Монгол Улс ШХАБ-д элсвэл гуравдагч хөршөөс тусгаарлагдах уу!

2020 оны 09 сарын 07

"ШАНХАЙН ТАВ”

Өнөөдрийн бидний мэдэх ШХАБ буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын анхны нэр нь “Шанхайн тав”. Социалист систем задарч, ЗХУ, АНУ гэсэн хоёр туйлт ертөнцөөс хүчний төв АНУ руу хэлбийж, хүйтэн дайны үе өндөрлөж, пост социалист орнуудын бүрхэг ирээдүйд гэгээ татаж, цаашаа хэрхэн аж төрөх замаа олж эхэлж байх үе буюу 1996 онд ОХУ, БНХАУ хэмээх хоёр их гүрэн дээр Казахстан, Киргизстан, Тажикстан нэмэгдэж таван улс хамтран Шанхай хотноо Хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Эндээс “Шанхайн тав”-ын түүх эхэлдэг.

Тус бүртэйгээ хил нийлэн хаяа залгадаг энэ таван орны нэн түрүүний зорилт нь цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх, аюулгүй байдлаа хангах, хил хязгаарын бүсдээ харилцан итгэлцлээ бэхжүүлэх буюу бие биеийн нутаг руу өнгөлзөхгүй байх нь тэдний эхний алхам байв. Бас тухайн үед ЗХУ задраад удаагүй, дэлхийд АНУ-ын нөлөө ихсэж, наад зах нь ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс ардчиллын замд орж, хоёр их гүрний дунд Америкийн нөлөөний “цоорхой” үүссэн нь ганц туйлт ертөнц рүү хэлбийх төлвийг харуулсан учир хуучны нөлөөгөө санагалзсан ОХУ тэргүүлэн БНХАУ-ыг хавсруулж, ЗХУ-ын үед харьяа Бүгд Найрамдах улсууд нь байсан Казахстан, Киргизстан, Тажикстаныг оролцуулан ийм нэг байгууллагыг төрүүлжээ. Үүнээс таван жилийн дараа, 2001 онд Узбекистан түүнд нэгдэв. Мөн онд эдгээр зургаан орны Төрийн тэргүүн нар мөн л Шанхайд уулзаж “Шанхайн тав” ШХАБ болон өргөжиж дараа жил нь ШХАБ-ын Харти буюу тунхаглалд гарын үсэг зуржээ.

 

 

АЖИГЛАГЧ ХИЙГЭЭД ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ТҮНШ ОРНУУД

 

Бүл нэмж ШХАБ болсон байгууллага өмнөх зорилтоо өргөжүүлж бүс нутгийн энх тайван,аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал дээрээ нэмж алан хядлага буюу терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзлийн бүх хэлбэр, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаатай хамтран тэмцэхээр тунхаглалаа. Улмаар ажиглагч орнуудаар хүрээгээ тэлсэн юм. Хамгийн анхны ажиглагч орон нь Монгол Улс. 2004 онд Узбекистаны Ташкент хотноо болсон уулзалтаар энэ статусыг авсан бөгөөд АНУ болон барууны ертөнц рүү хандах болсон Монгол Улсыг хоёр хөрш орон ШХАБ руу  ойртуулахаар чармайж, тухайн үедээ Монголын тал эвтэйхэн гарц олж чадсан нь ажиглагчийн статус байсан гэж хэлж болно. Дараа жил нь буюу 2005 онд Энэтхэг, Пакистан, Иран, 2012 онд Афганистан, 2015 онд Беларусь улс ажиглагч болжээ.

Ажиглагчдаас гадна яриа хэлэлцээний түнш орнууд гэж бий. Шри-Ланк 2009 онд, Турк улс 2012 онд, Балба 2015 онд яриа хэлэлцээний түншийн эгнээнд оржээ. Мөн Армени, Камбож, Азербайжан улсууд ийм статустай. ШХАБ өөрөө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ажиглагчийн статустай, АСЕАН, ТУХН, НҮБ-тай хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан бөгөөд экс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван “стан” орноос ганцаараа гадна үлдсэн Туркменстан зочин оролцогчийн байр сууринаас хандаж байна. Тус улс төвийг сахих статустай тул ШХАБ-т элсэлгүй өнөөг хүрчээ. Нөгөө “стан”-уудаасаа хавьгүй баян, хийн хоолойгоор ихээхэн ашиг олдог Туркменстанд элсээд байх хэрэг ч байхгүй гэдэг.

 

АЖЛЫН ХЭЛ НЬ ОРОС, ХЯТАД

Өнөөг хүртэл ШХАБ-ын ажлын албан ёсны үндсэн хэл нь орос, хятад юм. Иймээс нэг үе англи хэлтэй орон гишүүнээр авахаас жийрхэж байсан удаатай. Үндсэндээ 2010-аад он хүртэл ШХАБ нэг хэсэг гишүүн элсүүлээгүй. Харин 2017 онд Казахстаны Астана хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаар Энэтхэг, Пакистаныг гишүүн орноор элсүүлж, өдгөө найман гишүүнтэй болоод байна. Ингэхдээ хоёр жилийн турш ярилцаж байж Энэтхэгийг ОХУ, Пакистаныг БНХАУ лоббидож элсүүлсэн байдаг. Астанад болсон хуралдааны үеэр ОХУ ажиглагчдаас Ираныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хөндөөд орхисон билээ. Ингэж гишүүд, ажиглагчдын хүрээ тэлснээр ШХАБ-ын нөлөө бүс нутгаасаа хальж эхэллээ. Дэлхийн хамгийн олон хүн амтай орнууд болох БНХАУ, Энэтхэг харьяалагддаг, бусад гишүүн орнуудтайгаа нийлээд дэлхийн хүн амын дөрөвний нэгийг ШХАБ нэгтгэжээ.

 

МОНГОЛ УЛС ШХАБ-Т ЭЛСВЭЛ ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО СААРМАГЖИЖ,

ХОЁР ХӨРШ ДУНДАА ТҮГЖИГДЭХ  АЮУЛТАЙ ЮУ

 

Монгол Улс 2004 оноос хойш 16 жилийн турш ШХАБ-д ажиглагчийн статустай байж, бүх хурал, зөвлөлгөөнд нь төлөөлөгчөө оролцуулж ирсэн нь өнөөг хүртэл барьж ирсэн хамгийн зөв бодлого байсан гэж хэлж болно. Анхнаасаа Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эдийн засаг, эрчим хүч, дэд бүтэц, транзит тээврийг хөгжүүлэх чиглэлээр ажиллана гэсэн байр сууриндаа өнөөдөр ч хэвээрээ байгаа.

2010 онд Улаанбаатарт ШХАБ-ын ажил хэргийн зөвлөлийн ээлжит хуралдааныг хийсэн нь ажиглагч оронд ийм хэмжээний уулзалт хийсэн анхны тохиолдол болсон юм. Тажикстаны нийслэл Душанбе хотод 2014 онд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтыг Монголын талаас санаачилж, улмаар тогтмол болгосон нь хамгийн оновчтой хувилбар болсон байдаг. Үүгээр дамжуулан транзит тээвэр, худалдаа, эдийн засгийн коридор байгуулах, энэ хүрээнд өнөөдөр ажил хэрэг болох нь тодорхой болоод буй хийн хоолойн асуудал ч яригдсаар ирсэн билээ.

Анх гурван талт уулзалтыг зохион байгуулахдаа Төрийн тэргүүн нарын суух суудлыг ямар дарааллаар байрлуулахыг шийдэх үед ч Монголын тал газар зүйн байрлалаараа Монгол Улс дунд нь сууна хэмээн оновчтой шийдсэн юм.

Харин 2018 оноос Монгол Улс ШХАБ-д элсэн орох талын яриа хүчтэй дуулдах боллоо. Хөрш хоёр орон ч олон жилийн турш “Монгол Улс ШХАБ-д элсэн орвол нэн таатай хүлээн авна” гэсэн байр суурийг илэрхийлсээр ирлээ.

Судлаачдын зарим нь өмнөх ажиглагчийн статусаа хадгалах нь зөв гэж байгаа бол элсэх цаг нь болсон хэмээн үздэг хүн ч олон бий. Элсэхгүй хэмээж байгаа талаас харж үзвэл тус байгууллага өнгөрсөн хугацаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг ШХАБ-ын хөгжлийн гол тулгуур гэж үзэж ирсэн ч дорвитой ажил хийгээгүй, эрчим хүч, мэдээлэл, харилцаа холбоо, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг чухалчилна гэдэг ч томоохон төсөл хэрэгжүүлсэн түүх үгүй. Зөвхөн соёлын харилцааны хүрээнд цөөн тооны үзэсгэлэн гаргажээ. Гишүүн орнууд хил хязгаарын бүсдээ харилцан итгэлцлээ бэхжүүлнэ хэмээн анхнаасаа тунхагласан боловч  Энэтхэг-Хятадын хооронд хилийн маргаан үүсч, Тажикстантай ч газар нутгийн асуудал гаргаж ирсэн. Энэтхэг-Пакистан хоорондоо байнгын сөргөлдөөнтэй, үүнийгээ ШХАБ-д элсээд ч шийдэж чадсангүй. 2008 оноос хойш Хятад, Төв Ази, Европыг холбосон авто замын гурван том коридор байгуулна гэсэн ч өнөөг хүртэл сураггүй.

Зөвхөн тунхаглалын чиглэлтэй уриалга, төлөвлөгөөг өнгөрсөн 20 гаруй жил дэвшүүлж ирсэн учир Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх нь оновчтой бус. Мөн хэт даврах, салан тусгаарлах үзлийг хязгаарлана гэсэн анхны зорилтуудын хүрээнд БНХАУ нь Шинжаан-Уйгарын өөртөө засах орон, Төвөд, Тайвань, Хон Конгод хатуу хяналт тавьж байна хэмээн үзэх хэсэг ч байгаа юм. Монгол хэл, бичгийн асуудлаас үүдэн Өвөрмонголд цааш юу болохыг бас таашгүй. “Монгол Улс бол төвийг сахисан, гуравдагч хөршийн бодлого явуулдаг улс. Ийм нөхцөлд ШХАБ-д болгоомжтой хандах ёстой.

Гуравдагч хөршийн бодлого саармагжиж, хоёр хөрш дундаа түгжигдэх  аюултай” гэж үздэг эрдэмтэд, судлаачид ч бий. Элсэх нь зүйтэй гэж үзэж буй талын байр сууринаас харвал Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудаас хөнгөлөлттэй зээл, тусламж авах боломжтой, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийнхаа харилцаанд  идэвхтэй байр суурьтай байх, дэлхийн интеграцид нэгдэх зэрэгт нэн тустай хэмээжээ. Ийм байр суурийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, дипломатч Л.Эрдэнэчулуун нарын зэрэг хүмүүс илэрхийлсээр ирсэн билээ. Ийнхүү ШХАБ-д элсэнэ, элсэхгүй гэсэн мэтгэлцээн улс төрчид, судлаач эрдэмтэд, дипломатчдын дунд нэг үе хүчтэй өрнөсөн ч КОВИД-19-ийн улмаас гадаад харилцааны асуудал хэсэг зуур намжаад байна.

Коронагийн дараа энэ сэдэв эргэн эрчимжих биз.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2020 оны 09 сарын 07

Мөрөөрөө мөөмөө...

0  |  0
Hunnu(122.201.24.215) 2020 оны 09 сарын 07

Uvurmongolyn huvi zaya huleej bn

2  |  0
Third neighbor (202.70.34.70) 2020 оны 09 сарын 07

17-r zuunaas hoishih tyyhiin surgamjig mongolchuud bainga sanaj baih yostoi. Hoinoos orosyn Ermak, urdaas Manj, dotroo Oird/Halh gej tulaldsaar hariin erhsheeld orson shyy.

3  |  0
Zochin (103.26.194.19) 2020 оны 09 сарын 07

Mongol uls hezeech tuviig sahisan uls baigaagui shuu. 2 hurshteiguu tentsvertei hariltsana gedeg tuviig sahina gesen ug bish yum.

0  |  1
Top