[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Намрын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Намар болж, цаг агаар сэрүүсэхэд нүүрний арьс чийгээ алдан хуурайшдаг. Тэгвэл энэ улиралд арьсаа эрүүл, өнгөлөг байлгахын тулд яах ёстойг зөвлөе.


Байнга савандаж угаах хэрэггүй

Бид арьсанд тослог дутагдахаар л хуурайшдаг гэсэн ойлголттой байдаг учир нүүрээ хуурайшиж эхлэнгүүт элдэв тос нялдаг. Тэгвэл арьс хуурайшина гэдэг түүнд ус, чийг дутагдсанаас үүдэлтэй. Арьсаа гаднын хүчин зүйлсийн нөлөөнөөс хамгаалж, шаардлагатай шим тэжээлийг нь өг. Ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож, хуурайшуулдаг. Ялангуяа сэрүүний улиралд ингэж угаах нь маш сөрөг нөлөөтэй.

Гадагш гарахаасаа 30 минутын өмнө крем түрх

Гадагш гарахаасаа 30 минутын өмнө нүүрэндээ тослог крем түрхэж, сайтар шингээх хэрэгтэй. Мөн өнгөлөгч крем, пудр зэргийг түрхэж болно. Чийгшүүлэгч кремийг унтахынхаа өмнө түрхвэл арьс амарч тайвширна.

Уруулдаа онцгой анхаар

Сэрүүний улиралд эмэгтэй хүн уруулдаа онцгой анхаарах хэрэгтэй. Өглөө гадагш гарахдаа заавал уруулын будаг түрх. Харин орой унтахынхаа өмнө уруулдаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч, өнгөлөг болно.

Тэжээлийн маск тавь

Хүйтнээс нүүрээ хамгаалах нэг арга нь тэжээлийн маск юм. Долоо хоногт хоёр удаа тэжээлийн маск тавьж байвал нүүр чийгээ алдахгүй, өнгөлөг хэвээр байх болно.

Хоол хүнсэндээ анхаар

Хоол хүнсэндээ амин дэмтэй бүтээгдэхүүн хэрэглэ. Загасны тос болон Омега-3 агуулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Агаараа чийгшүүл

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, орон сууцны халаалт ирэх үед тасалгааны агаар маш ихээр хуурайшдаг. Энэ асуудлыг шийдэхэд тусгай чийгшүүлэгч тусална. Орчин үед агаар чийгшүүлэгчийг та өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн худалдаж авах боломжтой.

Кофеин болон алкоголоос татгалз

Энэ улиралд кофеин болон алкоголоос татгалзаж, үнэртэн, сүрчгийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Ямар ч үнэртний найрлагад спиртийн хольц байдаг учир арьсыг хуурайшуулахаас гадна үйлчлэл нь гарахгүй уддаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top