“Старт ап” компани байгуулахад юунд анхаарах вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Хэрэв та бизнес санаагаа ажил хэрэг болгож, амжилттай “старт ап” компани байгуулахаар төлөвлөж байгаа бол дараах асуултуудад хариулах шаардлагатай. Учир нь эдгээр асуултад “тийм” гэж хариулсан бол та бизнесээ “старт ап” хэлбэрээр зохион байгуулж, богино хугацаанд амжилтад хүрэх бүрэн боломжтой гэсэн үг. 
 

  1. Таны бизнес том зах зээл дээр хурдан тэлэх боломжтой юу?
  2. Хөрөнгө оруулагчдыг татах шинэ санаа, боломжийг агуулсан уу?
  3. Хөрөнгө оруулагчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ажиллахад бэлэн үү?
  4. Хаалтын стратеги буюу бизнесээ ямар амжилт үзүүлсний дараа өөрчлөх вэ?


“Старт ап” компанийн дээрх дөрвөн асуулт нь таны бизнесийг өндөр хурдтай өсөн тэлэх “старт ап” эсвэл жижиг, дунд үйлдвэрлэл гэдгийг ялгаж өгнө.



“СТАРТ АП” КОМПАНИЙН ЗААВАЛ ХАРИУЛАХ ДӨРВӨН АСУУЛТ
 

Цаг хугацаатай уралдан хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд гарааны бизнес эрхлэгчид болон бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдэх болсон. Энэ хэрэгцээ шаардлагаар XXI зуунд эдийн засаг, технологийн хөгжилд хамгийн том байр суурийг онцгой өсөлттэй “старт ап” компаниуд эзлэх болов.

Гэхдээ нийт гарааны бизнесийн 80 хувь нь дампуурдаг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс “старт ап” компани үүсгэн байгуулах гэж байгаа бол компаниа уламжлалт аргаар үнэлж огт болохгүй бөгөөд шилдэг энтрепренерүүдийн боловсруулсан дараах дөрвөн асуултад заавал дэлгэрэнгүйгээр хариулах учиртай.

Та яг ямар асуудлыг шийдэх вэ?

Хэдийгээр таны бүтээгдэхүүн хангалттай сайн, инновацлаг байсан ч дан шинэ бүтээгдэхүүн, шийдэл санал болгоод амжилттай болохгүй. Харин та ямар нэг онцгой асуудлыг илрүүлж, тэрхүү асуудлыг шийдэх шийдлийг олох нь чухал. “Санаанаас бус харин асуудлаас эхэл” гэж энтрепренерүүд зөвлөдөг.

Таны бүтээгдэхүүн, шийдэлд хэн мөнгө төлөх вэ?

Боломжит хэрэглэгчээ маш тодорхой, бүрэн дүүрэн тодорхойлох хэрэгтэй. Нэгэнт хэрэглэгчээ тодорхойлсон бол тэдний юу худалдаж авах хүсэлтэй байгааг мэдэх ёстой. Таны юу зарах гэж байгаа чинь бус харин тэдний юу авмаар байгаа нь чухал.

Танай багт хэн хэрэгтэй вэ?

Та яг яагаад энэ хүнийг багтаа авч байгаагаа сайтар ойлгох хэрэгтэй. Тухайн хүнд таны хүссэн ур чадвар бий юу, түүнтэй хамт ажиллах нь амжилт авчрах уу гэдгийг бодно. Учир нь амжилттай бизнес эхлүүлсэн компаниудын 32 хувь нь сайн баг бүрдүүлсэн байдаг.

Та яг юуны төлөө энэ бүхнийг эхлүүлсэн бэ?

“Старт ап” компаниуд хаана хүрээд зогсох учиртайгаа мэддэг байх хэрэгтэй. Жишээлбэл, өөрийн ресторанаа эхэлж буй хүн гурван жилийн дараа бизнесээ зарна эсвэл шинэчилнэ гэж төлөвлөх нь зөв. Ийм бизнест хөрөнгө оруулагчид татагддаг бөгөөд хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа тодорхой болох юм.


Нэмэлт мэдээлэл, нэр сонгох

Томоохон компаниуд нэрээ сонгохдоо ихээхэн ач холбогдол өгч, асар их мэдээллийг шингээдэг. Бизнес нь ямар нэр, таних тэмдэг, логотой байх нь танай компанийн ямар үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлдгийг тодорхойлох бөгөөд компаниа юу гэж нэрлэх нь таны хамгийн эхэнд гаргах томоохон шийдвэр юм. Иймд компанидаа нэр сонгохдоо дараах зөвлөгөөг дагаарай. 

  1. Ижил төстэй нэрнээс зайлсхийх
  2. Хэлэхэд хялбар, сонсголонтой байх
  3. Нэр чинь түүх өгүүлдэг байх
  4. Нэрийг өөрт хамааралтай болгох
  5. Хэтэрхий практикт суурилсан байж болохгүй
  6. Та өөрөө дуртай байх гэсэн зарчмыг баримталж нэр сонговол хэрэглэгчдэд таалагдах болно.
Top