“Өв эрдэнэ” хөтөлбөрөөс Чойжин ламын сүм музейг 1.1 тэрбум төгрөгөөр тохижууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрөөс Чойжин ламын сүм музейд тохижилтын ажил хийж өнөөдөр /2020.09.04/ хүлээлгэн өглөө. Энэ хүрээнд Чойжин ламын сүм музейн хоёр га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 мКв ногоон байгууламж, 1500 мКв авто зогсоол, 1600 мКв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлгийг суурилуулсан байна.

“Өв эрдэнэ” соёлын өвийн хөтөлбөрийг “М Си Эс” групп 25 жилийн ойгоороо санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хэрэгжүүлэгчээр Монголын урлагийн зөвлөл, хамтрагчаар Соёл, урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсний төв, дотоод, гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх экспертүүд ажилласан байна. Уг хөтөлбөрөөр Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд соёлын дурсгалт газрууд болон дурсгалт уран барилгын эрсдэлийн судалгаа, барилгын сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлжээ. Тухайлбал,

-Занабазарын музей, Чойжин ламын сүм музейн “AR” дижитал үзмэр бүтээх

-Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах

Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт сургалтыг АНУ-ын мэргэжилтэн Стивен Келли зохион байгуулж, Монголын 30 гаруй мэргэжилтнийг хамруулах

-Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа хийх

-Чойжин ламын сум музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын зөвлөмж, хадгалалт, хамгааллын менежментийн төлөвлөгөө боловсруулах

-Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төслийг боловсруулж, сэргээн засварлах зэрэг ажлыг хийж байгаа юм.

 112 жилийн өмнө байгуулагдсан Чойжин ламын сүм музейг Эрдэнэ билэгт, тунгалаг бишрэлт, хутагт Чойжин лам Лувсанхайдав буюу VIII Богдын төрсөн дүү Лувсанхайдавт зориулан бүтээжээ. Сүм музейд Монгол Улсын хосгүй үнэт, үнэт 6000 гаруй үзмэрийг таван дурсгалт барилга, 15 хүндэтгэлийн асар хаалганд дэлгэн үзүүлдэг байна. Ингээд Чойжин ламын сүм музейд хийсэн тохижилтын ажилд оролцсон байгууллагуудын төлөөллийн сэтгэгдлийг хүргэе.


-Монголын урлагийн зөвлөлийн захирал О.Одгэрэл:

“М Си Эс” группээс нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн томоохон төсөл нь “Өв эрдэнэ” хөтөлбөр. Чойжин ламын сүм музейг сонгосон шалтгаан нь нийслэл хотын төвд оршдог сүм музейн хамгаалалтын орчинг цогцолбор хэлбэрээр шийдэх нь чухал байсан.

Аливаа соёлын өвийг хүрээлэн байгаа орчинтой нь хамгаалж, хадгалах шаардлагатай байдаг тул “Өв эрдэнэ” хөтөлбөрийн төслүүд цагаа олсон ажил болж чадсан.

 * * *

-Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн:

Чойжин ламын сүм музейд дурсгалт барилгын сэргээн засварлалт, орчны тохижилт хийх шаардлагатай байсан. Гэвч төсөв хөрөнгө олддоггүй байсныг “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд шийдсэндээ баяртай байна. 2018 онд Чойжин ламын сүм байгуулагдсаны 110 жилийн ой тохиоход Монголын Урлагийн зөвлөл, “Эм Си Эс” группээс “Өв эрдэнэ” хөтөлбөрт шалгарсныг дуулгаж байсан.

Харин өнөөдөр орчны тохижилт, гэрэлтүүлэг хийгдэж, хадгалалт, хамгааллын нөхцөл бүрдлээ. Мөн хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд сүйдсэн байгууламжуудыг дижитал хэлбэрээр сэргээн үзүүлэх боломж бүрдлээ.

 * * *

-“М Си Эс” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин: Энэ сайхан ажлын нэг хэсэг болсондоо “М Си Эс” группийн хамт олон баяртай байгаа. Бид түүхийн өв соёлоо хадгалж, хамгаалан хойч үедээ уламжлах учиртай. Үндэсний дархлааг бий болгох үүднээс Урлагийн зөвлөлтэй хамтран “Өв эрдэнэ” хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Хүүхэд залуучуудаа түүх соёлтойгоо ойр байхыг уриалж байна. Түүх соёлоо мэдэх нь ирээдүйн хөгжлийн хөдөлгөгч хүч болдог. Чойжин ламын сүм музейд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны тод жишээ болсон сайхан төсөл хэрэгжсэнд баяртай байна.

  * * *

-АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески: Би Монголл ирээд жил гаруй болж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотод хайртай болсон. Амралт, чөлөөт цагаараа Чойжин ламын сүм музей шиг дурсгалт газраар зугаалах дуртай. Би Чойжин ламын сүм музейн орчинд амьдардаг учраас энэ музейд дандаа ирдэг.

Элчин сайдын яамны зүгээс энэ сайхан музейд 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэн Ядам сүмийн барилгыг сэргээн засварлах болсондоо баяртай байна. Дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын ЭСЯ-даас Соёлын өвийг хамгаалах сангийн тэтгэлгийг зарладаг. Хэдийгээр ЭСЯ-ны нэрэмжит хэмээн нэрлэдэг ч АНУ-ын ард түмний сэтгэл юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldbaatar(66.181.161.124) 2020 оны 09 сарын 04

mundag busgui shuu bayarlaa

0  |  0
boldbaatar(66.181.161.124) 2020 оны 09 сарын 04

mundag busgui shuu bayralala

0  |  0
Top