Японы шинэ Ерөнхий сайдыг сонгох тов тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

Японы парламент есдүгээр сарын 17-нд ээлжит бус чуулган зарлаж, шинэ Ерөнхий сайдыг сонгоно гэж Киодо агентлаг мэдээлжээ.

Эрх баригч Либерал Ардчилсан нам ирэх сарын 14-нд Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчийг тодруулах бэлтгэл ажилдаа орсон байна. Киодо агентлагийн мэдээллээр, ирэх сарын 16-нд Либерал Ардчилсан нам бусад томилгооны асуудлыг мөн хэлэлцэхээр зэхэж байгаа аж. Үүний дараа нэр дэвшигчдийг парламентын хоёр танхимаар батлуулахаар танилцуулах юм.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн баасан /2020.08.28/ гарагт эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон тухай зарласан билээ. Тэрбээр ерөнхий сайдын албан тушаалыг нийт 2799 хоног буюу Японы түүхэнд хамгийн удаан хугацаанд хашсан юм.

Либерал Ардчилсан намын даргад Японы гадаад хэргийн сайд асан Фумио Кишида, Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга болон батлан хамгаалах, хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн сайдын албан тушаалыг хашиж байсан Шигэрү Ишиба нарын нэр яригдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top