[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Зорилгодоо төвлөрөх 10 арга

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

Заримдаа бид олон төлөвлөгөө зорилгыг өмнөө тавьдаг ч хэрэгжүүлсэн нь ховор байх тохиолдол бий. Тэгвэл энэ нь зорилго, төлөвлөгөөндөө 100 хувь төвлөрч чадаагүйгээс шалтгаалдаг байна. Зорилгодоо хэрхэн төвлөрөх талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


Хэт олон зүйл төлөвлөх хэрэггүй

Өөрийгөө бүхнийг чадагч гэж бодох хэрэггүй. Хэт олон зүйл төлөвлөсөн хүн алинд нь ч төвлөрч чадахгүй байх тохиолдол бий. Мөн та бусдын тусламжаас бүү татгалз. Нэг өдөрт өөрийн ачааллаас дээгүүр ажил, олон зүйлийг хийхээр төлөвлөх ч хэрэггүй. Энэ нь өөрийгөө ядрааж, уурлаж бухимдахад хүргэдэг.

Бодлоо төвлөрүүлэхэд цаг гарга

Өдөрт 20-оос доошгүй минутыг бясалгах, оюун бодлоо төвлөрүүлэхэд зориул. Ингэснээр хэдхэн хоногийн дотор төсөөлөө ч үгүй гайхалтай үр дүнд хүрэх болно. Учир нь хүнд тайвшрах, бодол оюунаа цэгцлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй байдаг юм. Ингэснээр зорилго тодорхой болж, түүндээ хүрэх арга замыг ч саадгүй барьж авч чадна.

Дасгал хөдөлгөөн хий

Тогтмол хугацаанд дасгал хийж хэвшинэ гэдэг нь өөртөө зориулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Дасгал хөдөлгөөн хийснээр таны бие гайхалтай сайхан амарч, ажлын бүтээмж дээшлэн, анхаарал төвлөрдөг. Хүнд өдрийн дараа өөртөө бага ч болов цагийг зарцуулж байгаарай. Сайхан биетэй, өөгүй толигор арьстай, ажил хэрэг нь ч амжилттай урагшилдаг хүмүүс дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгосон байдаг юм шүү.

Ажиллах цагтаа л ажилла

Хүн өдөрт дунджаар найман цаг ажиллах ёстой байдаг. Аль болох уртгасан цагаар ажиллахгүй байх нь таныг ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдлээс хамгаалах болно. Амралтын өдрүүдэд ажлын талаар бодолгүй тайван амарч байх ёстой.

Нам гүм орчинд бай

Чанга хөгжим, яриа, стресс ихтэй газарт ажилладаг бол бусад үед намуухан орчныг илүүд үзээрэй.

Алсыг ширт

Алс хол байгаа зүйл рүү ширтэх нь нүдний харааг сайжруулж, оюун бодлыг цэгцлэхэд асар их ашиг тустай. Иймээс та ажлынхаа дундуур хэсэгхэн зуур ч болов агаарт гарч юмуу цонхоор алсыг ширт. Үүний үр дүнд таны анхаарал төвлөрч, эрч хүч нэмэгдэнэ.

Шөнө тухтай унт

Шөнө тайван амгалан унтаж амрах нь эрч хүчтэй байхын гол үндэс юм. Тав тухтай бөгөөд эрт унтахыг хичээгээрэй. Ингэж байж л хүн эрүүл байдаг.

Интернэтээс холд

Шаардлагагүй нөхцөлд интернетээ унтрааж, ажилдаа, амралтдаа гол анхаарлаа хандуул. Энэ нь эргээд танд ажлаа хурдан дуусгахад тус болж, стресс бухимдлаас сэргийлдэг.

Хийх зүйлээ жагсаан бич

Аливаа зүйлийг төлөвлөнө гэдэг бол асар том хувийн зохион байгуулалт юм. Амжилттай яваа хүн бүр өглөөд тухайн өдөрт хийхээр төлөвлөж буй зүйлсээ жагсаан бичиж, үдэш унтахынхаа өмнө хийсэн ажлаа дүгнэдэг байна. Та өнөөдөр ямар ажил хийв, маргааш юу хийх вэ гэдгээ бодож тунгааснаар дараа дараагийн ажил аяндаа цэгцрээд ирнэ.

Гэрийн тэжээвэр амьтантай бол

Судлаачдын дүгнэснээр гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн анхаарал төвлөрөл, зорилго тэмүүлэлдээ хүрэх чадвар маш сайн байдаг аж. Хүн бүр гэрийн тэжээвэр амьтантай байх албагүй ч амьтадтай харьцах нь хүнд оюун бодлоо цэгцэлж, төвлөрөхөд тусалдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top