээ эрс муудсаныг EIU (Economic Intelligence Unit) мэдээлэхдээ Монгол Улсын эрсдлийн үнэлгээ 2019 оны түвшнээс уруудаж 2016 оны сүүлийн улирлын хэмжээнд очсон байна гэж дүгнэсэн. Улсын өрийн эрсдэл 61–ээс 66 болж муудан ССС үнэлгээтэй болсон, валютын ханшийн эрсдэл 51-ээс 59 болж муудсан байна. Өмнөд хөрш БНХАУ-ын эрэлт багассанаас болон хилийн хязгаарлалтаас шалтгаалан манай улсын нүүрсний үнэ, экспортын хэмжээ буурах нь эдийн засагт бүтцийн эрсдлийг нэмэгдүүлэхээр байгааг, цаашлаад улс төрийн эрсдлийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд эрх баригч МАН дахин сонгогдсон ч улс төр дэх фракцуудын зөрчил нь саад болохоор байна гэж EIU үнэлсэн байна лээ.

-Эдийн засаг амаргүй зүйлтэй нүүр тулж байгааг эхнээсээ л хаа хаанаа ойлгож мэдэж  яриад байсан. Нөгөө талаас шокоос суралцаад, асуудлаа зөв эрэмбэлээд явах ёстой байтал улс төрийн нөлөөлөл нь эдийн засгаа боомилсон хэвээрээ байгаад л асуудлын гол байна гэж хараад байгаа. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Өөртэй чинь санал нэг байна. Бид тулгамдсан  асуудлаа хэр зэрэг системтэйгээр, ач холбогдлоор нь эрэмбэлж авч үзэж байгаа вэ гэдэг нь чухал байна. Зөвхөн төсөв,  мөнгөний бодлого хэрэгжүүлснээр хүндрэлээс гарахгүй. Энэ цаг үед төрийн бодлогын тууштай, үнэн байдал чухал. Аж ахуйн нэгжүүдээ дэмжихээс гадна зах зээлээ хамгаалсан төрийн бодлого чухал. Аль нэг аж ахуйн нэгжийг бусдаас ялгаж аваад,  хэсэг бүлэг хүнийг дэмжээд байх биш, зах зээл дээр  юу болж байна вэ гэдгийг мэдэрч ажиллах хэрэгтэй. Улирал болон сар тутам гардаг статистик мэдээллээ хүлээгээд суух биш нөхцөл байдлын түүвэр судалгаануудыг хийж, өөрчлөлт хэр зэрэг, ямар далайцтай өрнөж буйг тогтмол хянаж, шинжлэх хэрэгтэй байна. Эдийн засаг, санхүү, мөнгө, бизнесийн салбарын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид яг үүнтэй адилхан судалгаа тооцоолол хийж, өөрчлөлтийг нягт нямбай ажиглаж, үүссэн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлсон, үнэн зөв тоон мэдээлэл, судалгаанд түшиглэсэн, оновчтой шийдвэр гаргах нь нэн чухал байна. Эрх баригчид өөрсдөдөө хэрэгтэй, өөрсдийгөө пиардах гэсэн бодлогыг сонгоод яваад байж болохгүй. Нэгэн цагт бид бодит үнэнтэй нүүр тулах л болно.

-Таны хувьд энэ цаг хугацаанд ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна вэ?

- Өнгөрсөн 30 жилд Монгол Улс хөгжлийн асуудалдаа  агуулга биш хэлбэр талаас нь хандаж ирсэн. Бусдад таалагдахын төлөө, тухайн үедээ л оноо авахын төлөө ажил хийгээд байхаар мөн чанар цаанаа орхигдоод байна. Бүгдээрээ гоё ярьдаг хүмүүс. Ам, ажил нь  байнга зөрдөг. Нэг ажил зарлаад, өөрийг хийдэг. Энэ байдал явсаар өнөөдрийг хүрсэн. 

Ер нь бол цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад төсөв, мөнгөний бодлогоос гадна шийдвэр гаргагчдын бодлогын стратеги, амлалт нь түүнээс дутахгүй ач холбогдолтой. Итгэл үнэмшил төрүүлэхүйц амлалт зах зээлд оролцогчдод эдийн засаг сэргэнэ гэсэн итгэлийг өгдөг. Эдийн засгийн уналт, сэргэлт хэр гүнзгий явагдах нь иргэдийн итгэлийг хэрхэн чиглүүлж, удирдахаас шалтгаална. Улс орны эдийн засаг ард олны итгэл дээр л тогтож байгаа шүү дээ. Одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд эдийн засагт хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх, богино, дунд хугацааных гэж эрэмбэлэх нь зүйтэй.  Өрийн дарамт өндөр өрхүүдийн хувьд одоо бол их хүнд нөхцөл байдал үүсэж байгаа. Тиймээс өрийн дарамт өндөр түвшинд байгаа иргэд, өрхүүдийн хувьд хүндрэлийн үед хэрэглээг боломжит түвшинд хумих хэрэгтэй байна. Орлого нь хүрэхгүйгээс нэмж зээл авахад хүрч болох хэдий ч зээл нэмж авах нь эргүүлэн төлж дийлэхгүй байх эрсдэлд хүргэхээр байна. Зайлшгүй шаардлагатай биш л өр бий болгохгүй байхыг иргэдэд, өрх гэрүүдэд энэ үед зөвлөмөөр байна. Бас нөгөө талаас хүндрэлээс бие даан гарах арга зам бол хуримтлал тул иргэд, өрхүүд боломжит түвшинд хуримтлуулах шаардлагатай. Өрийн дарамт багатай өрхүүд хэрэглээгээ тэлэх юм бол эдийн засаг, бусад салбартаа нөлөөтэй. Тэгэхээр манай өрхүүдийн хэчнээн хувь нь өрийн дарамтад байгаа юм. Хэчнээн хувь нь хуримтлал үүсгэх боломжтой байгаа юм. Хэчнээн хувь нь боломжит хөрөнгө оруулалтыг хийх бололцоотой байгаа юм гэдгийг судалж тогтоох хэрэгтэй.  Жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд ийм гэнэтийн шоконд бүр ч эмзэг гэдгийг мартаж болохгүй. Хоорондоо ярьж зөвшилцөөд биш бодит судалгаанд үндэслэж асуудлыг шийдэх ёстой. Сар, улирлын статистик мэдээг хүлээх биш, өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг даруй судалж, хурдан шийдвэрлэх хэрэгтэй байна. Манай хөдөлмөрийн зах зээл эмзэг, бас их мэдрэг. Хөдөлмөрийн зах зээл агших нь иргэдийн, өрхийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Ер нь эдийн засаг хүндэрсэн энэ нөхцөлд бүх түвшний хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй. Гэтэл манайд улс төрийн нөлөөллөөр улс төрийн амлалт биелүүлэхэд чиглэсэн “тайвшруулах”   чиглэлийн зардлууд төсвөөр дамжин гарсаар байна.

-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа. 

 

Top