МҮОХ-ны ээлжит бус гишүүдийн хурал болж, удирдлагуудаа сонголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

Монголын үнэдсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр /08.14/ Улаанбаатар хотноо "Шангри-Ла" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг хурал нь 2020 оны гуравдугаар сард товлогдоод байсан болов ч дэлхий дахиныг хамран тархаад буй “COVID-19” цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ.

Хурлыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нээж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулан удирдав. Хурлын төлөөлөгчид Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүнээр сонгогдож, Монголын олимпийн хөдөлгөөний түүхэнд шинэ хуудсыг нээсэн МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт баяр хүргэж, амжилт хүслээ.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган МҮОХ-ны 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүгийн төсвийг хэлэлцүүлж, батлуулав.

Мөн МҮОХ-ны дүрэмд заасны дагуу МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн мэдээллийг тус зөвлөлийн Гишүүн Д.Энхбаатар хурлын төлөөлөгчдөд танилцууллаа. Хянан шалгах зөвлөлийн мэдээллийн хүрээнд МҮОХ-ны 2019 оны санхүүгийн болон дотоод үйл ажиллагааг Олимпийн харти болон МҮОХ-ны дүрэмд нийцсэн гэж дүгнэв.

Олимпийн харти болон МҮОХ-ны дүрэмд заасан шаардлагуудыг хангасан Монголын скуаш теннисний холбоо болон Монголын кёрлингийн холбоог олонхийн саналаар гишүүнээр элсүүлж, МҮОХ нийт 77 гишүүн холбоодтой боллоо.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг МҮОХ-ны Чуулганыг ОУОХ-ноос ирсэн зөвлөмжийн дагуу 2021 оны Токиогийн олимпийн наадмын дараагийн улиралд багтаан зохион байгуулах товыг батлав.

Хурлын үеэр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгууль буюу МҮОХ-ны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшиж, нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдов.

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан нэрээ татсанаар нийт гурван хүн буюу Олон Улсын Залуучуудын ногоон наадмын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Ц.Бат-Энх, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын рагбигийн холбооны Дэд ерөнхийлөгч Г.Пүрэв-Очир нар өрсөлдлөө.

Нийт гишүүдийн олонхийн буюу 57.2 хувийн саналаар Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар сонгогдов.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top