Т.Галсан, Г.Аким тэргүүтэй мэргэд Си Жинпинд захидал хүргүүлжээ

2020 оны 09 сарын 14

Т.Галсан, Г.Аким тэргүүтэй мэргэд Си Жинпинд захидал хүргүүлжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

БНХАУ-ын дарга, эрхэмсэг ноён Си Жинпин таны мутар тур энэхүү ил захиаг бариулах учир аа:

Монгол Улсын уран зохиол, хэл-бичгийн өчүүхэн хэдэн хүмүүн бид бээр Хятад улс аваас эртний соёлт нэгэн гүрэн мөн хэмээн ихэд хүндлэхийн сацуу Хятадын засаг төр ард түмнийхээ олон угсаатны тус тусын соёл иргэншлийг ариглан хамгаалж,тэтгэн тэнхрүүлж ахуйн дотор монгол хэл,бичгийг ч мөн чингэж эрхэмлэдэг буйзаа хэмээн талархан санаж байдаг бөлгөө.

Тийн атал нэн таагүй нэгэн мэдээ занги саяхнаас чих дэлдэх боллоо. Энэ юун гэвээс, Хятад улсад Өөртөө засан тохиногч Өвөр Монгол орны зарим хот,суурины сургуульд монгол хүүхдийн хамаг хичээлийг монгол хэлээр заахыг болиулав гэх сураг гарч байна. Энэ үнэн ахул Эртний соёл иргэншилт орон улсад гарамгүй, нэн ч тоогүй хэрэг явдал буюу гэж мөхөс бид санаа гайхан эргэлзэж,сэтгэл баахан зовинож байна.

Олон угсаатан үндэстэн оршин сууж,өвөр өврийн соёл иргэншлээр Хятад Улсын нийт соёлыг бүтээн баяжуулж байдаг Танай оронд ийм базаахгүй журам ёсон газар аван тогтвоос:

Нэгд, Өмнөд Монголын монгол хүүхэд эх хэлээрээ эрдэм ном сурах язгуур эрхээ алдаж хохирох,

Хоёрт, Танай орны хэл бичгийн соёлын нэгэн томоохон хэсэг-монгол хэл,монгол бичиг мөдхөн гарцаагүй устаж, Хятад улсын нийт соёлын хөмрөг санд нөхөж үл болох их гарз гарах,

Гуравт, Энэ нь Хүмүүн төрлөхтөний хэл-бичгийн соёл иргэншилд хохирол учруулж, Дэлхий Дахинаа Хятад Улсын нэр нүүрийг ч сэвтээх магад болъюу.

Ийн учирт, Хятад Улсын төрийн тэргүүн эрхэмсэг ноён Си Жинпин авгай Та бээр уршигт энэхүү хэрэг явдлыг мэргэн ухаандаа магадлан болгоож, даруй залруулж соёрхох ажааму?!

 

Таныг хүндэтгэн ёсолсон Монгол Улсын иргэн

 

Г.Аким (Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Олон улсын урлаг, соёлын академийн байнгын гишүүн, доктор, сэтгүүлч)

Н.Алтанцэцэг (Хэл бичгийн ухааны доктор)

С.Алтанцэцэг (Хэл бичгийн ухааны доктор)

Т.Галсан (Монгол Улсын Ардын уран зохиолч)

Д.Ганболд (Хэл бичгийн ухааны доктор)

Ц.Жамбалгарав (Яруу найрагч)

Л.Жумдаан (Хэл бичгийн ухааны доктор)

Н.Золзаяа (Хүний эрхийн судлаач)

С.Оюун (Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч)

Н.Өлзийжаргал (Хуульч)

Л.Пүрэвдорж (Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, зохиолч)

Ч.Пүрэвдорж (Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор, яруу найрагч)

Б. Элбэгзаяа ( “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, судлаач, багш, сэтгүүлч)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тануус(202.179.26.56) 2020 оны 09 сарын 14

Хятадын дотоод асуудал танууст ямар хамаа байнаа түүгээр өнгөрч байгаа гайг үүгээр дуудах хэрэггүй. Босоо бичиг хэрэглэж чадах нь хэрэглэнэ л биз чадахгүй нь албан ёсныхоо бичгийг хэрэглээд л явна. Авилгал хээл хахууль баялгийн тэгш биш хувиарлалт босоо бичгээс болоод байгаа биш ш дээ. Босоо бичгийг бүрмөсөн устгавал зохино.

0  |  0
Top