Онгоцонд мэндэлсэн ихэр охидод насан туршдаа ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ бэлэглэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

-Ихэр охидод Энхцэлмэг, Энхжигүүр гэж нэр хайрлажээ-

МИАТ ТӨХК-ийн "Боинг 767-300" агаарын хөлөгт 2020 оны долоодугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн нь баярт үйл явдал болсон билээ. Ихэр охид Хар тэнгис, Сочи хотын орчим 10100 метрийн өндөрт 18:30-18:45 минутад төржээ. 

Онгоцонд мэндэлсэн ихэр охид өнөөдөр /2020.08.13/ ээжийнхээ хамт Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гарч, гэртээ харилаа.  

Охид болон ээжийг МИАТ компанийнхан угтан уулзаж, тус компанийн онгоцоор насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрх олгож буйгаа мэдэгдэв. 

Тус нислэгийн Агаарын хөлгийн дарга, Гавьяат нисгэгч Г.Мөнх-Очир "Монголд онгоцонд хүүхэд төрсөн анхны тохиолдол 1960-аад онд тохиосон байдаг. Энэ үед АН-24 агаарын хөлөгт хүүхэд мэндэлж байсан юм. Ихэр охид мэндэлсэн нь онгоцонд хүүхэд төрсөн хоёр дахь тохиолдол. Долдугаар сарын 9-нд манай онгоц Истанбулаас дүүрэн зорчигчтой хөөрч, өндрөө авч дууссаны дараа ахлах үйлчлэгч н.Алтанхуяг, н.Цэрэнханд нар ирж, жирэмсэн эх өвдөж эхэлснийг хэлсэн. Буцаад буухад бидний буултын жин хүнд, буулаа гэхэд олон цаг хүлээх байсан учраас нислэгийг үргэлжлүүлэх шийдвэрийг нисэх баг гаргасан. Цаг гаруйн дараа ОХУ-ын Сочи хотын дээгүүр нисэж байхад анхны охин мэндэлсэн, арваад минутын дараа удаах охин мэндэлсэн. Агаарын хөлөгт хоёр эх баригч, эмч нар явж таарсан, тэд бүгд их тусалсан. Эмч нар байгаагүй бол тун эрсдэлтэй байлаа. Агаарын хөлөгт хамт зорчиж, бидэнд гүн туслалцаа үзүүлэн, хоёр нярайг эрүүл энх төрөхөд нь эх барьж авсан эмч нартаа гүн талархлаа илэрхийлье" гэлээ.

МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр "Манай компанийн Олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрсөн тохиолдол бол энэ удаагийнх. Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлсэн дэлхийн анхны тохиолдол болж байна. Онгоц дүүрэн зорчигчтой байсан. Истанбулаас 260 зорчигчтой хөөрсөн манай онгоц 262 хүнтэй буусан. МИАТ ТӨХК-ийн зүгээс ихэр охид болон тэдний ээжид нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй зорчих эрх олгож байна" гээд Эрхийн бичиг гардуулсан юм.

Тэрбээр мөн охидыг аль улсын харьяалалд бүртгэх вэ гэсэн асуултад "Агаарын хөлгийн дотор тал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарна. Харин хаана төрсөн бэ гэвэл онгоцонд гэх байх” гэв.

Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээн нэр хайрлажээ

Ихэр охины ээж "Онгоцод орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буурч, эргээд нэмэгддэг юм байна. Одоо хэвийн жиндээ хүрч байгаа. Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр гэж нэр хайрласан" гээд МИАТ компани болон охидыг эх барьж авсан эмч, сувилагч, ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад талархлаа илэрхийллээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.25.94) 2020 оны 08 сарын 13

Шарын шашныг биш мөнх хөх тэнгэрээ шүтээрэй ихэр охидуудаа

0  |  0
Цэцгээ(66.181.161.81) 2020 оны 08 сарын 13

Ёстой их азтай охидууд юмаа,багийн хамт олонд баяр хүргэж,эх үрс бүгдэд эрүүл энх,аз жаргал хүсьe

0  |  0
иргэн(202.9.46.58) 2020 оны 08 сарын 13

ТЭНГЭРИЙН ОХИД

0  |  0
Ganbayar(66.181.161.61) 2020 оны 08 сарын 13

Goy yma bayr hvrgi

0  |  0
Top