Вакцины төлөөх шинэ "ХҮЙТЭН ДАЙН" эхлэв үү!

2020 оны 08 сарын 13

-Путин ОХУ коронавирусний эсрэг вакцин гаргасныг зарлалаа-

ОХУ дэлхийд анх удаагаа коронавирусний эсрэг вакцин гаргаж авснаа зарласан. Тэгвэл энэ талаар “СNN”-д “Оросууд вакцины өрсөлдөөнд ялалт байгуулсан гэж мэдэгдэж байна. Гэхдээ Владимир Путин энэ вакцин аюулгүй гэж танд хэлсэн ч итгэх байсан уу? Дараагийн асуудал. Доналд Трамп Путины аюулгүй гэж хэлсэн вакцинд итгэх байсан болов уу” гэжээ.  “Энэ бол сансрын өрсөлдөөн биш. Бүх дэлхийг хамарсан цар тахал. Путин ялалтаа зарлаж байна гэж үзжээ. АНУ-ын Эрүүл мэндийн нийгэмлэг Трампын вакцин сонгуулийн өдөр бэлэн болно гэж мэдээлсэн. Харин Путин “Спутник V” гэж нэрлэсэн вакцинаа зарлалаа. 1957 онд дэлхийг гайхуулсан хиймэл дагуулынхаа нэрээр нэрлэжээ” гэж цааш өгүүлжээ.

ОХУ “Ковид-19”-ийн халдварын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа орон. Тус улсын коронавирусний эсрэг вакциныг ЭМЯ нь албан ёсоор баталгаажуулсан бөгөөд ДЭМБ Оросын вакцинд гэрчилгээ олгох талаар хэлэлцэж байгаа аж. Гэвч Оросын вакциныг судалгаа дутуу, вакциныхаа талаар эрдэм шинжилгээний судалгааны өгүүллүүд хэвлүүлээгүй, хэт яарсан тул туршилтыг дутуу хийсэн байж магадгүй гэж олон улс үзэж байна. Вакциныг ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Николай Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн хүрээлэнгийн эрдэмтэд боловсруулсан. Ерөнхийлөгч Путины охидын нэг нь өөр дээрээ туршиж, туршилт маш амжилттай болсон талаар Оросын Төрийн тэргүүн мэдэгдсэн юм. Оросын Шадар сайдын орлогч Татьяна Голикова өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдэхдээ “Орос улсад одоогоор боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг 20 гаруй төрлийн вакцины хоёр нь хамгийн ирээдүйтэй” гэж байв.

ОХУ вакцинаа олноор үйлдвэрлэнэ

ОХУ коронавирусний эсрэг вакцинаа ирэх есдүгээр сараас олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Оросоос уг вакциныг нь авахаар Латин Америк, Ойрх Дорнод, Азийн 20 улс захиалга өгчээ. ОХУ жилд 500 сая вакцин үйлдвэрлэх боломжтой гэсэн байна. Хойд хөрш ийнхүү дэлхийд анх удаагаа коронавирусний эсрэг вакциныг бүтээж, хэрэглэхийг зөвшөөрсөн улс болсон юм. Гэхдээ ДЭМБ-аас аль ч улсад бүтээж буй коронавирусний эсрэг вакцин аюулгүй байдлыг дээд зэргээр баталгаажуулсан байх ёстойг анхааруулжээ.

Ил тод байдал

Америкчууд “Оросын вакцинд сонгуулийн үр дүнгээс илүү итгэж болох уу. Доналд Трамп ихэнхдээ нотлох баримтгүй гэж зарладаг сонгуулийн луйвар үнэн хэрэгтээ тохиолддог” гэж бичиж байна. Трамп ирээдүйд Ерөнхийлөгч хэвээр байх болно гэж хошигнох дуртай боловч үүний тулд тэрбээр АНУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай аж. Харин Путинд сонгогчид өнгөрсөн сард Оросын үндсэн хуулийг өөрчлөхөд нь тусалсан гэж “CNN”-д өгүүлжээ. Трамп засгийн эрхэнд байх хугацаандаа Путинд маш их хүндэтгэл үзүүлсэн аж. АНУ-ын Тагнуулын нийгэмлэг Орос өөр юу хийж байгааг мэдэх үү. Өнгөрсөн сард ОХУ Европын орнуудын агентлагийн хамт компьютерийн системийг хакердах замаар коронавирусний вакцины талаарх судалгааг хулгайлсан гэж буруутгагдаж байв.

Вакцины төлөөх өрсөлдөөн

ОХУ коронавирусний эсрэг вакцин гаргаж авснаа зарласан нь та бүхэн үүнд итгэхгүй байж болох ч Трампыг сандаргах ёстой аж. Өнгөрсөн долоо хоногт Трамп өөрийн улсынх нь вакцин сонгуулийн үед гарч магадгүй гэжээ. Тэрбээр “Манай улсад вакцин энэ оны сүүлч гэхэд бий болно. Мэдээж сонгуулийн өдөр гэж бодож байна” гэж өнгөрсөн пүрэв гарагт хэлсэн байна. Трамп ойрын хугацаанд вакцинтай болно гэж найдаж байгаа ч анагаах ухааны шинжээч нар энэ нь боломжгүй зүйл гэжээ. Вакцин судлаач нарын үзэж байгаагаар АНУ яг төлөвлөгөөний дагуу ажиллаад ч хамгийн эртдээ ирэх нэгдүгээр сарын сүүлчээр вакцин гаргаж авах гэнэ.

Үр дүн

ОХУ вакциныхаа туршилтын талаар ямар ч шинжлэх ухааны мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд “CNN” энэ нь вакцины аюулгүй, үр дүнтэй эсэхийг баталгаажуулж чадахгүй байна гэж мэдээлсэн байлаа. Мөн “Нью-Йорк Таймс” сонинд Орос вакциныг хараахан туршиж үзээгүй гэж мэдээлжээ. Гэсэн хэдий ч Оросын албаны хүмүүс “CNN”-д хэлэхдээ дор хаяж 20 улс болон АНУ-ын зарим компани вакциныг сонирхож байгааг тодотгожээ. Вакцины иж бүрэн туршилтыг явуулах нь яагаад ийм чухал вэ. Яагаад гэвэл хэдэн тэрбум хүнд үүнийг хэрэглэнэ. ДЭМБ-ын мэдээлснээр одоогоор 25 вакцин клиник туршилтад хамрагдаж, 100 гаруй вакцин боловсруулагдаж байна. Энэ бол хамгийн аюулгүй, дэлхий даяар олон тэрбум хүнд хүрч, биднийг хэвийн байдалдаа буцаж ороход туслах найдвартай вакциныг гаргаж авахын төлөө юм. Хүмүүс вакцин нь тэдэнд хор хөнөөл учруулахгүй гэдэгт итгэх ёстой. Тэдний сонголт зөв гэдэгт итгэх хэрэгтэй.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин вакцинаа үр дүнтэй хэмээгээд “Вакцинд хамрагдсан хүмүүст “COVID-19”-ийн эсрэг тогтвортой дархлаа бий болж, ноцтой гаж нөлөө үүсгэхгүй” гэжээ. Түүнчлэн Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко вакциныг боловсруулж буй баг нь шинэ бүтээлийн патент авсан тухай мэдэгдээд “Эмнэлзүйн судалгааны үр дүнгээс харахад вакцин өндөр үр дүнтэй, аюулгүй болох нь батлагдсан. Сайн дурын хүмүүс “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаж, тэдний алинд нь ч ноцтой хүндрэл гараагүй” гэсэн байна. Хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлснээр вакциныг хийлгэсэн хүмүүст хөнгөн халуурахаас өөр зовиур илрээгүй гэнэ.Вакцины үйлдвэрлэлийг ойрын хугацаанд эхэлж, эргэлтэд оруулна гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Вакциныг эхлээд эрсдэлт бүлгийнхэн, өөрөөр хэлбэл эмч, багш нарт хийх аж. Гэхдээ ОХУ-д вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх ёстой гэж Путин онцолжээ. Түүнчлэн вакцинаас коронавирусний халдвар авах магадлал байхгүй гэв.

 

Top