Дэлхийгээс холгүй ГУРВАН СОЛИР өнгөрөв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Гурван жижиг хэмжээтэй солир Дэлхийгээс холгүй өнгөрсөн тухай АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.

Эхлээд 18-41 метрийн голчтой жижиг хэмжээний сансрын биет дэлхийд ойртон ирсэн аж. Эл солирыг “202RV” гэж сансар судлалын каталогт тэмдэглэсэн байна. Үүнээс 10 цагийн дараа дахин нэг солир Дэлхийд ойртож ирсэн бөгөөд “2020PT4” солирын голч нь 28-64 метр байжээ. Энэхүү биет 12.5 км/с хурдтай манай гарагийн дэргэдүүр өнгөрсөн байна. Дэлхийтэй хамгийн ойр зайд  19-42 метрийн голчтой “2020RJ” солир өнгөрчээ.

Энэ сарын 14-нд эл гурваас хэмжээгээрээ том буюу 53-120 метрийн голчтой “2020QL2” солир манай гарагт ойртох аж. НАСА агентлагийн эрдэмтдийн тооцоолсноор, энэхүү сансрын биет 10.5 км/с хурдтай Дэлхийгээс сар хүрэх зайг 17 дахин нэмсэнтэй тэнцэх зайд өнгөрөх аж.

Одон орон судлаачид Дэлхий орчмын орон зай болох 0.05 одон орны нэгж буюу 7 сая км тойрогт 140 гаруй м голчтой нийт найман мянга орчим солирыг одоогоор илрүүлээд байна. НАСА агентлагийн шинжээчдийн тооцооллоор, сансрын ийм биетүүд “аюултай” ангилалд багтдаг гэнэ. Дэлхий орчмын орон зайд томоохон солирын нийт тоо 25 мянгад хүрнэ гэж эрдэмтэд үздэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top