“Цагаан уул” хайрын шүлгийн наадмын ШИЛДЭГ ШҮЛГҮҮД

2020 оны 08 сарын 20

Монголын Залуучуудын Холбооноос 21 дэх жилдээ зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадам энэ сарын 18-ны өдөр болж өндөрлөлөө. Дэлхий нийтээр гарч буй цар тахалтай холбоотойгоор энэ жилийн наадмыг “Андуудаа хайрыг түгээе, Андуудаа хайраар хөглөе, Андуудаа хүчээ нэгтгэе” уриан дор явуулсан билээ. Мөн дээрх шалтгаанаар тус наадмыг анх удаа цахим сүлжээгээр зохион байгуулснаараа онцлогтой.

Наадмын I шатны шалгаруулалтад Монгол, Хятад, Япон, Солонгос улсад суугаа 100 гаруй яруу найрагчийн 200 шахам бүтээл ирүүлснээс II шатанд Улаанбаатар хотоос гурав, Орон нутгаас ес,  гадаадад суугаа нэг, нийт 13 оролцогчийн бүтээл шалгарсан юм.

Уралдааны эцсийн шатны шалгаруулалт уламжлал ёсоор МҮОНТВ-д болов. Шилдэг 13 шүлэгчээс I байрт залуу яруу найрагч Т.Амар-Амгалан, II байрт Ж.Эдмон, III байрт Ц.Отгонбаатар, IV байрт Э.Төгсжаргал, V байрт Т.Мөнх-Амар нар тус тус шалгарлаа.

Шалгаруулалтыг Монголын Залуучуудын Холбоо,  Монголын Зохиолчдын эвлэл,  Залуу удирдагч сан, Залуу яруу найрагчдын холбооны шүүгчдийн оноолт болон сошиал хандалтыг үндэслэн шалгаруулжээ. Наадмын ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар “Номин Даатгал” ХХК, “Эс Девелопмент”  ХХК, дэмжигч байгууллагаар “Интер ном ХХК  ажиллалаа.  

 

Шилдэг таван шүлгийг та бүхэнд толилуулж байна.

1-р байр  Т.Амар-Амгалан

“ҮҮРДИЙН ХАЙР”

 

Төгсгөл нь харагдахгvй гуниг шиг минь

Төгсгөлгүй хайртай явах чинь vнэн

Тvvнд чинь итгээд энд мод тарьлаа

Тvлшгvй болвол ирж унагаарай тvvнийг!

 

Тvмэн зовлон ээрсэн бидний харгуйд

Та уйлж, нулимсаар чинь би шvлэг л бичнэ

Таван тив живаа улс дотор

Таныг л бичих нь харин миний vйлийн vр ээ!

 

Учрал гэдэг хагацлын дулаахан vvдэнд

Удаан биш ч хөтлөлцөж явсан чи минь

Уртаар эхэр татан уйлахдаа

Ургуулж өгсөн модыг минь тvшиж зогсохоо мартуузай!

 

Мөнх бусын тоосонд ширхэглэн хийсэхэд ээ ч

Мөрийг чинь налаад цэнгэж яваагаар бодно

Мөсөн зvрх газрын хэвлийд нойрсовч

Мөнөөх сайхан цээжийг чинь налсан шиг vvрд санана!

 

 2-р байр  Ж.Эдмон

 

“Мойл Нүдэт”

 

Ичингүйрэлдээ хацар чинь улаа бутарч суудаг

Ийм инээмсэглэлээр чинь өдөр бүр би гэрэлтэж чадна

Ягаан модод навчсаа гөвж дуусах үеийн

Яруу найраг шиг тунгалаг өдрүүд чиний инээмсэглэл юм

 

Хацар дээр чинь үнэсэх гэж тэмүүлээд цасан ширхгүүд

Чамайг тоохгүй болохоор бороо болон асгардаг

Чамтай тэр бороонд инээлдэн нороод

Хацар дээр чинь үнэсмээр байна

Нар жаргах үеийн шувуудын гунигт хотоор

Гараас чинь атгаад гунигийг үргэтэл

Шүлгээ уншаад алхмаар байна

Чангаас чанга тэвэрмээр байна

 

Ягаан модод ургадаг их сургуулийн гудамжинд

Яруу найраг шиг тунгалаг ая эгшиглэдгийг

Чиний инээмсэглэлээр гэрэлтэж байдаг

Чиний үнэртэй гудамжинд

Чамд шүлэг бичиж суудаг яруу найрагч шиг гунигтай

Шонгийн моддоос ягаан цагаан гэрлүүд цацардгийг чи мэдэх үү

 

Миний нүдээр чи өөрийгөө харвал

Намайг яагаад ийм шүлэг бичсэнийг ойлгох болно

 

Үргэлжид гэрэлтэж байдаг

Нүдэн цэцгийн улаан, ягаан, шар дэлбээнүүдийг

Хайртай хайргүй гээд нэг нэгээр нь тоолоорой

Өрлийн моддын цагаахан цэцэгс шиг

Үнэхээрийн гоо үзэсгэлэнт минь

 

Намрын хайрын уянгат шувуудын дуу

Чиний минь нэр юм 

Мойл нүдэт минь!

 

Яруу найраг шиг тунгалаг өдрүүд чиний инээмсэглэл болохоор

Ягаан моддоосоо навчис унаж дуусах үеийн

Инээмсэглэлээр чинь өдөр бүр би гэрэлтэж чадах учраас

Улаа бутарсан хацрандаа чи ичингүйрэн суудаг уу !

 

3-р байр  Ц.Отгонбаатар

“ХАЙРЫН ЖИМС”

Охид гоо төрхөөрөө жимс ургуулж намартай хамт дэлгэрээд

Одоо наймдугаар сар дундаа орж байна, яг л чиний минь инээмсэглэл мэт

Он жилийг нэвт сүлбэн олон шаргал навч хаа нэг тийш нисэн одолдоод

Одоо удахгүй намар дуусна, чиний минь инээмсэглэл дуусахгүй

Дохиураараа шидэт дагина чамайг минь урлаж надад өгчхөөд

Дотогшоо ургах олон олон мянган эст хайрын үр хөврөлт жимс болгон тарина

Дахиад л чинийхээ сайхан үнэрт оюун бодол, тархи зүрхээ мансууруулчихаад

Даарч ганцаар чиний зүг ширтэж суусан ч би энэ амьдралд өвдөхгүй ээ, жимсхэн минь

Навчис модноосоо үзэсгэлэнтэй харагдах нь яг л чиний гоо үзэсгэлэн мэт

Намар зунаасаа илүү хөндүүр санагдах нь яг л миний дурласан сэтгэл шиг

Нүүдэл цуцаад аянширсан ганц шувуу сарны сүү залгилан цангаагаа тайлахад

Нүгэл үгүй нүцгэн хайр сар өдрийн хэвлийгээс далавч ургуулан ниснэ

Орь ганцаар би дэлхийг тэнхлэгээр нь эргүүлж байна

Од, нар, сартай нь цуг чиний зүг эргүүлж явна

Одоо чамд зориулан өвлийг тэврэн чам руу би очиж байна

Олж харвал тэнд ХАЙР гэдэг жимс дөнгөж ургаж эхэлж байгаа

Охин минь чиний харцнаас жилийн дөрвөн улирал над руу ширтдэг

Олж нэг л улирлыг нь авах гэсэндээ би бүх улиралд нь дуртай

Охин минь чиний уруулд одоо намрын жимс боловсроод өвлийг хүлээж байгаа

Олж тэр жимсийг л амтлах гэж би цаг үргэлж чамайг үнэснэ ХАЙРЫН жимс минь

 

4-р байр  Э.Төгсжаргал

 

“Хайрын тухай эмзэглэлт таталбар”

1.

Цэцэг ургажээ тэр маань

Сайн хүн байжээ гэж

Хуучилж дурсах нэгэн яриа

Эрт урьдыг уучлах шалтгаан минь болном

2.

Аав согтуу орж ирэх болгонд

Хаалгаар зугтах айдас минь

Хэлд ороогүй үгтэй

Хөлд ороогүй дүртэй

Хагацахыг хүссэн хамгийн хурдан хэмнэлтэй

Татсан тамхины улаан цог

Час хийтэл түлэх үзэгдэлд

Хайр эмтэрсэн сүүдэрт жүжиг

Хурууны минь хээ шиг цор ганц л байгаасай.

3.

Элэг эмтэрнэм

Элээсэн гуталтай он цаг

Өөр нэгэн зураглалдаа

Үр зулбалтын эмийг

Янжуур тамхи шиг хэрэглэжээ.

Үнэнчээр бид

Бие биенээ хэзээ хайрлаж сурах вэ!!!

4.

Уй гуниг минь хүртэл

Өөрт тохирсон гоо сайхнаа алдчих гээд

Одоо үлдсэн амьдрал

Зөвхөн жаргалтайгаар

Нүдээ анихад л зориулж

Нулимсыг минь хэмжиж савлажээ.

 

Одоо бурхад

Хайр ямар байх ёстойг ойлгосон гэдэгт итгэнэм.

 

5-р байр  Т.Мөнх-Амар

“ТЭВЭРТ НҮДЛЭЭРЭЙ, ЧИ МИНЬ”

 

Ов, товхон чулууд таанын шилбэнд нуугдаад

 

Олдохгүй,

                 амьсгалаа дарах урд айлын охин шиг...

 

Хэрсүүхэн нүдээр тэгснээ,

 

                 ажиглаад байх санагдаад

 

Хэтэрхий гунигт авталгүй,

 

                 намар цагийг угтдагсан...

 

Оног, алдаг шивэрсэн борооны дусалд

 

Олойр, олойр татаад зурвасхан таана ургажээ...

 

Энд, тэндгүй л чулууд ив, илхнээ

 

Эс нуугдахыг хүссэн мөнөөх охин шиг тунирхжээ...

 

Толгодыг харцаараа нэгжлээ...

 

                         гэр, мал нь бараагүй

 

Тогорууд цам харайдаг булгийн эхээр ч бараагүй...

 

Оторт явсан тухай нутгийн хүн хуучилснаа

 

Оройн нар луу шингэхэд сэтгэл дагаад тунингуй...

 

Үдэш орхисон уурга

 

Үүрээр мордоход олдохгүй

 

Зуншлага ихтэй нутгийн, бороон шиврээтэй өглөөгүүр

 

Хониныхоо морины нойтон чөдрийг тайлаад

 

Хонгорхон тэр минь ч нойтон тэрлэгтэй гараа даа...

 

Гайхалтай, тийм үзэсгэлэнгээс нүдээ хэн буруулах...

 

Газар хол нутгийнх ч сэтгэлээ яаж буруулах...

 

Гэзгийг нь имрээд, хацрыг нь улаа бутаргах

 

Гэгэлзсэн бодол, минийх шиг

 

               залуусын цээжинд асаа даа...

 

Орчлонг тойрсон ч

 

               тэдний, нүүдэл айлсаад ирнээ

 

Очоод, ханыг нь дугуйлцахад

 

               тэр минь алга бол яана даа...

 

Шилбэнд нь чулууд нуугдаад,

 

               таанын цэцэг ч дэлгэрнээ

 

Шимширтэл, санах түүнээсээ

  

               тавилан зөрчихвөл яана даа...

 

Сөл дагасан малын

 

               тэнгэр тулсан тоосыг

 

Сөрж ургахдаа цэцэгхэн чи...

 

                 тэвэрт минь л ирж нүдлээрэй...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top