Б.Ононхангай: Уул уурхайн салбарын ростерийн системийг тэгшлэн хуульчлах ёстой

2020 оны 09 сарын 16

“Оюутолгой”-н туслан гүйцэтгэгч “Эс Эс Эм” компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ононхангайтай ярилцлаа


-Уурхайчид ажил, амралтын хоногоо тэнцүүлэх талаар тэмцэл өрнүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Уул уурхайн салбарынхан ростерийн талаар нэгдсэн ойлголттой болсноор тодорхой үр дүнд хүрч байх шиг байна. Ростерийг УИХ-аас хуульчлах асуудал ч яригдаж байна. Хуулийн төсөлд туссан асуудал уурхайчдын эрх ашгийг хамгаалж чадаж байгаа юу?    

-Уул уурхайн салбарт ростерийн зарчмаар ажилладаг уурхайчид ажил, амралтын хоногоо тэнцүү байлгахыг шаардаж байгаа. Үүнийг Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд тусгуулахаар ажиллаж эхэлсэн. Гэвч хуулийн шинэчлэлд ажлын хоногийг 20-иос ихгүй, амралтын өдрийг 10-аас багагүй байхаар тусгасан байна. Энэ нь нөхцөл байдал одоогийнхоос дээрдэхгүй гэсэн үг. Тиймээс ажил амралтын хоногийг тэгш болгохыг хуулийн хэлэлцүүлгийн шатанд шаардана. Уурхайчид ажилтай байснаараа маш олон зүйл алдаж байгаагаа одоо л эргэн харж эхэлсэн. Гэрээсээ олон хоног, сараар хол байснаараар үр хүүхдээ өнчрүүлэхээс эхлээд нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийн бүхэл бүтэн үе бий боллоо. Эрүүл мэндийн хувьд хохирч байгаа тохиолдол цөөнгүй. Миний ажилладаг “Оюутолгой” төсөл гэхэд л уурхайчдыг хохироож буйн том жишээ. Анх 56 хоногийн ростероор ажиллуулдаг байсан бол одоо 28 хоног ажилладаг болсон. Хэрэв ажлын шаардлагааар сунаж ажиллавал, үүнээс ч олон хонодог. Уурхайчид ар гэртэй, ардаа амьдралтай учраас ийм байж болохгүй. Үүнийг өөрчилж, ажил амралтын өдрийг ижил тэнцүү болгоё гэдэгт уурхайчид бүгд санал нэгтэй байгаа.

-Ижил тэнцүү болгоно гэдэг нь яг хэд хоног ажиллаж, амрахыг хэлж байгаа юм бэ?

-Бидний хувьд 10 хоног ажилласан бол 10 хоног, 20 хоног ажилласан бол 20 амардаг байя гэдгийг л шаардаж байгаа. Жишиг нь 14 хоног ажилласан бол 14 хоног амрах байдаг. Энэ нь хамгийн зөв зохистой харьцаа. Уурхайчин хүн энэ жишгээр тэгш ажиллаж, амьдрах ёстой. Ялангуяа манай улсын хэмжээнд тэгш ажил, амралтын хуваарьтай байх шалтгаанууд хэд хэд бий. Тухайлбал, эрүүл мэндийн асуудал, ядаргаа болон сэтгэл зүйтэй холбоотой өвчлөлийн асуудал тулгамдаж байна. Олон хоног гэр бүлээсээ хол явж байгаа хүмүүсийн дунд сэтгэцэд нь тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох асуудал өндөр түвшинд гараад эхэлсэн.

-Одоо яг  14 хоног ажилласан бол 14 хоног амардаг компани байна уу?

-Үндэсний хэмжээний том компаниуд ажилчдаа ийм ээлжээр ажиллуулж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи ресурс”-ээс гадна орон нутгийн зарим компани ийм тэгш ростероор ажилчдаа ажиллуулдаг. Тухайлбал, “Оюутолгой”-н туслан гүйцэтгэгч Ханбогд сумын “Уужим од” компани ажилчдаа 15 хоног ажиллуулсан бол 15 хоног амраадаг. Энэ мэт нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ажилчдаа дээдэлдэг компаниуд бий. Уг нь Өмнөговийн ИТХ-ын дарга Х.Сугир аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тэгш ростер мөрдүүлэх талаар албан шаардлага хүргүүлсэн. Гэвч хэрэгжүүлсэн компани цөөн байна.  Аймгийн ИТХ-аас компаниудад шаардлага хүргүүлэхдээ тодорхой хэмжээнд судалгаа хийсэн байдаг юм билээ. Гэр бүл салалт, ахуйн хүрээнд гардаг гэмт хэрэг гэх мэт нийгмийн асуудлыг харгалзан үзсэн байгаа юм. Тэр судалгаагаа албан шаардлагын хамт хүргүүлсэн байдаг. Анх уул уурхай эхэлж байхад цалинтай, ажилтай л байвал боллоо гэж боддог байсан. Гэтэл одоо ийм муу үр дагаварууд гарч ирлээ.   

-Таны мэдэж байгаагаар  хамгийн урт ростероор ажилладаг уурхайчин хэд хонож байгаа  вэ?   

-Миний ажилладаг “Оюутолгой” төсөл дээр дээд тал нь 28 хонож байгаа. Ажилчид нь өөрсдөө бидэнд ирүүлсэн мэдээллээр “Алтайн хүдэр” компани 56 хоног буюу хоёр сар орчим хугацаанд ажиллуулдаг байгаа юм. Хэрвээ ажлын шаардлага гарвал сунаж ажилладаг гэсэн. Уул уурхайн компанийн эзэд хурдан хугацаанд ашиг олохын тулд  хүмүүсийг ингэж хохироож байна. Хоёр сар уурхайд ажиллаж байгаа уурхайчны ард байгаа гэр бүл ямар байдалтай байх вэ. Алсуураа хүүхдийн хүмүүжлээс эхлээд нийгмийн асуудлууд хөндөгдөж таарна. Одоо байгаа системээр уурхайд 10 жил ажилласан хүн хамгийн багадаа 7-8 жилийг нь ажил дээрээ өнгөрөөсөн байдаг. Одоогийн ростероор уурхайчин бүтэн жилийн гуравны хоёрыг уурхай дээр өнгөрүүлдэг. Уул уурхайн дийлэнхи компаниуд 20 хоног ажиллаад 10 хоног амрах, эсвэл 14 хоног ажиллаад долоо хоног амардаг ростeртой ажиллаж байна. Ажилтан 365 хоногоос 96-г нь гэртээ, 24-г нь замд, 245 хоногийг уурхай дээр өдрийн 11-12 цагийн турш ажиллаж өнгөрөөдөг. Хоол болон ажлын бэлтгэл, уурхай явах цагтайгаа нийлээд 24 цагийн 14-15 цагт нь ямар ч чөлөөт цаггүй байдаг. Нэг уурхайчин ийм хугацааг зөөврийн кемпэд өнгөрүүлж байгаа. “Оюутолгой” төслөөр жишээлэхэд, уурхайн хориотой бүсдээ ажилчдаа амьдруулдаг. Хашаанд хашиж хүний эрхийг зөрчих ч асуудал байгаа. Хэв журам зайлшгүй мөрдүүлэх шаардлагатай. Гэхдээ уурхайн онцгой бүсэд ч хүний эрхийг дордуулж болохгүй биз дээ. Хэдийгээр төслийн ажилтан боловч Монгол Улсын иргэд тэнд ажиллаж байгаа. Хүнийг нийгмээс тусгаарлан, ажиллаж амьдруулах нь өөрөө маш хортой юм. “Оюутолгой” шиг мега төслийн хувьд Ханбогд суманд ажилчдынхаа хотхоныг барих ёстой. Үүнийг хийлгүй шууд олборлолт руугаа орсон нь хамгийн муу хувилбар болоод байна.  

-“Оюутолгой” төслийг талаар дэлхийн стандартыг Монголд нэвтрүүллээ гэдэг. Гэхдээ 28 хоног ажилладаг гэхээр олон улсад мөрддөг ростерийн ээлжийг нэвтрүүлээгүй хэрэг үү?

-“Оюутолгой” төсөл өөрөө дэлхийн хэмжээний гэж яригддаг. Олон улсын бүх стандартыг нэвтрүүлсэн. Гэхдээ олон улсын ростерийн стандартыг нэвтрүүлээгүй. Монголд л тааруулж байгаа юм. Бид “Рио тинто”-гийн олон улсад хэрэгжүүлж буй төслүүдийг судалж үзэхэд, бүгд тэгш ростертой байдаг юм  билээ. Ганцхан Монгол дахь “Оюутолгой” төсөлд ростерийн тэгш системийг нэвтрүүлээгүй. Яагаад нэвтрүүлдэггүй вэ гэхлээр Монгол Улсад хуулийн зохицуулалт байхгүй гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг зайлшгүй хуульчилж зохицуулах ёстой. Гэхдээ 14 хоног ажиллаж, 14 амардаг байдлаар тэгш эрхийг хангасан байх ёстой. 

-“Оюутолгой” төслийн үндсэн гэхээсээ илүүтэй туслан гүйцэтгэгч компанийн ажилчид илүү олон. Ростерийн хувьд үндсэн болон туслан гүйцэтгэгч компанийн хооронд ялгаатай байдаг уу?

-Нийт 16 мянга орчим монгол хүн ажилладаг гэдэг ч яг үндсэн 2500 ажилтан байх жишээний. Маш олон гэрээлэгчдээр дамждаг учраас компани бүр өөр өөрийн гэсэн ростер мөрдөж байгаа. Цалин хангамж нь ч зөрүүтэй. Яг адилхан ажил хийдэг мөртлөө нэг хэсэг нь өндөр цалин хангамж авч байхад, нөгөө хэсэг нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаа. “Рио тинто”-гийн сүлжээгээр ирдэг гадаад ажилчдын цалин яг адилхан ажил хийдэг монголчуудынхаас хэд дахин өндөр байдаг. Энэ нь тухайн улсын хөдөлмөрийн хөлсний их багаас хамаардаг гэх юм билээ.

-Ажил, амралтын хоногийг тэнцүүлснээр ажлын байр нэмэгдэнэ гэж үздэг. Улмаар компанийн эздийн зардал өснө гэсэн үг. Энэ нь ростерийн тэгш систем нэвтрүүлэхгүй байх гол шалтгаан болдог уу?

-Хэрвээ тэгш ростер мөрдөөд эхэлбэл, бас нэг ээлжийн ажилчид нэмэгдэнэ. Одоо бүх компани гурван ээлжээр ажиллаж байгаа бол тэгш ростертой болсноор дөрвөн ээлж болох шаардлагатай гэсэн үг. Ажил олгогчдын хувьд үйл ажиллагааны зардал нэмэгдэх учраас дургүй байна. Шинэ ээлж нэмэгдвэл одоогийн ажилчдынхаа цалингаас хасна гэж тайлбарладаг. Цалинг нь бууруулна гэж  ойлгуулдаг. Уул уурхайн төслүүд маш богино хугацаанд өндөр ашиг хийдэг мөртлөө ажилчдаа ингэж хохироож байгаа юм. 

-Жирийн уурхайчдаас эхэлсэн хөдөлгөөн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоогоор дамжин УИХ дээр ростерийг хуульчлуулахаар яригдаж байна. Та бүхний хөдөлгөөнд хэдэн уурхайчин нэгдээд байгаа вэ. Энэ асуудлыг хөндөж хэлсэн хүмүүсийг ажлаас нь халсан, дарамталсан тохиолдол байна уу?

-Манай хөдөлгөөнд одоогоор 44 мянган уурхайчин нэгдээд байгаа. Дарамт шахалтын хувьд манай компани дээр л гэхэд үйлдвэрчний эвлэлээ байгуулж, эрхээ хамгаалъя гэсэн идэвхтэй гишүүдийн ажлын байранд худлаа дүгнэлт гарган ажлаас нь халсан таван тохиолдол гарч байсан. Тэдний дөрөв нь шүүхэд хандахад, худлаа дүгнэлт гэдгийг нь тогтоосон.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уурхайчин(202.21.97.250) 2020 оны 09 сарын 18

Маш зөв цаг үеээ олсон асуудал хөндсөн байна.

1  |  0
Zochin(103.229.122.86) 2020 оны 09 сарын 18

Energy resources 14/7 shvv buruu oilgolt ogood bna

1  |  0
ssmiin ajiltan (202.126.89.186) 2020 оны 09 сарын 18

Tiimee mash zow yrij bna. Ssm gehed l 28 14oor ajildag busad kompanii ajilchidtai haritsuulhad tsalingiin huwid hamgiin baga n bdag, tegsen mortloo hamgiin ih ajiliin daramt shahalt ihtei ajilchidaa arail dord vzdeg ym shig sanagddag. Shine ajilchid oir oirhon mash ih awdag uchir n orson hvn bvr bargiin teseed ajillah bolomjgvi bdag uchir shvvdee. Adaglaad l tsalgiin hemjeegee nemeed ogvvl hvn ydahdaa tsalindaa uyagdaad ajilaad l bna tiim.zvil ch bhgvi vnheer haramsaltai ajillah hvsel sonirhol bvgd l vgvi boldog doo

1  |  2
Uurhaichin(202.126.89.245) 2020 оны 09 сарын 18

uul uurhain tsaling nemmeer bnaa ter dundaa oyu tolgoin tuslan guitsetgeh buh kompanii

2  |  2
zochin(202.126.89.245) 2020 оны 09 сарын 18

uul uurhain ajiltanii ajil amraltiin huviar ni 14.14bwl bolhol. gehdee ajliin tsag ni nemegdeh bh.

2  |  0
ssmiin ajiltan(202.126.89.245) 2020 оны 09 сарын 18

Yg zuw uul uurhaig 14.14rostertei bolgowol mash olon ger buliin amidrald mash ih dem bolno shuu.

2  |  0
Ajilchin(66.181.161.108) 2020 оны 09 сарын 18

Energy resources 14/7 shvv deeee. Govid bol gants erdnes l 14/14 baihdaaa.

2  |  0
Уурхайчин(202.126.90.156) 2020 оны 09 сарын 18

Маш зөв. Дэмжиж байна

3  |  0
Уурхайчин(66.181.161.23) 2020 оны 09 сарын 18

Маш зөв цаг үеээ олсон асуудал хөндсөн байна.

5  |  0
Top