ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томиллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Засгийн газрын өнөөдрийн (2020.08.12) хуралдаанаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томиллоо. 

Я.Амаржаргал нь тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргаар ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан юм. 

Тэрбээр Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой. 2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль төгссөн.

Эрүүл мэндийн яаманд 2005 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргын албан тушаалд  шатлан дэвших зарчмаар ажиллаж байв. 

2019 оны аравдугаар сараас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Төрийн албаны зөвлөлөөс зарласан Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад хоёр удаа оролцсон. 



БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.БАТБААТАР
 


Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Дааданхүүгийн Батбаатарыг томилсон. 

Д.Батбаатар 1964 онд төрсөн. Улсад 32 жил ажилласан. 1981 онд Нийслэлийн 48 дугаар сургууль, 1986 онд Монгол Улсын Их Сургууль, 1998 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Захиргааны дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх,
1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч,
1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх,
1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн,
1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш,
2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх,
2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,
2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга,
2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч,
2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал,
2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга
2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч,
2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал,
2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж ирсэн төрийн албаны туршлагатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top