НАЙРАГЧИД ӨРГӨХ ЗУЛ: Тэр хэд дэх бороо байсан бол...

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07


Улаанбаатар хотод оюутан болж ирээд цөөн найрагчдын шүлгийг олзуурхан цээжилж, омойтон дэвэрч явахдаа Цэндийн Доржсэмбэ гэж намхавтар нуруутай, хүрэн бор царайтай, сэтгэл нь сүү шиг асгарсан найрагчтай нүүр тулж асан сая мэт боловч 15 намар улирсан байна. Монголын утга зохиол хэмээх ай савд өөрийн өнгийг тодорхойлон “Хэд дэх бороо”, “Хэнд би таалагдах ёстой вэ”, “Харсан тэнгэр” зэрэг бүтээлээрээ тэр хүлээн зөвшөөрөгдсөн юм. Баянхонгор аймгийн Өлзийт сумаас утга зохиолын салбарт цахиур хагалан “Цэндийн Доржсэмбэ байна” хэмээн бүтээлээрээ тунхаглаж, зоргоороо, өөрийнхөөрөө орж ирээд чимээгүйхэн буцсан нэгэн найрагчийн бүтээлийг уншигч танд хүргэе.

Тэнгэрт дэвшсэн хүний араас “Сайн хүн байсан. Мундаг яруу найрагч байсан” гэдэг монгол хүний хожимдсон ухаарлаар малгай өмсгөх бус Монголын утга зохиолд өөрийнхөөрөө, зоргоороо, үзэх л гэж ирсэн амьдралын тойрог хүмүүний хувь тавилангаас бүтсэн шүлгийг нь хуваалцахыг хүссэн юм. Ц.Доржсэмбэ өөрөө үгүй ч бүтээл нь үлддэг хорвоог танин сэхээрч, өөрийн бүтээлээ үлдээгээд одсон уран бүтээлч байв. Гэрэл сүүдрийн дундуур гэрэл болж цуулсан, энхэл донхол замаар элгээ эгштэл ижийгээ санаж алхсан найрагчийн тоос хорвоог туулах зам төгссөн ч утга зохиол дахь түүний бүтээлүүд цаг цагийн аясаар өөрийн замыг өртөөлөн түүчээлнэ гэдэгт итгэнэм.

Хэн нэгний тэнгэр дор, хэд дэх бороог зүсэрч буйг анзааралгүй, хэнд таалагдах ёстойгоо ухаарч амжилгүй олноос өөрийн тэнгэр, өөрийн бороо, өөртөө таалагдах гэж тэр шүлэг бичиж амьдарсан. Өнгө мөнгөний хорвоод өөдсийн чинээхэн зүрхтнүүдийн дэргэд гундуухан мэт харагдавч гутарч байсангүй тэр. Энэ зуны хур элбэгийг ээ. Найрагч Ц.Доржсэмбэ хэд дэх бороог мэдэж байсан учраас, хэзээ буцахаа мэдэж байж дээ гэх бодол төрнө. Хэд дэх бороог тэр л мэднэ. Хэд дэх борооноор буцахаа ч тэр мэднэ. 

Түүний “Харсан тэнгэр” дотор хүн гэгч чухамдаа ямар болохыг анзаарч харж болно. Тиймээс хэнд ч таалагдахыг хүсээгүй.

Ум сайн амгалан болтугай.


* * * * *

Аниргүйд би хөнгөн санаашралтай

Алиман сарнаар өгөөмөр явлаа

Эмтэрсэн бүхэнд эмтэрхий нь болж очдог байлаа

Эмгэн хүнд өвгөн болж нэгэн цагт очно гэж

мөрөөддөг байлаа

Даль нь гэмтсэн шувуунд

Далавч нь болж тэнгэрийн салхи очдог

Асгарч буй нулимсанд би

Алчуур нь болж очдог байлаа

Дундаршгүй баян болохыг

Хүмүүс надад ерөөдөг ч

Дандаа л би олсон хэдэн төгрөгөө

Хэн нэгэн хүнд очиход зориулдаг байлаа

Эмийн цагаахан үрэл шиг санаж

Элэг зүрхээ бусдад бэлэглэж явлаа

Харин одоо болсоон, очсон бүх замаасаа

Үлдсэн жаахан хүн чанараа аваад

Өөртөө зориулахаар би явлаа

Эмтэрсэн бүхний эмтэрхий нь би биш

Эрин цагийн минь хээнцэр ганган охидыг

дагаж хөгшрөөд

Өвгөн болж тэдэнд очих

Өгөөмөр хөвгүүд мундахгүйн учир

Аниргүйд би муухан инээмсэглээд

Алиман сарнаар явлаа, баяртай.

Сарнаар явлаа, баяртай.

 

ӨЛЗИЙТИЙН СУУРИН

Дотно нандин бүхэн минь шаналгаат

самуурлаар дуусч байхад

Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ.

Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угтдаг

Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь

Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй

Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй

Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас

Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна.

Ай, тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээд

Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа

Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь

Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ ганцаараа

Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь

Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь...

 

ЦАС

Цас малгайлан орохыг

Мэдээгүй мэт

Цонхны цаана

Малгайтай хүмүүс бужигнана...

* * * * *

“Шүлэг бол доо, ганцаардал минь”

Ганцаардал минь

Шувууд нь нисчихсэн үүрнээс олдсон

Ганц цагаан өд минь

Чамд би бэх дусаагаад

Шүлгийнхээ дэвтрийн

Бичигдээгүй хуудсуудын

Завсарт нь хавчуулж хадгаллаа

Шувуу болохгүй хойно

Шүлэг бол доо

Ганцаардал минь.

 

ОЁДОЛЧНЫ ДУУЛЬ

Аз жаргалыг би

Өмсөх хувцас адил

Өөртөө тааруулан урлахыг хүсдэг ч

Ур дутуу оёдолчин би

Өөртөө хэзээ ч тохируулж чаддаггүй

Өмсөөд үзэхэд багадсан байдаг

Ханзлан задлаад дахиад л оёдог ч

Урьдынхаасаа ч бүр богинодуулсан байдаг

Орчлонгийн бүх жаргал цэнгэлээс

Оногдсон хэмжээ нь ийм хойно

Ур дутуу гэж өөрийнгөө голохоо байя

Уйтгар гунигаас жаахан зүйдэл оруулъя даа.

 

НАТУР

Зуны цэцэрлэгийн моддын завсраар

Хүүхнүүдийн нүцгэн шилбэ

Загас шиг зурс зурс хийхэд

Хажуугийн хөх модон сандал дээр суусан

Хархүүгийн харц уургагүй загасчин адил...

 

ТЭНД

Тэнд мөн ч сайхан сан

Тэндэхийн хүмүүсийг ямар элэгсэг гэж санана

Таагүй яваа хэн нэгнийхээ

Тавилан заяаг өрөвдөн дурсацгаах нь ямар гээч

Тэндэхийн хүмүүсийн ийм л ярианд

Тэнэмэл тэр ч багтаж байдагтаа

Тэсгэлгүй доголон нулимс унагаж

Тэвчиж уйлдаггүй

Хүн зоных нь

Хүндлэм ёсыг зөрчдөг сөн

Хүндлэм тэр л ёсыг нь зөрчихөд

Ханцуйнаасаа гарууд нь цухуйж

Халуун нулимсыг нь

Хаман арчина гэж

Харин ч нэг байхгүй ээ...

Хал нь гаднаа

Хайр нь дотроо гэдэг шиг л

Хүмүүс дээ...

Тэнд одоо мөн ч сайхан байгаа

Тэсгим өвлөөр идэх хүнс

Түлэх түлшээ базааж аваад

Таагүй яваа хэн нэгнийхээ

Тавилан заяаг өрөвдөн дурссаар л суугаа...
 

 

СҮҮЛЧИЙН СУУРИН ТОСГОД МИНЬ

Далайн мандалд ил харагдах хэсэг нь

Үзэсгэлэнтэйеэ үзэгдэх усан онгоцны

Далайн мандлаас далд харагдах хитэг нь

Далайн бохироор бохирлогдсон байдаг шиг

Хотуудын алдар цуунаас алс

Хээр хөдөөгийн сүүлчийн суурин тосгод минь

Намар оройн хүйтэн борооны дараа

Тагтааны хөл нь даарсан юм шиг ягаарч

Норсон бүрх малгай шиг дээврүүдээсээ

Татсан тамхины утаа шиг уур савсуулан

Ядуу эгэл олныхоо царайнаас

Ялдамхан инээмсэглэл болон гэрэлтсэн

Хээр хөдөөгийн сүүлчийн суурин тосгод минь

Тоотой хэдэн байшингуудыг чинь

Тоосго тоосгоор нь өрж босгосон

Ажилсаг гаруудын зарим нь алга

Алдар нь тэр байшингууд болжээ

Амьдралтай газар хот гэнэ

Амьдралгүй юмсанжээ чи, суурин тосгод минь

Хүний бохироор бохирлогдсон

Дэлхийн зүүд гэлтэй хотуудын

Хар дарсан зүүдэнд харагдах болсон

Хээр хөдөөгийн сүүлчийн суурин тосгод минь

Хог болтол чинь чамдаа би хайртай

Хот болтол чинь чамдаа бас хайртай.

 

ЦАС, БОРОО

Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Тэрнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодлогоширсон

Ой дурдатгалыг минь тойрон

Одоо ч цас бударсаар л байна

Чамтай л норсон бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Тэрнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодлогоширсон

Ой дурдатгалыг минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна.

 

ХЭНД БИ ТААЛАГДАХ ЁСТОЙ ВЭ

Хэнхдэг цээжний минь цаанаас

Хэмжээлшгүй гоёор нахиалсан модыг

Хүн бүгд л зөөлхөнийг нь гайхаж

Хуруу гараа сунгацгаадаг сан

Хамаг амьдралын хуудсуудын

Хагасыг нь эргүүлчихээд хартал

Хайр татсан модны минь мөчирт

Хурц өргөс л жадлан ургажээ

Хүрэх гэж сарвалзсан хуруунуудын

Хэнд нь ч цаашдаа таалагдахыг би хүссэнгүй…

 

УДАХГҮЙ

Тун удахгүй би хэлгүй болно

Тэр цагт

Мянган хэлтэй бурхадын

Мэлмий туяаран баясна

Гэвч

Хэлтэй байхад минь

Тоож сонсоогүй миний яриаг

Үгүйлж эхлэх амьдрал

Үггүйгээр оршиж

Үнэт санааг минь ойлгоно

Тэр цагт

Мянган хэлтэй бурхад

Хийх ажилгүй болно.

 

НАРГИА ШҮЛЭГ

Эхнэрээ өгчих юм шиг

Эхнэр аваач гэлцэх юм

Эхнэр аваагүй ч

Эхнэртэй явалдаж чадахыг минь

Эхнэртэй харчуул мэдэхгүй л байна даа.

* * * * *

Сарыг харж бичсэн

Солиотой хэдэн шүлгэндээ

Ганцаардлын тухай үгүүлдэг, би

Ганцаардахын эрхээр солиорсныг

Ганцхан шүлгүүд минь нотолдог

Олон хүнтэй газар

Удаан байж чаддаггүй би

Орчлонд нандин нэг л зүйлээ

Алдчих юм шиг санагдаад

Аль болох ганцаараа байх дуртай би

Ганцаардахын эрхээр солиорох өвчний

Хам шинж ингэж илэрдэг

Солиотой хэдэн шүлгийн минь бичигдэх

Сонгодог шалтгаан энэ болдог.

* * * * *

...Будангуйрч явсан амьдралд минь

Будда шиг зүрхэнд минь ирсэн

Чинийхээ өмнө би гуйлгачин

Чимх нойргүй би архичин

Урмыг хугалсан бүхнээсээ

Уучлаарай гэж хэлэх тэнхэлгүй

Уулын савдгийн ил чөтгөр

Тэглээ гээд юуг ч сүйтгээгүй ээ би

Өндгөө хагалж, шувуу болох шиг

Яг одоо л хүн болмоор байна

Өнгөрсөн амьдралынхаа юуг ч

Эргэн дурсаж, гиюүрмээргүй байна

Уяхан чам шиг л хүн болмоор байна

Уучлаарай гэж үнэн зүрхнээсээ

Уяхан хорвоогоос гуймаар байна

Ухаант хүн, ухаант хүн л гэдэг

Ухаан дотор хор хорлолын аль нь ч бий

Харин би зүгээр л хар тэнэгээрээ амьдармаар байна

Будангуйрч явсан амьдралд минь

Будда шиг зүрхэнд минь ирсэн

Чиний өмнө хүн шиг харагдмаар байна

Цайнаасаа илүү гудардаг архиндаа

Цэг тавьж хүн болмоор байна
 

(Энэ шүлэг түүний сүүлийн бүтээл байлаа)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
номин(66.181.161.65) 2022 оны 05 сарын 03

Мундаг хүн

0  |  0
Top