Абэ Шинзогийн “үлдээсэн” Япон улс цаашид хэрхэн замнах бол

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Японы 90, 96 дахь ерөнхий сайд, парламентын танхимын гишүүнээр долоон удаа сонгогдож байсан алдартай улстөрч Абэ Шинзо саяхан буюу наймдугаар сарын 28-нд эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа буусан нь дэлхийн улстөрд цочир мэдээ болсон юм. Тэр Японы ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн он удаан жил хашсан бөгөөд эдийн засгийн суурь асуудлуудтайгаа тэмцэлдсээр байгаа хэдий ч дэлхийн тавцан дээр өөрийн гэсэн арга замаар хангалттай явж чадах хүчирхэг орныг тэрээр бэлтгэн үлдээж чадлаа.

Япон улсын хэмжээнд 1945 оноос хойш дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн алдартай төрийн зүтгэлтэн болсон Абэ Шинзо тус орныг улам хүчирхэгжүүлж, аюулгүй байдал болон гадаад бодлогын асуудлаар бие даасан байдалтай болгож чадсан гавьяатан юм. Түүний орыг залгах хэн нэгэн Абэ Шинзогийн баримталж байсан бодлогыг үргэлжлүүлэхээр болбол Зүүн Ази болон дэлхий дахины энхийг эрхэмлэгчдийн хувьд таатай мэдээ болох нь дамжиггүй.

Нөгөө талаар, Абэгийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусгавар болох ёстой байсан хэдий ч түүний нэр хүнд урд өмнөхтэй харьцуулахад хэт уруудах төлөвтэй байсан нь албан тушаалаасаа буух бас нэгэн шалтгаан болсон байх магадлалтай аж. Тасралтгүй найман жил энэхүү өндөр албан тушаалыг хашсаны эцэст огцорч буй хэв маяг нь тус орны улстөрчдийн хуучны зарчмыг илэрхийлж байна гэж болохоор. Олон жил намын удирдагч хийсэн хүний хувьд, өөрийн улстөрийн карьер төгсөх ойртож буйг мэдрэн, өрсөлдөгч нартаа хөөгдөж туугдаж буухын оронд өөрийн хүсэлтээр нэр төртэйгөөр төрийн өндөр сэнтийгээ орхисон ч байж магадгүй.

Абэ Шинзо бүдүүн гэдэсний үрэвсэлээр залуугаасаа өвчилж байсан бөгөөд 2007 онд энэ өвчний улмаас ганцхан жил ерөнхий сайдын алба хашаад бууж байсан билээ. Тухайн үед улстөрийн ноцтой хүндрэлүүдтэй тулгарч байсан явдал нь түүнийг 2012 онд төрийн эрх мэдэлд дахин хүрэхэд ихээхэн нөлөөлсөн юм.

Сүүлийн сард тэрээр хоёр ч удаа эмнэлэгт очиж эмчлүүлсэн нь түүний эрүүл мэнд асуудалтай байгааг илтгэж байгаа хэдий ч Токиогийн Олимпийн тоглолт ирэх зун зохиогдохоор хойшилсон энэ үед улстөрийн ноцтой дарамт шахалтад өртөөгүй бол өөрөө саналаараа огцрох нь юу л бол гэх хардлага заримд нь төрж байж мэдэх. Олон улсын өнцгөөс аваад үзвэл, Японд КОВИД-19 халдварын улмаас 1300 орчим хүн л нас барсан, эдийн засгийн уналт нь АНУ болон Европын орнуудыг бодвол харьцангуй бага байгаа зэрэг нь Абэгийн нэр хүнд унахааргүй мэт. Гэвч цар тахлын үед эдийн засгийн ялгаваргүй бодлого явуулсан гэх шүүмжлэлд түүний удирдаж байсан засгийн газар өртөөд байгаа  билээ. Олон жилийн турш төрийн эрх мэдэл барьж байх хугацаанд хуралдаж бөөгнөрсөн элдэв зөрчлүүд ч түүнийг ядрааж, залхаасан байж магадгүй.

Түүнээс гадна, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, амьдралын түвшинтэй холбоотойгоор ард иргэдийн дунд бухимдал нэмэгдэх хандлагатай байгаа. Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн тухай Абэгийн хөтөлбөр өргөн хүрээнд сурталчлагдаж байсан хэдий ч гарч буй үр дүн төдийлөн сайнгүй байсан нь бүх нийтийн сонгуульд гурвантаа ялж парламентын олонх болсон нам болон удирдагчийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн аж.

Абэгийн эдийн засгийн хөтөлбөр дефляцийг даван туулж, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, дараагийн шатанд, Япон дахь төрөлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байсан юм. Хэдийгээр юмны үнэ буурч эхэлсэн ч инфляцийг бууруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд төдийлөн нөлөөлсөнгүй. Гэвч 2012 оноос өнөөг хүртэлх хугацаанд Японы эдийн засгийн өсөлт ялимгүй сайжирсан нь 2008 оны санхүүгийн хямрал, 2011 оны газар хөдлөлт, цунами шиг ноцтой хор хохирол амсаагүйтэй холбоотой юм. Харин тус улс дахь төрөлтийн түвшин урдын хэвээр огт өөрчлөгдсөнгүй.

Абэгийн засгийн газар хэд хэдэн жижгэвтэр, үр дүнтэй шинэчлэлүүдийг хийснийг бас үгүйсгэж боломгүй. Үүнд, корпорацийн удирдлагын шинэ кодекс, компаниудад зориулсан мэдээллийн ил тод байдлын сайжруулсан дүрэм журмууд, хүүхэд асаргаанд өндөр зардал төлөвлөх, эрүүл мэндэд аюултай удаан хугацаагаар хичээллэх цагийг хатуу хязгаарлах гэх мэт. Гэвч шударга өрсөлдөөнд чиглэсэн илүү гүнзгий шинэчлэлийн төлөвлөгөөнүүд төдийлөн хэрэгжиж чадсангүй. Магадгүй, бизнесийн ашиг сонирхлын улмаас няцаалтад өртсөн ч байж мэдэх. Ажиллах хүчний бараг 40 хувь нь урдын адилаар богино хугацааны найдваргүй гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж, ажиллагсдын ихэнх нь эмэгтэй атал тэднээс тун цөөхөн нь удирдах албан тушаалд очиж байна.

Абэ мөн өөрийнхөө хамгийн том мөрөөдлийг биелүүлж чадсангүй: Тэрээр Японы зэвсэгт хүчний эрхзүйн байдлыг хэвийн болгохын тулд 1947 онд батлагдсан Японы үндсэн хуулийг дахин шүүж үзэх, пацифизмын тухай зүйл заалтыг үндсэн хуулиас хасахыг хүсэж байсан юм. Японы олон нийт урдын адилаар тэдгээр өөрчлөлтүүдийн эсрэг байр суурьтай байсан бөгөөд Абэгийн либерал ардчилагчид буддын Комейто бүлэгтэй эвсэлд нэгдэн парламентын олонхиор сүр далайлгаж байсан хэдий ч үндсэн хуулийг дахин авч хэлэлцэхийн тулд  бүх нийтийн санал асуулга болон парламентын танхим тус бүрд гуравны хоёрын санал авах шаардлагатай байсан учраас ийнхүү хэрэгжиж чадаагүй аж.

Абэ Шинзо Либерал-ардчилсан нам дотроо “шинэ консерваторуудын” бүлгийг толгойлдог бөгөөд тэд төвлөрсөн удирдлага бүхий хүчирхэг төрийн төлөө тэмцэн, үнэт зүйлсээ хадгалах, ялангуяа улс орны аюулгүй байдал, гадаад бодлогын хувьд хүчирхэг, бие даасан байхыг эрмэлзэж байлаа. Энэ үүргээ ч Абэ маш сайн биелүүлж чадсан юм.

Тэр хааяадаа Трамптай ойр дотно байж, хамтдаа гольф тоглох дуртай байв. Гэвч худалдаа арилжаа мэтийн асуудлаар Япон улс ихээхэн бие даасан бодлого явуулахыг эрмэлзэж байлаа.  2017 онд Номхон далайг дамнасан 12 орны хамтын ажиллагаанаас Трампыг гарсны дараа тус байгууллагыг аврах ажиллагааг Абэ Шинзо удирдаж байжээ. Мөн Япон улс Европын Холбоотой чөлөөт худалдааны тухай хоёр талт хэлцэл байгуулахын зэрэгцээ Их Британийн Нэгдсэн вант улстай  ч холбоо тогтоож чадсан юм.

Либерал-ардчилсан нам доторх түүнийг залгамжлахыг хүсэгчдийн цуваа хэдэн сарын өмнөөс явагдаж эхэлсэн бөгөөд гол өрсөлдөгчид болох Батлан хамгаалахын сайд Таро Коно, Гадаад харилцааны сайд асан Фумио Кисида, сайд нарын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ёсихиде Суга, Абэгийн эртний өрсөлдөгч Сигэру Исиба нарын хэн нь ч Японы гадаад улстөрийн бодлогыг зөөллөхийг хүсэхгүй байгаа аж. Харин ч тэд Хойд Солонгосын пуужингийн эсрэг хариу цохилт үзүүлэх, Хятадын тэнгисийн цэргүүд Зүүн Хятадын тэнгист цөмрөн орж ирэхийн эсрэг хатуу арга хэмжээ авахын тулд зэвсэгт хүчний зардлаа нэмэгдүүлэх замаар аюулгүй байдлаа хүчирхэгжүүлэх чиглэлээр хоорондоо өрсөлдөх бололтой.

1952 онд Америкийн эзлэн түрэмгийлэл дууссанаас хойш Японы нэг ч ерөнхий сайд  АНУ-тай ямар нэгэн байдлаар эвдрэлцэх тухай нухацтай бодож байсангүй. Гэхдээ Америк, ялангуяа Трампын засаг захиргааны үед хамтран ажиллахад найдвар багатай холбоотон болсныг мэдрээд Абэ Шинзо  дэлхийн өнцөг булан бүрт өөрийн түншүүдийн сүлжээг бий болгохын хэрээр Японы бие даасан хөгжлийн суурь хөрсийг бэлтгэж чадсан юм. Түүний энэхүү стратеги хожмоо өгөөжтэй байх биз ээ.

Эх сурвалж: https://www.project-syndicate.or

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top