Европчууд сүүг хожуу хэрэглэдэг болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Германы хойд нутагт 3.2 мянган жилийн өмнө тулаанд амь үрэгдсэн олон арван дайчдын генийн судалгаа тэд сүүний хамгийн гол орцын нэг болох сүүн хүчлийг шингээж чаддаггүй байсныг харуулжээ. Өөрөөр хэлбэл тэдний үр хойч сүүг маш хожуу бөгөөд түргэн хэрэглэж сурсныг илтгэж байна гэж шинжлэх ухааны “Current Biology” сэтгүүл мэдээлжээ.

Үүнээс хоёр мянган жилийн дараа амьдарч байсан буюу Дундаж зууны үеийн европчуудын генийг авч үзвэл, 60 хувь нь сүүн хүчлийг шингээх чадвартай байсан аж. Өөрөөр хэлбэл генийн энэ мутац Европын хүн ам даяар маш түргэн тархсаныг илтгэж байна гэж Нью Йорк мужийн их сургуулийн судлаач Кришна Вирама онцолжээ.

Сүүний аж ахуй Ойрх Дорнод болон Энэтхэгт 10-15 мянган жилийн өмнө буюу газар тариалан бий болж, хүмүүс суурин соёл иргэншилд шилжсэн үед үүссэн гэж эрдэмтэд таамагладаг. Үхрийг гаршуулснаар манай гарагийн анхдагч фермерүүдийн генд LCT мутац үүсжээ. Үүний ачаар хүмүүс насанд хүрсэн хойноо сүүн хүчлийг шингээх боломжтой болжээ. Гэтэл ийм чадвар бусад сүүн тэжээлтэнд бараг байдаггүй аж. Өдгөө энэ мутац ихэнх европчуудад байдаг ба олон хүнд тэр бүр ажиглагддаггүй гэнэ.

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд хүн төрөлхтөн хэдийнээс эхэлж, яагаад сүү хэрэглэж эхэлсэн тухай судлах болжээ. Сүүн хүчил болон сүүнд агуулагддаг бусад төрлийн чихрийг шингээх нь эртний европчуудын хувьд яагаад чухал байсныг эрдэмтэд тогтоогоогүй байгаа ч цэвэр бөгөөд тэжээллэг сүү ууж, шингээх чадвар нь хоол хүнс, цэвэр ус хомс үед амьд гарах арга байсан байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top