АНУ-ын сонгууль 2020: Трамп, Байден хоёрын хэн нь илүүрхэв

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд дахин дөрвөн жил үлдэх эсэхийг арваннэгдүгээр сарын 3-нд Америкийн сонгогчид шийднэ.

Бүгд найрамдахчүүд Ерөнхийлөгчийн эсрэг Ардчилсан намаас нэр дэвшин хүчтэй өрсөлдөж буй  Жо Байден бол Барак Обамагийн засаг захиргаанд  дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байснаараа ихэд алдаршсан бөгөөд тэртээх 1970-аад оны үеэс улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн туршлагатай нэгэн билээ. 

Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам нэр дэвшигчдийн хэнд нь сонгогчид илүү талтай байгааг тодруулах зорилгоор улс төр, нийгэм судлаачид тандалт асуулга явуулсаар байна.

BBC News-ийн зүгээс тэдгээр санал асуулгуудын үр дүнд ажиглалт судалгаа хийн, ялагчийг урьдчилан таамаглахыг оролдсон аж.

Нэр дэвшигчдийн нэр хүнд улс орны хэмжээнд хэрхэн үнэлэгдэж байна вэ?

Үндэсний хэмжээний санал асуулгууд нь тухайн нэр дэвшигчийн улс орны хэмжээнд эзэлж буй алдар хүндийг тодруулахад сайн чиглүүлэгч болох хэдий ч сонгуулийн үр дүнг урьдчилан хэлэхэд төдийлөн хангалттай бус юм. Жишээ нь, 2016 оны сонгуулийн үеэр Хиллари Клинтон санал асуулгуудад тэргүүлэн, Дональд Трампаас даруй гурван сая саналаар илүүрхэж байсан хэдий ч ялагдал хүлээснийг бид сайн мэдэж байгаа. Үүний гол шалтгаан нь АНУ-ын сонгуулийн систем. Уг систем нь сонгуулийн эцсийн үр дүнг хоёр өөр төрлийн сонгогч, өөрөөр хэлбэл, 100 сая гаруй энгийн сонгогчид болон 50 муж улсын 538 төлөөлөн сонгогч саналаа өгч хэн ялахыг шийддэг өвөрмөц онцлогтой.

Өнөөгийн байдлаар ихэнх санал асуулгуудад Жо Байден тэргүүлж яваа бөгөөд харин сүүлийн хэдэн долоо хоногт түүний рейтинг ялимгүй хэлбэлзэн, хоорондын зөрүү багасах хандлага ажиглагдаж байна.

Ямар мужуудад сонгуулийн хувь заяа илүүтэй шийдэгддэг вэ?

Ихэнх мужууд бараг сонгууль бүрээр адилхан санал өгдөг нь хоёр нэр дэвшигчийн аль аль нь нэлээн хэдэн мужид ялах магадлалыг бий болгодог бөгөөд тэдгээр мужид л сонгуулийн хувь заяа шийдэгддэг аж. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эхлээд мажоритар системээр гаргаж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тодруулдаг хэдий ч холбооны улс учраас ерөнхийлөгчөө сонгох эрхийг сонгогчдод гэхээсээ илүүтэй муж улсуудад шилжүүлж, аль нэг мужид ялсан нэр дэвшигч тухайн мужид ноогддог сонгогчдын төлөөлөгчийн саналыг бүгдийг нь авдаг зарчим сонгуулийн эцсийн үр дүн санал асуулгаар гарч байснаас зөрүүтэй шийдэгдэх шалтгаан болдог.

Тухайн муж улсын хүн амын тооноос шалтгаалж сонгогчдын төлөөллийн квот оногддог тул зарим нь цөөн, зарим нь олон төлөөлөлтэй. Жишээ нь, Нью-Хэмпшир дөрвөн саналтай байхад Техас муж 38 сонгогчдын төлөөллийн саналтай байна. Нийтдээ сонгогчдын коллегийн 538 санал байдаг учраас нэр дэвшигч наад зах нь 270 санал буюу 50 мужийн 26-д ялж байж хангалттай саналыг цуглуулах боломжтой болно. Барак Обама 2012 онд 26 мужид ялалт байгуулан 336 төлөөлөн сонгогчийн саналаар сонгогдож байсан бол Дональд Трамп 2016 онд 288 саналаар ялалт байгуулсан. Харин Хиллари Клинтон 228 санал цуглуулан 270-д хүрээгүй учраас ялагдал хүлээсэн билээ.

Голлох муж улсуудад нөхцөл байдал ямархуу байна вэ?

АНУ-ын хамгийн том зургаан муж болох Калифорни 55, Техас 38, Нью-Йорк 29, Флорида 29, Иллиниойс 20, Пенсильвани муж 20 төлөөлөн сонгогчтой бөгөөд эдгээр мужаас сонгуулийн хувь заяа ихээхэн шалтгаалдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч нэр дэвшигчид ихэнх цаг хугацаа, хөрөнгө мөнгөө эдгээр мужид хийх кампанит ажилдаа зарцуулдаг. Мөн зарим мужууд бараг сонгууль бүрээр Бүгд найрамдах, эсвэл Ардчилсан намд дийлэнх саналаа өгдөг тогтсон уламжлалтай байдаг бол харин Флорида, Охайо зэрэг зарим мужууд өнгөрөгч сонгуулиар “хэлбэлзэлтэй” байжээ. Иймд илт тодорхой муж руу цаг зав, хөрөнгө оруулалтаа зарцуулалгүй, харин хаашаа ч хэлбийж мэдэх “савлуур” муж руу голчлон анхаардаг. Энэ удаагийн сонгуульд Пенсильвани, Аризона, Висконсин муж улсууд “хэлбэлзэлтэй” байж мэдэхээр таамаг гараад байна.

Одоогийн байдлаар тулгуур мужуудад явагдсан санал асуулгаар Жо Байден тэргүүлж яваа хэдий ч сонгууль болтол нэлээн хугацаа үлдээд байгаа тул нөхцөл байдал ямраар ч өөрчлөгдөх нигууртай. Олон нийтийн санал асуулгын үр дүнгээс харахад, Мичиган, Пенсильвани, Висконсин зэрэг аж үйлдвэрлэлийн гурван мужид Жо Байден тэргүүлэх байр суурьтай байгаа хэдий ч өнгөрөгч 2016 оны сонгуулиар түүний өрсөлдөгч Дональд Трамп эдгээр мужуудад ялалт байгуулж байсныг бас бодолцох нь зүйтэй биз ээ.  2016 оны сонгуульд Трамп Айова, Охайо, Техас мужуудад тасархай ялалт байгуулж байсан бол одоо харин эдгээр мужууд түүний сонгуулийн кампанит ажлынхны сэтгэлийг түгшээгээд байгаа аж. Учир нь, тухайн үед эдгээр мужуудад Дональд Трамп  8-10 хувиар илүүрхэж байсан бол одоо Байдентай яг ижил түвшинд явж байна. Энэхүү үзүүлэлт түүнийг сонгуулийн кампанит ажлынхаа удирдагчийг солих шийдвэрт хүргэсэн ч байж болзошгүй.

Коронавирус Трампын байр суурьт хэрхэн нөлөөлөв

Коронавирусын цар тахал энэ оны эхнээс АНУ-ын голлох үйл явдал болж, ерөнхийлөгч Трампын түүн рүү чиглүүлж буй хандлага, хариу үйлдэл олон нийтийн зүгээс янз бүрийн санал бодлыг дагуулсаар байна.

Өнгөрөгч гуравдугаар сарын дундуур Трамп улс орондоо онц байдал зарлаж, вирусын тархалтыг зогсооход зориулан мужуудад 50 тэрбум доллар хуваарилсан явдалд иргэд талархалтай хандан, тухайн үед Ipsos компанийн явуулсан санал асуулгаар америкчуудын 55 хувь нь түүнийг дэмжиж байлаа.

Гэвч түүний дараахан ардчилагчдын дэмжлэг үгүй болж, тус улсын өмнөд болон баруун мужуудад вирусний тархалт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор өөрийн талынхан нь ч түүний үйлдэлд эргэлзэж эхлэн, долоодугаар сарын эх гэхэд бүгд найрамдахчуудын дэмжлэг 78 хувь хүртэл унасан байна. Саяхан Трамп коронавирусний талаар баримталж буй байр сууриа өөрчлөхөөр оролдсон нь ч үүнтэй холбоотой байж мэдэхээр. Өмнө нь тэрээр “Вирус зүгээр л алга болчихно” хэмээн мэдэгддэг байсан бол одоо харин “Нөхцөл байдал сайжрахаасаа өмнө ялимгүй муудаж ч болзошгүй” хэмээн сэрэмжлүүлсэн юм. Дональд Трамп саяхан өөрөө амны хаалт зүүгээд, америкчуудыг “Эх оронч үзлээ” илэрхийлэн бүгд зүүхийг уриалж, “Энэ бол үр дүнтэй хамгаалалт” гэж өгүүлсэн билээ.

Вашингтоны их сургуулийн шинжээчдийн бүтээсэн нэгэн загвар энэ оны арваннэгдүгээр сарын 1 буюу сонгуулиас хоёр хоногийн өмнөхөөр тооцоолоход, АНУ-д коронавирусээр нас барагсдын тоо 230 мянгыг хол давна гэх таамаглалыг дэвшүүлээд байна.

Санал асуулгын үр дүнд итгэж болох уу?

Өнгөрсөн удаагийн 2016 оны сонгуулийн үр дүнгээс харахад, санал асуулгууд төдийлөн ач холбогдолтой бус мэт. Тэгээд ч ерөнхийлөгч Трамп санал асуулгын үр дүнг нэг их ойшоон үзэхгүй байгаа бололтой. Гэвч иймэрхүү байдлаар хэт хайнга хандаж бас болохгүй юм.

Тухайн үед үндэсний хэмжээний санал асуулгын ихэнхэд Хиллари Клинтон Трампаас хэдэн хувиар илүү байсан нь санал асуулгыг алдаатай байсан гэж үзэх үндэслэл биш аж. 2016 онд социологичдод хэд хэдэн асуудал тулгарч байжээ. Дээд боловсролгүй сонгогчдын санал бодлыг шаардлагатай хэлбэрээр тооцоолох ур чадвар тэдэнд хараахан дутмаг байсан учраас зарим голлох мужууд дахь Трампын давуутай байдлыг сонгуулиас өмнө тодорхойлж чадаагүй байна.

Харин өнөөгийн байдлаар, социологийн ихэнх компаниуд өөрсдийн ажлын алгоритмд зохих өөрчлөлтүүдийг оруулж чаджээ. Гэвч коронавируст цар тахлын уршгаар эдийн засагт учирч буй сөрөг нөлөөний улмаас ирэх арваннэгдүгээр сард хүмүүс сонгуульд хэрхэн оролцох нь одоогоор тодорхойгүй байна. Тэгээд ч сонгууль болтол бас ч зайтай байгаа учраас санал асуулгуудад төдийлөн найдлага тавиад байх шаардлагагүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top