Израил үндэсний хэмжээнд ХӨЛ ХОРИО тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Коронавирусний цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж, халдварын шинэ тохиолдлууд нэмэгдэж буйтай холбогдуулан Израил улс өнгөрсөн баасан гарагаас эхлэн гурван долоо хоногийн хугацаанд хөл хорио тогтоож байна гэж тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ням гарагт /2020.09.13/ мэдэгджээ.

Хөл хорионы үеэр ард иргэдэд гэрээсээ 500 метрээс хол явахыг хориглож, сургууль, супермаркет болон эмийн сангуудаас бусад дэлгүүрүүдийг хаажээ. Төрийн байгууллагууд цомхон бүрэлдэхүүнтэй ажиллах бол хэрэглэгчдээ хүлээн авахгүй байх нөхцөлтэйгөөр төрийн бус байгууллагууд болон хувийн компаниуд хэвийн горимоор ажиллах боломжтой. Дотоод орчинд 10-аас дээш, гадаа гудамжинд 20-иос дээш тооны хүн цугларахыг хоригложээ.

Тус улсын сангийн сайдын мэдэгдсэнээр, хөл хорио тогтоосноор тус улсын эдийн засаг 1.88 тэрбум ам.долларын алдагдал хүлээх тооцоо гарчээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард халдварын анхны тохиолдол бүртгэгдсэний дараа тус улс хорио цээрийн хатуу арга хэмжээ авсны дүнд халдварын тархалтыг тогтоож чадсан ч эдийн засгийн үйл ажиллагааг дахин сэргээсний дараа хоногт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдлууд огцом өсөж, өнгөрсөн долоо хоногт дөрвөн мянгыг давсан билээ. Өнгөрсөн бямба гарагт гэхэд 2715 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд тус улсад халдварын улмаас нийт 1108 хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top