Арав орчим жил зөвхөн алдагдал хүлээсэн “FedEx”

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Асуудлын шийдлийг эрэлхийлж, ажлыг ирээдүй цагт төлөвлөж хийдэг компаниудыг стартап гэж тодорхойлдог. Стартап компаниуд байгуулагдсанаасаа хойш 1.5 жилд үйл ажиллагаагаа 5-10 дахин өсгөж чаддаг амбиц, бизнес төлөвлөгөөтэй байх ёстой. Дэлхий нийтээр коронавирусний цар тахалд нэрвэгдээд байгаа энэ үе нь стартап компаниудын тоглолт хийх алтан боломж болохыг эдийн засагчид зөвлөж байна. Дэлхийн шилдэг стартап компаниудын түүхээс цувралаар танилцуулж байна.


Фред Смит хамгийн зөрүүд, галзуу бизнесменүүдийн нэг. Тэрбээр дэлхий дээрх хамгийн том шуурхай хүргэлтийн үйлчилгээг бий болгож, АНУ-ын төдийгүй дэлхийн ложистикийн салбарт жинхэнэ хувьсгал хийсэн хүн. Түүний түүх асар их хүсэл, бүтээлч сэтгэлгээнээс эхэлсэн. Эхний жилүүдэд компани олон арван сая ам.доллароор тооцогдох алдагдал хүлээж байсан ч Фред гутралгүй, зорилгодоо хүрэхийн тулд урагш тэмүүлсээр байв. Зардал өсөж, боломжит дээд хязгаарыг давсан ч ноён Смит оруулж буй хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсээр байжээ. Энэ солиорол удаан үргэлжлэв. Смитийн эсрэг эрүүгийн гэмт хэрэг хүртэл үүсгэж байжээ. Түүнийг солихыг оролдож, мөнгө зээлэхээс татгалзаж байсан ч бүхий л боломжоо дайчилсаар. Тэрбээр бүхий л мөнгөөрөө дэнчин тавьж, казинод ялж хүртэл үзэв.

Тухайн жилүүдэд АНУ-ын зах зээл дээр түргэн хүргэлтийн санаа жинхэнэ хувьсгал байсан хэдий ч алдаршиж амжаагүй шинэ компанитай хамтран ажиллах хүн олдохгүй байв. Дээрээс нь АНУ-д ачаа барааг түргэн хүргэх боломж байдгийг тэр бүр мэддэггүй байж. Үйл ажиллагаа эхэлсэн эхний сард тус үйлчилгээ хоногт долоон илгээмж хүргэдэг байсан бол дараагийн сард энэ тоо 25 болж өсжээ. “FedEx” ачааг зөвхөн агаарын тээврээр хүргэдэг байв.

1979 онд бэхжиж эхэлсэн “Federal Express” анхны ашгаа хүртэв. Бага ч гэсэн, өрөө төлж эхлэхэд хангалттай. Аажмаар хилийн чанад дахь өрсөлдөгчдөө худалдан авч эхэлснээр Канадад ачаа хүргэж, хэдэн жилийн дараа Ази, Европт анхны ачаагаа хүргэжээ. АНУ төдийгүй дэлхийн ложистикийн салбарт хувьсгал хийсэн ноён Смит өөрөө үүнээс ч илүү агуу зүйл хийсэн гэж үздэг. Тэр нь ажилчиддаа хөдөлмөрийн таатай нөхцөл бий болгосон. Хамгийн хүнд жилүүдэд ч тус компани ажилчдынхаа хүрээг тэлж байснаас гадна санхүүжилт нь танагдах бус нэмэгдэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top