Оросын орон нутгийн сонгууль-2020: “КРЕМЛИЙН ЗАХИРАГЧ” НАРЫН ЯЛАЛТ

2020 оны 09 сарын 15

Орос орны түүхэнд анх удаа гурав хоног үргэлжилсэн сонгууль явагдаж, өндөрлөх шатандаа ороод байна. Есдүгээр сарын 13-нд албан ёсоор санал хураалтын нэгдсэн өдөр байсан хэдий ч энэ удаад 11,12-ны өдрүүдийг урьдчилсан санал хураалтад зориулан товлосон байв. Энэ удаагийн үр дүн хоёр жилийн  өмнөх сонгуулийг бодвол харьцангуй тодорхой байсан гэж болохоор. 2018 оны сонгуулиар Владимир Путины томилсон нэр дэвшигчид дөрвөн ч мужид эхний шатанд ялагдаж байсан билээ. Харин энэ удаад санал тооллогын урьдчилсан дүнгээс харахад, мужийн захирагчид Кремлээс нэр дэвшүүлсэн нөхөд одоогоор бүх мужид ялалт байгуулах өндөр магадлалтай байгаа бөгөөд Алексей Навальныйн “Ухаалаг санал өгөлт”-өөс нэр дэвшигчдийн хувьд, хотын түвшний сонгуульд тодорхой амжилтуудыг үзүүлээд байгаа аж.

 

ЭРХ БАРИГЧ НАМААС НЭР ДЭВШИГЧИД АЛС ДОРНОДОД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

 

Алс Дорнод болон Зүүн Сибирь дэх сонгуулийн хэсгүүд хаалгаа бариад нэлээн хэдэн цаг өнгөрчээ. Бүхий л мужууд дахь санал хураалтын эхний үр дүн гарахад, эрх баригч намаас нэр дэвшигчид мужийн захирагчийн сонгуульд итгэл төгс ялалт байгуулсан нь тодорхой болсон байна. Хоёр дахь шатны санал хураалт явагдаж магадгүй хэмээн шинжээчдийн таамаглаж байсан мужуудад ч тиймэрхүү явдал гарахгүйгээр сонгууль өндөрлөж байгаа аж.

Камчаткийн захирагч Владимир Солодовыг энэ оны дөрөвдүгээр сард Владимир Путин томилсон бөгөөд тэрээр энэ удаагийн сонгуульд бие даагч хэлбэрээр оролцон 80,63%-ийн санал авч чаджээ. Түүний ойрын өрсөлдөгч болох, Либерал ардчилсан намаас нэр дэвшигч Валерий Калашников 6,67% санал авсан байна. Уг нь Солодовын хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр Коммунист намаас нэр дэвшигч Валерий Быков тооцогдож байсан боловч нэг депутатын гарын үсэг дутсан шалтгаанаар түүнд орон нутгийн сонгуулийн хороо зөвшөөрөл өгөөгүй аж.

Мөн Алс Дорнодын нэгэн бүс нутаг болох Еврейн автономит мужид “Нэгдмэл Орос”-ын Ростислав Гольдштейн 82,8%-ийн саналаар тэргүүлж байна. Тэрээр мужийн амбан захирагчийн албыг Путины тушаалаар өнгөрөгч оны сүүлчээс хойш хашиж байгаа юм. “Шударга Орос”-оос нэр дэвшигч Владимир Дудин 7,38%-иар түүний дараа эрэмбэлэгдэж байна.

Алс Дорнодын сонгуульд Кремлийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч байсан нь ч учиртай. 2018 оны сонгуулиар Владимир Путины дэмжсэн нэр дэвшигчид  Приморье болон Хабаровскийн хязгаарт эхний шатанд ялагдал хүлээж байсан бөгөөд Приморийн хязгаарт явагдсан хоёр дахь шатны сонгууль нэлээн хэл амтайгаар өндөрлөж байсан юм. Тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг аврахын тулд Кремлийн зүгээс туршлагатай “нэгдмэл орос” Олег Кожемяког илгээн, тэрээр бие даагч хэлбэрээр дахин сонгуульд оролцон ялалт байгуулж байв.

Харин Хабаровскийн хязгаарт 2018 онд Кремлээс дэмжигдсэн Шпорт хоёр дахь шатны сонгуульд Либерал ардчилсан намаас нэр дэвшигч Сергей Фургалд ялагдаж байсан билээ. Энэ оны зун Фургалыг захиалгат аллагын хэрэгт сэжигтнээр баривчилсан бөгөөд мужийн оршин суугчид тэрхүү үйлдлийг  эсэргүүцэн хэдэн мянгаараа жагсаж, Хабаровск хотноо одоог хүртэл үргэлжилсээр байгаа аж.

Алс Дорнодод явагдсан сонгуулийн үр дүн улстөр судлаач Александр Кыневийг гайхахад хүргэжээ. Тэрээр: “Эрх баригч намаас нэр дэвшигчдийн энэхүү хэт өндөр үзүүлэлт надад эргэлзээтэй санагдаж байна. Камчатк болон Еврейн автономит муж дахь санал хураалтын дүн мэдээ бол үнэхээр гайхал төрүүлэхээр. Еврейн өөртөө засах муж /ЕӨЗМ/-ийг Алс Дорнодын “Чечень” болгон хувиргахыг хичээцгээж байна. Энэ муж Хабаровсктой ойр,  голын наана цаана оршдог атлаа ийм төсөөлшгүй үр дүн үзүүлж буй нь нэг л санаанд бууж өгөхгүй нь” хэмээн ВВС-д ярилцлага өгөхдөө онцолсон байна.

Харин ЕӨЗМ-д ялалт байгуулсан Гольдштейний өгүүлснээр, Хабаровскийн хязгаарт өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн түүнд тусалсан гэжээ. “Хабаровскт болсон ухаалаг бус явдлыг хүмүүс харсан бөгөөд иймэрхүү зүйл ЕӨЗМ-д бүү давтагдаасай гэж хүссэн. Талбай дээр 50 хүн гарч ирээд л өнгөрсөн. Тэр ч байтугай, мөнгө өгье гэсэн ч жагсах хүн олдохоо больсон. Либерал ардчилсан нам нэг ч хүнийг энэ бүс нутагт нэр дэвшүүлээгүй” хэмээн тэрээр тайлбарлажээ.

 

Хоёр дахь шатны санал хураалт явагдсангүй

Магадлалтай бүс нутгийн жагсаалтад Эрхүү муж орж байв. Энд хоёр дахь шатны санал хураалт явагдах өндөр магадлалтай хэмээн олон шинжээчид тооцоолж байлаа. 2015 онд коммунист Сергей Левченко тус мужийн захирагч Сергей Ерощенког ялан шуугиан дэгдээсэн билээ. Энэ нь 2012 онд мужийн захирагчийн сонгууль ахин явагддаг болсноос хойшхи сөрөг хүчний нэр дэвшигчийн анхны ялалт байсан юм.

Өнгөрөгч оны 12-р сард Левченког “өөрийнх нь хүсэлтээр” Путин халж, түүний оронд Онцгой байдлын дэд тэргүүн Игорь Кобзевийг томилсон байна. Захирагчийн сонгуульд түүний гол өрсөлдөгчөөр Коммунист намаас нэр дэвшигч Михаил Щапов тооцогдож байсан бөгөөд тэрээр 2016 онд Төрийн Думын нэг мандаттай тойрогт “Нэгдмэл Орос”-ын нэр дэвшигчийг ялж байсан улстөрч юм.

Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээс харахад, Эрхүү мужид хоёр дахь шатны санал хураалт явагдахгүй нь тодорхой болжээ. Нийт саналын 50 гаруй хувийг тоолсны дараа Кобзев 60,65%-иар тэргүүлж яваа нь асуудлыг ойлгомжтой болгосон аж. Гэвч коммунистуудын хувьд өөр саналтай байгаа бололтой. Коммунист намын Эрхүү мужийн хорооны нарийн бичгийн дарга Сергей ЧупровТайга.инфо-д ярилцлага өгөхдөө, Кобзев эхний шатны ялалтад зайлшгүй шаардагдах 50%-иас бага санал авсан байх магадлалтай гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ.

Санал хураалтын урьдчилсан дүнгээр 27% санал авсан Щаповын сулхан үзүүлэлт улстөр судлаач Кыневийг харин гайхашруулсангүй. “Түүний сонгуулийн кампани маш сул байсан. Мөнгө бага, Эрхүүгээс бусад нутагт төдийлөн танил бус зэрэг нь Левченког ялж чадахгүйд хүргэсэн. Хэрэв сонгогчдын ирц өндөр байсан бол магадгүй боломж байсан ч байж болзошгүй. Гэвч цаг агаар муу байсан нь сонгогчдын оролцоонд нөлөөлсөн” хэмээн тэрээр өгүүлсэн байна.

Дашрамд дурдахад, Архангельск, Костром, Пенза мужууд болон Краснодарийн хязгаар гэх мэт хэд хэдэн бүс нутагт хоёр дахь шатны санал хураалт явагдах магадлалтай гэж шинжээчид таамаглаж байсан юм

 

Мужийн захирагчийн сонгуулийн урьдчилсан дүн

Сонгууль явагдсан 17 бүс нутагт эрх баригч намаас нэр дэвшигсэд буюу одоогийн захирагч, орлон гүйцэтгэгчид ялалт байгуулах магадлал өндөр байна.

 Есдүгээр сарын 13-нд 20 бүс нутагт мужийн захирагчаа сонгох бөгөөд харин тэднээс Ханты-Манси /ХАМО/, Ненецийн автономит /НАО/ тойргуудад сонгогчид бус хурлын төлөөлөгчид сонгох аж. ХАМО-д “Нэгдмэл Орос”-ын Наталья Комароваг гурав дахь удаагаа дахин сонгож, НАО-д өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш алба хашиж буй Юрий Бездудныйг сонгосон байна.

Улстөр судлаач Кынев ВВС-ийн анхаарлыг бас нэгэн зүйлд хандуулжээ. Ихэнх бүс нутагт одоогийн алба хашиж буй захирагч нар сонгуульд анх удаагаа нэр дэвшсэн. Тэд харьцангуй шинэ хүмүүс учраас засаг захиргааны шинэчлэлийг хүсэж буй сонгогчдын саналыг авахад дөхөмтэй гэж тооцоолсон. Мөн одоо алба хашиж буй захирагч нарт бусад олон давуу талууд байдаг учраас сөрөг хүчнийхний хувьд мужийн захирагчийн сонгуульд амжилт олохоос илүүтэй хотын зөвлөл болон иргэдийн хуралд боломж өндөртэй гэдгийг тэрээр онцолсон аж.

“Энэ жил ихэнх оросуудын хувьд улстөр манатай байгаа. Ийм нөхцөл байдалд, одоогийн амжиргаагаа бүр дордуулчихгүй хадгалж үлдэхийг хүн бүхэн хүсэж байна. Тиймээс нэг их таалагддаггүй хэдий ч одоогийн эрх баригчдыг хэвээр үлдээж, нөхцөл байдлыг тогтвортой хадгалахыг сонгогчид хүссэн явдал нь эрх баригч намаас нэр дэвшигчдийн ялалтын гол шалтгаан болсон” хэмээн ВЦИОМ судалгааны институтын захирал Валерий Федоров тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top