Гарааны бизнес эрхлэгчид ШӨХТГ-ын удирдлагуудтай ажил хэрэгч уулзалт хийлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

Гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудал, бэрхшээл сэдвийн хүрээнд залуу бизнес эрхлэгчийн “Дриймерс” нэгдэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ хамтран өнөөдөр /2020.08.21/ “Гарааны бизнес ба шударга бус өрсөлдөөн” уулзалт зохион байгууллаа. Уулзалтад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “старт ап” компаниуд, хувиараа бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд ШӨХТГ-ын удирдлагуудыг ажлаа хүлээж авсан даруйдаа гарааны бизнес эрхлэгчидтэй уулзаж байгаад талархаж байсан юм.

Уулзалтын эхэнд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Монголынхоо хөрсөнд бойжиж дэлхийн зах зээлд гарах оролдлого хийж буй мэдээллийн технологид суурилсан гарааны бизнес эрхлэгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна. Бид бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийнхээ төлөө олон ажил хийхээр төлөвлөн хамгийн анхны “өглөөний уулзалт”-аа “Дриймерс”-ийн залуустай хийж байна. Дараагийн уулзалтаа Программ хангамж үйлдвэрлэлийн холбоотой хийхээр төлөвлөсөн. Энэ уулзалтаас шийдэл гардаг байхад анхаарах болно” хэмээн үг хэллээ.

“Гарааны бизнес ба шударга бус өрсөлдөөн” уулзалтын үеэр мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “старт ап” компаниудын өмнө тулгардаг шударга бус өрсөлдөөний тухай олон жишээг авч хэлэлцсэн юм. Тухайлбал, веб хөгжүүлэгч М.Ганбаатарын өмнө тулгарч байгаа асуудал гол сэдэв болсныг хүргэе.

Веб хөгжүүлэгч М.Ганбаатар: Хэдэн жилийн өмнө “On air” гэж интернетээр телевизийн сувгуудыг үздэг үйлчилгээ байсан. Одоо үүрэн холбооны томоохон компаниуд бүгд ижил төрлийн үйлчилгээтэй болсон. Тухайн үед интернетийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компани /нэрийг нууцлав/ интернетийн хурд дээр нь хязгаарлалт хийсэн байдаг. “On air” сайт руу оронгуут хурд нь багасдаг болгосон. Улмаар веб сайт нь гацаад байхаар хэрэглэгчид дахиж орохоо больж, “on air” жагсаалаас гарсан. Улмаар интернетийн үйлчилгээ үзүүлдэг том компаниуд яг тийм үйлчилгээ үзүүлдэг апп гаргаж ирсэн. Миний айж байгаа зүйл бол “Мобиком”, Юнител” зэрэг том компаниудтай өрсөлдөхүйц бизнес хийж болохгүй юм байна. Веб сайтад хурд чухал. Таны веб сайтыг хэрэглэгч хоёр секундээс дээш хүлээвэл хэрэглэгчийг алддаг. Миний веб хурдтай нээгдэх ёстой шүү дээ.

ШӨХТГ-ын орон тооны гишүүн С.Цогтгэрэл: Компаниудын өмнө тулгардаг гол асуудал нь бүтээгдэхүүнээ хэрэглэгчид хүргэх дэд бүтэц. Зарим тохиолдолд дэд бүтцийг эзэмшигч нь монополь эрхтэй байдаг. Жишээ нь, төмөр зам. Үүнтэй адил интернет сүлжээг эзэмшиж байгаа компани нь өөртэйгөө ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг компанийн хурдыг хязгаарласан нь Өрсөлдөөний хуулийг зөрчиж байгаа асуудал. Харилцаа холбооны бодлогын баримт бичгүүд дээр ч үүний зохицуулалтыг заасан байдаг. Ер нь ийм төрлийн асуудалд эрхээ хамгаалуулах хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Өрсөлдөөний хуулийн зарчим нь зах зээл дээрх өрсөлдөөнийг зохицуулах. Мэдээллийн технологи, онлайнд суурилсан компанийн өрсөлдөөнийг тусгайлан авч үзэх хэрэгтэй. Бид ШӨХТГ дээр мэдээллийн технологийн асуудал хариуцсан улсын байцаагчтай болохоор төлөвлөж байна. Ингэснээр мэдээллийн технологийн чиглэлийн асуудалд илүү шуурхай ажиллах болно. Хүмүүс ШӨХТГ нь гомдол гаргасан тохиолдолд шийдвэрлэдэг гэж ойлгодог. Нэгэнт бидэнд хууль нь байгаа болохоор урьдчилсан байдлаар тухайн гомдлыг гаргахгүй байх суурийг бэлтгэхэд онцгой анхаарч ажиллана.

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Сүхбаяр: “On air”-ын жишээг манай салбарынхан мэднэ. Жилийн турш шүүхээр яваад ялсан. Гэхдээ тэр “старт ап” компани том компаниас хөрөнгө оруулалт авч байсан. Ингээд бэрхшээл гараад, үйл ажиллагаа нь доголдоод эхлэнгүүт хөрөнгө оруулагч эргэлзэж, хөрөнгө оруулалтаа зогсоосон. Угтаа шударга өрсөлдөөнийг боомилсон буруутай компани нь тухайн “старт ап” компанийн авах байсан хөрөнгө оруулалтыг нөхөн төлдөг шийтгэлтэй байсан бол ийм зүйл гарахгүй байсан.

ШӨХТГ-ын орон тооны гишүүн С.Цогтгэрэл: Том компаниуд зах зээлээ тэлэх бус өрсөлдөгчдөө нэгтгэх замаар үйл ажиллагаа өргөтгөдөг. Үүнийг мөн өрсөлдөөний хуулиар зохицуулмаар байна. Дэлхийн жишигт ижил төрлийн бизнес эрхлэгч компанийг худалдан авч байгаа бол Өрсөлдөөний газраасаа зөвшөөрөл авдаг. Өрсөлдөөний газар нь энэ компаниуд нэгдсэнээр хэрэглэгчид сөрөг нөлөө гарах эсэх, өрсөлдөөн өөрчлөгдөх эсэхийг хянаж байж шийдвэр гаргадаг.


“Гарааны бизнес ба шударга бус өрсөлдөөн” уулзалтын үеэр мөн тусгай зөвшөөрөл, хувийн хэвшлээр гүйцэтгэх боломжтой ажлыг төр өөрөө гүйцэтгэж байгаа асуудлыг хөндсөн. Тухайлбал “ICT group”-ийн үүсгэн байгуулагч Л.Баттамир “Боловсрол, Эрүүл мэнд, Сангийн яам дэргэдээ барилгын компани байгуулаад сургууль, агентлагуудаа бариад эхэлбэл барилгын салбарт шударга өрсөлдөөн бий болж чадах уу. Үүнтэй адил зүйл программ хангамжийн салбарт болж байна. Яамдууд дэргэдээ мэдээлэл технологийн улсын үйлдвэрийн газартай боллоо. Гааль, татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв гэж 30 гаруй хүнтэй программ хангамжийн үйл ажиллагаа явуулдаг газар байна. Одоо Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын системийг хийж байгаа. Ном журмаараа бол тендер зарлаад илүү хямд, илүү сайн технологийг шалгаруулах байсан. Ингэж байж программ хангамжийн компаниуд хөл дээрээ босно. Удахгүй Улсын бүртгэл, Хөдөө аж ахуйн яам ийм газар байгуулах гэж байгаа гэсэн. Ингэж хувийн хэвшилтэйгээ төр нь өрсөлдөөд байж болохгүй. Чөлөөт өрсөлдөөнийг боомилсон энэ үйл явдал нь үнийн өрсөлдөөн, технологийн дэвшлийг боомилж байна” хэмээн нийтлэг асуудлыг тайлбарласан юм.

Энэ асуудалтай холбогдуулан “Дриймерс” нэгдэл, “Стартап Маркетинг Спэйс” төвийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа “2600 гаруй бизнес эрхлэгч залуусыг эгнээндээ нэгтгэсэн “Дриймерс” нэгдэл болон “Стартап Маркетинг Спэйс” төв нь гарааны бизнесийг дэмжиж ажилладаг. Энэ удаагийнх шиг салбарын асуудал, шийдэл ярилцах аливаа уулзалтад яг асуудал тулгараад байгаа гарааны бизнес эрхлэгчид оролцож чаддаггүй. Зарим нь мэдээлэлгүй, хүний нөөцийн хүрэлцээгүй байдаг. Харин том компаниуд хүч сайтай, хүний нөөц ихтэй болохоор оролцоод өөрийнхөө мэдээллийг өгчихдөг. Тэгэхээр төрийн байгууллагууд тур тусмаа ШӨХТГ урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаагаа сурталчлахад анхаармаар байна” гэв.  

Үүнд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай бид нягт хамтарч ажиллах болно. Өрсөлдөөний хуульд төрийн захиргааны байгууллага аль нэг бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа явуулахыг хориглох, аль нэг бизнесийг дэмжсэн шийдвэр гаргахыг хориглодог. Мэдээж тусгай зөвшөөрөл олгодог байгууллагад дүрэм журмаар заасан хугацаа гэж бий. “On air”-ийн жишээ гэхэд тухайн компани жилийн дараа шүүх дээр ялсан. Гэхдээ ялсан гэдэг бичгээс өөр зүйлгүй үлдсэн. Ийм баймааргүй байна. Тэгэхээр өнөөдрийн уулзалт үр дүнтэй байхад бид анхаарах болно. Гомдлыг зөвхөн барагдуулах шатанд бус гомдол гаргахгүй байх хөрс суурийг бэлтгэх чиглэлээр урьдчилан сэргийлж ажиллана” хэмээн тайлбар хийлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top